Дархан аварга А.Сүхбат бөхийн өргөөнд 56 дахь удаагаа түрүүллээ
- 2 цаг 45 мин
- Спорт
- 0

Сар шинийн баярт зориулсан өсвөрийн болон ахмадын бөхийн барилдаан 2026 оны хоёрдугаар сарын 9-нд Монгол Бөхийн Өргөөнд болсон. Тус барилдааны ахмадын барилдаанд дархан аварга А.Сүхбат, улсын начин Л.Цэвээн, Д.Цогзолдорж нарын тэргүүтэй улс, аймгийн цолтой, 50-аас дээш насны 21 бөх зодоглосон юм. Барилдааны дүнгээр дархан аварга А.Сүхбат аймгийн арслан Ч.Эрдэнэчулууныг зургаа даван түрүүлсэн бол их шөвөгт аймгийн начин Б.Пүрэвсүрэн үлдлээ.
Тус барилдаанд түрүүлсэн дархан аварга А.Сүхбат сэтгэгдлээ хуваалцахдаа, “Монгол Бөхийн Өргөөнд барилдах шийдвэрийг өчигдөр л гаргасан. Хүү минь өсвөрийн барилдаанд зодоглохоор болж, тэр үеэр ахмадын барилдаан болох гэж байгааг мэдсэн юм. Ойрд барилдаагүй ч үеийн, хамт барилдаж явсан бөхчүүдтэйгээ барилдаж, хөлсөө гаргах бодолтойгоор бүртгүүлсэн. Идэр залуу нас минь дурсамж болон үлдсэн энэ Бөхийн Өргөөнд дахин барилдсандаа баяртай байна. Намайг дэмждэг хүмүүс ирж баяр хүргэсэнд чин сэтгэлээсээ талархаж байна.
Өдгөө Монгол Бөхийн Өргөөнд болсон барилдаануудаас 55 удаа түрүүлсэн амжилтыг үзүүлсэн. Өнөөдөр тэр амжилтаа нэгээр нэмсэндээ баяртай байна.
Удахгүй болох сар шинийн баяраар монгол түмэн минь элбэг дэлбэг, сайхан шинэлээрэй. Сайхан амьдрахын ерөөлийг өргөе” хэмээн хэллээ.
Сонирхуулахад, тус барилдаанд зодоглосон хамгийн ахмад бөх нь Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Л.Цэвээн байсан бөгөөд тэрбээр ирэх аравдугаар сард 70 нас хүрэх юм. Мөн өсвөрийн бөхийн барилдаан насны ангиллаар явагдаж, 15–16 насны ангилалд Увс аймгийн Тэс сумын харьяат А.Баяржавхлан түрүүлсэн бол 13–14 насны ангилалд Г.Түвшинтогтох, 11–12 насны ангилалд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Х.Мөнхбаатар нар тус тус түрүүлж, уран барилдаанаараа үзэгч олны анхаарлыг татав.

Сэтгэгдэл (0)