Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ
- 20 цаг 59 мин
- Дэлхий
- 0
Пүрэв гарагт Энэтхэгээс Лондон чиглэлд нисэх гэж байсан онгоц хөөрөөд удалгүй осолдсоны улмаас нэг зорчигчоос бусад нь бүгд амиа алджээ.
Тус онгоцонд хөлгийн багийн гишүүдтэй нийлээд 242 хүн зорчиж явсан аж. Амьд гарсан нэг хүн нь Их Британийн иргэн бөгөөд одоогоор орон нутгийн эмнэлэгт эмчлүүлж байна.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба амьд гарсан зорчигчийн мэдээлснээр онгоц хөөрөөд 30 секунд орчим болсны дараа чанга дэлбэрэлт сонсогдсон гэв.
Онгоц осолдохдоо суурьшлын бүсэд буюу оюутны дотуур байрны дээрээс унасан бөгөөд онгоцны зорчигчдоос гадна тухайн бүсэд байсан хүмүүс мөн амиа алдсан гэсэн мэдээлэл байна.
Ослоос ганцаараа амьд гарсан зорчигч 40 настай Их Британийн иргэн Вишваш Кумар Рамеш нь 11 дүгээр эгнээнд буюу ослын гарцын ойролцоо сууж явжээ.
Тэрбээр "Энэ бүгд маш хурдан болж өнгөрсөн. Намайг сэрэхэд миний эргэн тойронд цогцсууд байсан. Би айсандаа шууд босоод гүйсэн.
Ойр хавьд онгоцны хэлтэрхийнүүд байх нь харагдсан. Тэгээд намайг хэн нэгэн барьж аваад түргэний машинд суулгасан. Би ахтайгаа цуг зорчиж явсан, түүнийг олоход туслаач" хэмээн ярьсан байна.
Онгоцонд 217 насанд хүрсэн хүн, 11 хүүхэд, хоёр нярай зорчиж явжээ. Air India компанийн мэдээлснээр зорчигчдын 169 нь Энэтхэгийн иргэн, 53 нь Их Британи, долоо нь Португал, нэг нь Канадын иргэн байсан гэв.
Тус онгоц нь Air India компанид харьяалагдах Boeing 787-8 Dreamliner онгоц байсан бөгөөд 2011 онд энэ төрлийн онгоц үйлчилгээнд нэвтэрснээс хойш анхны томоохон осол болж байгаа аж.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)