Монгол бичгийн зөв бичих дүрмийг бүх нийтээр дагаж мөрдөхөөр баталлаа
- 1 цаг 20 мин
- Улс төр
- 0

Монгол хэлний тухай хуулийн 8.1, 8.2, 8.3 дахь хэсэг болон 22 дугаар зүйлд заасны дагуу Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Үндэсний бичгийн зөв бичих дүрмийн ажлын хэсгийг байгуулан “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг боловсруулах ажлыг эхлүүлжээ.
Ажлын хэсэгт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэн, Хүмүүн бичиг сонин зэрэг байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд хэд хэдэн удаа хуралдаж, хэлэлцүүлэг хийсэн байна.
2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Монгол бичгийн зөв бичих дүрэм” сэдэвт бүх нийтийн өргөтгөсөн хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл, МУИС, МУБИС, Олон улсын Монгол Судлалын Холбоо, СУИС, Боловсролын хүрээлэн, МОНЦАМЭ агентлаг болон ЕБС-ийн монгол хэлний багш нарын оролцоотойгоор 60 гаруй эрдэмтэн, судлаач, багш нар “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийн төслийг хэлэлцэн санал солилцсон юм.
Өргөтгөсөн хэлэлцүүлгийн үр дүнг төсөлд тусгаж, МУИС, МУБИС-ийн холбогдох тэнхим, хүрээлэн болон Хүмүүн бичиг сонин зэрэг таван байгууллагад дахин санал авч төсөлдөө тусгасан байна.
Гадаад үг, олон хувилбарт үг, оноосон нэр, зарим дагавар, нөхцөлийг хэрхэн бичих зэрэг маргаантай асуудлыг мэргэжлийн судлаачдад танилцуулж, тэдний саналыг тусган боловсруулсан “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2026 оны 1 дүгээр сарын 9-ний хурлаар танилцуулж, 2 дугаар сарын 11-ний ээлжит бус хурлаар бүх нийтээр дагаж мөрдөх дүрэм болгон баталжээ.

Сэтгэгдэл (0)