Монгол өв соёлын хэлхээнд нэгнээ нэгтгэдэг баяр бол Цагаан сар
- 1 цаг 33 мин
- Дэлхий
- 0

Намайг Консолата гэдэг.
Би Зүүн Африкийн Кени улсаас ирсэн. Монголд анх 2023 оны аравдугаар сард хөл тавьж байлаа. Энэ жил би гурав дахь Цагаан сараа тэмдэглэх гэж байна. Цагаан сарын баярыг анх удаа Чингэлтэй дүүргийн нэг айлд тэмдэглэсэн юм. Тэр айл бидэнд өгөөмөр сэтгэлээр хандаж, гэртээ урьсан. Гэр бүлийн бүх гишүүн надад чин сэтгэлээсээ хандаж байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа.
Залуус "Амар байна уу" хэмээн ахмад настны тохойн доороос түшиж золгохыг харах надад бусдыг гүнээ хүндэтгэсэн үйлдэл мэт санагдаж байв. Золголт дууссаны дараа бид ширээний ард сууцгаасан. Ширээн дээр хэвийн боов тэргүүтэй тусгай зоог бэлдсэн байсан. Хүн бүрд эхлээд өтгөн, давстай, сүүтэй цай барьсан ч би ууж чадаагүй. Буузыг бол хангалттай идсэн. Одоо бол монгол хоолноос хорхог, буузанд маш их дуртай.
Монгол түмний Цагаан сар бол бялхсан сэтгэлийн баяр юм. Айлын улс ширээн дээр өрсөн бүх идээ ундаанаас "Ид, уу" хэмээн дайлж байсан нь монгол хүний зочломтгой занг илтгэж байлаа. Тэр их идээ ундааг олон хоногийн өмнөөс бэлддэгийг тухайн үед би олж мэдсэн. Тиймээс л тийм тансаг "найр" болдог юм билээ л дээ.
Дараагийн хэдэн өдөр мөн ялгаагүй хамаг анхаарал найз нөхөд, хөршүүд болон ойр дотны хүмүүсийнхээ гэрээр зочлоход чиглэсэн. Ирэх жилдээ аз хийморьтой байхыг бие биедээ ерөөж, ирсэн гийчин бүрд бэлэг өгч байв. Бүхэл бүтэн нийгмээрээ ер бусын тааламжтай хөдөлгөөнд орсон юм шиг санагдаж байж билээ.
Цагаан сараар айлд зочилно гэдэг бол зүгээр нэг хоолонд уригдахаас тэс өөр зүйл юм. Цагаан сар бол нүүдэлчдийн өв соёлын бат бөх хэлхээнд монголчуудыг нэгтгэж байдаг хэзээ ч үл тасрах үндэсний үнэт өв болохыг тэр үед би гүн гүнзгий ойлгосон юм.
Гэрэл зургийг Б.Чадраабал

Сэтгэгдэл (0)