ЕХ: Украинд 90 тэрбум еврогийн зээл олгоно

Европын холбооны удирдагчид Украинд ирэх хоёр жилийн хугацаанд 90 тэрбум еврогийн зээл олгох тохиролцоонд хүрлээ. Энэ шийдвэр нь Украин ирэх хавар ямар ч эдийн засгийн чадамжгүй болох эрсдэлтэй байсан тул гаргасан шийдвэр юм. ЕХ-ны удирдлагуудын хэлснээр, уг зээлийг Украинд шууд дарамт болохгүй байдлаар олгож, эргүүлэн авна.

Анх ЕХ Европт царцаасан 210 тэрбум еврогийн Оросын хөрөнгийг ашиглахыг зорьсон ч, Москвагийн хариу арга хэмжээнээс болгоомжилсон Бельги улс зөвшөөрөөгүй. Улмаар Украинд зээл олгох асуудал хойшлогдож байжээ. Тиймээс ЕХ өөрийн төсөвт тулгуурлан зах зээлээс мөнгө босгохоор шийджээ. Украины удирдлагууд энэ тохиролцоог эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чухал алхам гэж үнэлсэн байна. ЕХ-ны энэ зээл нь Украинд шаардлагатай нийт 137 тэрбум еврогийн санхүүжилтийн хоёрны нэгээс илүүг хангана.

Гэвч бүх улс зээл олгох асуудлыг дэмжээгүй байна. Тухайлбал, Унгар, Словак эсэргүүцсэн бол Чех улс зээлийг баталгаажуулахгүй гэсэн нөхцөлтэйгөөр зөвшөөрчээ. Унгарын ерөнхий сайд Виктор Орбан энэ зээлийг шүүмжилж, “Украин үүнийг хэзээ ч төлж чадахгүй” гэж мэдэгдсэн байна. ОХУ уг шийдвэрийг эрс эсэргүүцэж, ерөнхийлөгч Владимир Путин ЕХ-ныг дээрэмдэх арга ашигласан гэж буруутгажээ. Гэсэн хэдий ч энэхүү тохиролцоо нь АНУ, ОХУ-ын хоорондын яриа хэлэлцээ үргэлжилж буй үетэй давхцаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайныг зогсоох шийдэл ойртож байна гэж мэдэгдээд буй.

Европын удирдагчид уг зээлийг Украинд давуу байр суурь олгож, ирээдүйн энхийн хэлэлцээ зөвхөн Оросын нөхцөлөөр явагдахаас сэргийлнэ гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)