Г.Занданшатар: Эдийн засгийн хоёр сайн мэдээ байна

 

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг өсөлттэй гарсан талаар өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдээллээ. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос 2025 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэгтгэж дууслаа. Санхүү эдийн засгийн бүх тоо баримтууд эцэслэгдэн гарч байна гэсэн үг. Надад эдийн засгийн бодит байдлын талаар хоёр сайн мэдээ байна. Нэгдүгээрт, оны эцсийн гүйцэтгэлээр эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарсан байна. Үүний 40 хувь буюу 2.9 хувь нь хөдөө аж ахуйн өсөлт эзэлж байна. Уул уурхайн салбарын өсөлт дунд Оюутолгойн өсөлт 1.1 хувийг эзэлж байна. Энэ хоёр нь эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болж байна. Хоёр дахь хамгийн сайн мэдээ бол Монгол Улсын эдийн засгийн бодит тоо, биет гүйцэтгэл бүх салбарт өссөн байна. Жишээлбэл, аялал жуулчлалын салбарын орлого оны эцсийн гүйцэтгэлээр 700 сая ам.долларт хүрлээ. Гадаад жуулчдын тоо 847.2 мянгад хүрч, ОХУ-аас хамгийн олон жуулчин ирсэн бөгөөд өнгөрсөн оныхоос 25 хувийн өсөлттэй гарсан” гэв.

Мөн тэрбээр “ДНБ өсч, экспорт нэмэгдэж, гадаад валютын нөөц тэлж, төсвийн сахилга бат сайжирсан нь тогтвортой бодлогын бодит үр дүн байв. Инфляц тогтворжиж, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, хувийн хэвшлийн идэвх нэмэгдсэн нь эдийн засгийн суурь бат бөх байгааг харууллаа.

Морин жил бидэнд хурд, тэсвэр, урагшлах эрчийг бэлгэдэж байна. Өсөлтийг зөвхөн тоон дээр бус, айл өрхийн орлого, ажлын байр, бүсийн хөгжлөөр илэрдэг байлгах нь Засгийн газрын зорилт. Экспортын төрөлжилт, дотоодын үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, тогтвортой өсөлтийг хадгална. Эдийн засаг өссөн. Гал морин жил галтай, цогтой, ухаалаг, илүү тогтвортой, илүү хүртээмжтэй өсөх болно” гэдгийг онцоллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)