С.Дэмбэрэл: Япон дахь Монголын угсаатны зүйн музейн 30 жилийн ой энэ онд тохиож байна

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Япон Улсын Тоёока хот дахь Япон-Монголын угсаатны зүйн музей байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулж, Монгол-Тоёока “Торгоны зам” найрамдлын нийгэмлэгийн тэргүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

 

-Монгол өв соёл, уламжлалыг харуулсан тасагтай музей арлын Японд байдаг гэж бодоход сайхан сэтгэгдэл төрж байна. Энэ музейг анх ямар хүний санаачилгаар хэрхэн байгуулсан юм бол. Та түүхээс нь манай уншигчидтай хуваалцах уу?

-Япон Улсын Хёого мужийн Тантоо тосгон 1985 оноос хойш Оосака Гадаад судлалын их сургууль (Одоо Оосака их сургуультай нэгдсэн)-ийн Монгол судлалын тэнхмийн профессор Онүки, багш Имаока нарын дэмжлэгтэй Баянхонгор аймгийн Богд сум, “Говь” төсөл, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудтай хэлхээ холбоотой ажиллаж байв. 1994 онд Тантоо тосгоныхон “Хөвч ой-Говь талыг холбох нь” сэдэвт олон улсын симпозиумыг зохион байгуулахдаа монголын талаас  40 гаруй хүнийг урьсан.

 

Энэ үеэр Канацү Масанобү санд хандаж, симпозиумын үеэр монголчуудын ахуй амьдралтай холбоотой цуглуулгаараа үзэсгэлэн гаргаач ээ гэсэн хүсэлт тавьсан юм билээ. Канацү Масанобү 1990-ээд оны эхээр Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд алба хашиж байхдаа монголын угсаатны зүйг сонирхон судлахын зэрэгцээ угсаатны зүйн холбогдолтой ихээхэн материал цуглуулсан байдаг. Өвөрмонголоос бас цөөнгүй тооны материал цуглуулсан гэдэг. Үзэсгэлэнг үзсэн мэргэжлийн хүмүүс өндрөөр үнэлсэн гэсэн.

 

Тухайн үед тосгоны дарга Фүкүда Ёширо (Энэ жил 105 настай) тосгондоо ямар нэг музей юм уу эсвэл ордонтой болох мөрөөдөл тээж явсан юм билээ. Тэгээд Канацү санд хандаж, “Хэрэв та цуглуулгаа манай тосгонд өгвөл бид музей ч юм уу барьж, өргөн олонд үзүүлэх боломжийг бүрдүүлэх болно” гэсэн санал тавьсан байдаг. Канацү Масанобү хувь хүн ийм их материал хадгалж байснаас нийтийн хүртээл болгох нь зөв гэж үзээд, бүх цуглуулгаа Тантоо тосгонд бэлэглэсэн.

 

Фүкүда Ёширо гуай музей байгуулах зөвшөөрөл, барих газар, санхүүжилтийг олох гэх мэт амаргүй давааг давснаар барилгын суурь тавих ажил 1995 оны арванхоёрдугаар сард эхэлсэн түүхтэй. Музейн барилгыг барьж эхэлсэн цаг мөчөөс дуусах хүртэлх хугацаанд Канацү хамт байж, үзмэрийн байршил, дэглэлт гэх мэт чимхлүүр ажилд өглөөнөөс шөнө дөл хүртэл ажилласны үр дүнд өргөн цэлгэр талбайд төгс шийдэл бүхий сайхан музей бэлэн болж, 1996 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орсон. Ийнхүү Фүкүда Ёширогийн хүсэл мөрөөдөл, идэвх зүтгэл, Канацү Масанобүгийн цуглуулга, Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засаг руу шилжих шилжилтийн үйл хэргийг японы ард түмэн идэвхтэй дэмжиж байсан гэх мэт тохироо бүрдсэний үр дүнд энэ музей байгуулагдсан байх гэж би хувьдаа боддог.                                                     

 

-Гучин жилийн хугацаанд чамгүй олон хүн үзэж сонирхсон байх. Жилд дунджаар хэдэн хүн музейгээр зочилдог юм бол?

-Тантоо бол ой модоор хучигдсан уулсын хөндий, сугаар оршдог, хүн ам сийрэг тосгон. Тосгоны цаашдын хөгжил цэцэглэлтийг харгалзан, бусад дөрвөн тосгоны хамт 2005 онд Тоёока хоттой нэгдсэн. Тэр цагаас хойш музейг хотын төсвөөс санхүүжүүлж байна. 2023 оны жилийн эцсийн байдлаар, 56,705 хүн үзэж сонирхсон байна билээ. Үзэгчдийн тоо цар тахлын үеэр буурч, одоо өсөх хандлагатай болсон. 

 

 

-Үзэгчдийн сонирхдог гол үзмэр үзмэр юу вэ?

-Музейн үзмэрийн 20 хувь орчим нь эртний японы ахуй амьдралыг харуулсан. Бусад үзмэр нь монголын түүх, соёл, ахуй амьдрал, буддын шашны хөгжлийг харуулсан. Тэнд монгол дээл өмсөж, шагайгаар тоглож болно. Бас жилд 2-3 сарын хугацаанд гаргадаг төлөвлөгөөт үзмэрүүд бий. Жишээлбэл, “Орчин үед уламжлагдаж ирсэн монголын гар урлал”, зураач Д.Уртнасангийн уран бүтээлийн үзэсгэлэн, хайчилбарч С.Тэрбурамын уран бүтээлийн үзэсгэлэнг нэрлэж болно. 2025 оны арваннэгдүгээр сард Морин хуурын цуглуулгын үзмэрийг дэлгэсэн. "Музей доторх гэрт суугаад монголын тухай яриа өрнүүлэх нь илүү сонирхолтой байсан" гэсэн сэтгэгдэл бичсэн үзэгч олон гэж сонссон.

 

 

 

-Монголоор аялах гэсэн япончууд өмнө нь энэ музейг ирж үздэг гэсэн яриа сонсож байсан юм байна?

-Аяллаар явах гэж байгаа хүмүүс тус музейд зочилж, монголын тухай асууж сонирхдог гэсэн. Уг музей бол үзвэрийн газар төдийгүй Монголын түүх соёл, ахуй амьдрал, зан заншлыг танилцуулдаг нэг ёсны соёлын төв гэж нэрлэж болно. Одоо энэ музейд  Монголын түүх судлалаар докторантур төгссөн, монгол судлаач Тоёо Мизүтани өнгөрсөн оноос ажиллаж байгаа нь бидний тухай бодит мэдээллийг үзэгчдэд өгөх боломж нэмэгдсэн. 

 

 

 

-Тэр хавиар аялж яваа монголчууд ч гэсэн нэг ороод гарахад илүүдэхгүй л аяллын цэг байна. Монгол талаас дэмжлэг туслалцаа хэртэй вэ?

-Өнөөдөр Японд 20 мянга орчим монгол хүн оршин суудаг гэсэн мэдээ бий. Бидний ярьж байгаа музей бол Кансэи бүс нутагт байршдаг. Жаахан алслагдмал газар байрладаг болохоор унааны зардлаас өгсүүлээд очиход амаргүй ч монголын тухай Япон дахь цорын ганц мэргэжлийн музей учраас монголчууд өөрсдөө нэг удаа ч болов зорьж очоод үзээсэй гэж бодогддог л юм.

 

-Сүүлийн жилүүдэд сурагч солилцоог өргөжүүлж байгаа гэж сонссон?

-Музей байгуулагдсан цагаас хойш монголын талаас урт богино хугацаагаар үйлдвэрлэлийн дадлага хийх, дунд сургуульд хүүхэд суралцуулж байснаас гадна гол төлөв хүүхдүүдээс бүрдсэн 12 удаагийн багийг тус хотод хүлээж авсан. Японы талаас мөн тооны элч төлөөлөгч манай улсад айлчилж, дунд сургууль, малчдын амьдралтай танилцсан. Цар тахал олон улсад тархах үеэс энэ солилцоо зогссон гэж хэлж болно.

 

Тоёока хотод өнгөрсөн жил Тоёока-Монголын найрамдлын нийгэмлэгийг байгуулж, тус нийгэмлэгийн тэргүүнээр миний дээр нэр дурдсан тосгоны дарга асан Фүкүда Ёширогийн хүү, Тоёока хотын Иргэдийн хурлын гишүүнээр 20 жил тасралтгүй сонгогдсон Фүкүда Цүгүхиса ажиллаж байна. Өнгөрсөн онд Тоёока хотын даргаар сонгогдсон Кадома Такэши хотоос музейн үйл ажиллагаа болон сурагч солилцоо гэх мэт хамтын ажиллагааг дэмжих болно гэж амласан. Ойрын хугацаанд дунд сургуулийн сурагчдыг илгээх солилцоо үргэлжлэн хэрэгжинэ гэдэгт найдаж байна.

 

-Энэ ташрамд дайх Таны үг юу вэ?

-Тус музейн тухай Соёлын яаманд мэдээлэл бага байдаг болов уу гэж бодоод 2023 онд Тоёока хотын тухай танилцуулга, Монгол-Тантоо (Тоёока) хотын харилцааны тухай хроник, Япон, Монголын угсаатны зүйн музейн тухай таницуулгыг бичиж, тус яамны Бодлого зохицуулалтын газар, Гадаад харилцааны хэлтсийн дарга нарт гардуулан, музейн тухай өөрийн мэддэг хэмжээнд тайлбарласан. Түүнээс хойш би нэг, хоёр удаа холбогдохыг хичээсэн ч таг чиг болсон.

 

Энэ сайхан музей цаашдаа хэр удаан оршин тогтнохыг хэлж мэдэхгүй. Гэхдээ Монголын талын холбогдох байгууллагаас Тоёока хоттой холбоо тогтоож, ийм музей ажиллуулж байгаад талархал илэрхийлэх, нэгэнт тогтсон хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тул музейгээр зориуд зочлох, өндөр зардал гаргахгүйгээр Монголын сүүлийн жилүүдийн хөгжил цэцэглэлтийн тухай гэрэл зургийн цомог, баримтат кино, контент илгээх гэх мэтээр сэтгэлийн дэм үзүүлэхэд санаа тавьж болмоор санагддаг. 

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

 

 

 

 

 

Гэрэл зургийг Япон-Монголын угсаатны зүйн музейн цахим хуудсаас ашиглав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)