ТББХ: 16 аймгийн 43 сумын 73 хэсэгт нөхөн сонгууль явуулна
- 1 цаг 22 мин
- Улс төр
- 0

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.04.01/-ийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх мэдээллийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж санал хэллээ.
СЕХ хуульд заасны дагуу орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сард улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулдаг. Тус хороо 2026.06.21-ний өдөр нөхөн сонгууль явуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг танилцууллаа. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн нөхөн сонгуулийн тухай хуулийн дагуу 2026.03.16-ны өдрөөс өмнө товлон зарладаг. Хуульд заасан хугацаанд 16 аймгийн 43 сумын нийт 73 хэсэгт нөхөн сонгууль явуулахаар товлон зарласан тогтоолыг СЕХ-нд ирүүлсэн байна.
Нөхөн сонгууль зохион байгуулах шалтгаан нь нас барсан 14, хүндэтгэн үзэх шалтгаанаар төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 2, гэмт хэрэг үйлдэж, шүүхээр тогтоосон 6, тухайн орон нутгаас шилжсэн 2, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон 6, төлөөлөгчөөр сонгосонд тооцсон шийдвэр нь хүчингүй болсон 3, өөр шатны ИТХ-ын төлөөлөгч 15 гэсэн шалтгаанаар төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон байна.
Нөхөн сонгууль явуулахад шаардагдах 4.9 тэрбум төгрөгийн төсвийн саналыг хүргүүлэхэд 55.4 хувиар бууруулан 2.1 тэрбум төгрөгөөр нөхөн сонгуулийн төсвийг батласан байна. Иймд сонгуулийн зардал дутаж байгааг мөн мэдээлэлд дурдлаа.
Байнгын хорооны гишүүд СЕХ-ны мэдээлэлтэй холбогдуулж ТББХ-ны тогтоолоор Засгийн газарт Орон нутгийн сонгууль зохион байгуулах чиглэл өгч, хуулийн зөрчлийг арилган, яаралтай горимоор хэлэлцэх саналтай байгаагаа хэллээ. Мөн СЕХ-ны тоног төхөөрөмжийг шинэчлэх төсвийг төсвийн тодотгол хийхээр бол зайлшгүй шийдвэрлэх шаардлагатайг онцлов.
Эх сурвалж: МАН-ын бүлэг

Сэтгэгдэл (0)