Н.Нанзаддорж: Ганжуурын эш лүн бол хүн төрөлхтний оюун санааны өвийг хадгалах, сэргээх, ирээдүй хойч үедээ дамжуулах соён гэгээрлийн ховор нандин түүхэн үйл явдал

Монголын Бурханы шашинтны Төв Гандантэгчэнлин хийд 2023 оноос эхлэн энэхүү 108 ботийг багшийн амнаас нэг үг ч орхихгүйгээр уншиж, ард олонд эш лүн хүртээх үйлсийг эхлүүлсэн.

 

Эш лүн гэдэг нь сургаалыг бурхан багшийн амнаас шууд сонсож буй мэт шүтэн барилдлагын холбоо үүсгэж, оюуны үр суулгах тарнийн гүн утгатай үйл ажиллагаа юм. Энэ арга хэмжээ энэ жил дөрөв дэх жилдээ эхэлж байна. Эхний жил 45 хоногийн хугацаанд 20 боть эш лүнг хүртээсэн бол хоёр дахь жил 29 боть ном уншигдсан.

 

Өнгөрсөн гурав дахь жил 30 боть номыг уншсан. Энэ жил буюу дөрөв дэх жилдээ нийт 100 ботийг багшийн амнаас бүтнээр нь сонсож дуусгах гайхамшигт боломжийг нээж өгч байна. Ганжуурын эш лүнгийн айлдвар өнөөдөр /2026.04.03/ эхэлж байгаатай холбогдуулан Гандантэгчэнлин хийдийн хансүр гавж Н.Нанзаддорж ламтантай хийсэн ярилцлагыг дахин толилуулж байна.

 

-“Ганжуурын их эрдэнийн эш лүн” хэмээх ойлголт, утга агуулгыг бүрэн дүүрнээр нь хүмүүст хүргэх нь их тустай юм байна. Та манай уншигчдад дэлгэрэнгүй, ойлгомжтой, энгийнээр тайлбарлаж өгөөч?

 

-Бурхан багш Шагжамуни 36 насандаа төгс гэгээрэлд хүрч, 45 жилийн турш амьтай бүхэн зовлонгоос ангижирч, гэгээрэлд хүрэх зам мөрийг номложээ. Түүний энэ гайхамшигт сургаал, зарлиг нь 84.000 номын цогц хэмээн алдаршсан бөгөөд нэг цогц номд хамгийн багадаа 6000 шүлэг багтдаг хэмээн уламжлагдан ирсэн. Ийнхүү тооцоолбол, 504 сая шүлэг сургаал нь хүн төрөлхтөнд үлдээсэн оюуны асар их өв болж байгаа юм. Гэвч цаг хугацааны эрхэнд, түүхэн үйл явдлуудын улмаас энэхүү агуу сургаалын дийлэнх нь гээгдэж, орхигдсон байдаг. Өнөө цагт Монголын ард түмний гар дээр 108 боть Ганжуур хэмээх Бурхан багшийн эх сургаалын эмхэтгэл үлдсэн нь маш том хувь тавилан, соён гэгээрлийн чухал нөөц билээ.

 

-Бурхан багшийн сургаалын эш лүнг хүртсэнээр хувь хүн, улс орон, монголчууд бидэнд ямар тустай вэ гэж олон хүн бодож байгаа байх.

 

-Бурхан багш бол төгс гэгээрсэн бодгаль. Муу сэтгэл өчүүхэн ч байхгүй, Бурхны номын онолд дурдсанаар “гэм бүгдийг арилгаж, эрдэм бүгдийг төгсгөсөн” төгс бодгаль юм. Тиймээс тэр төгс бодгалийн үлдээсэн сургаал маш хүчтэй хэмээдэг.

 

Жишээлбэл, энгийн хүн бидний үг ч хүчтэй байдаг. Намайг хүмүүс муугаар хэлбэл маш хүнд тусч, эсвэл намайг магтаад байвал маш их баярладаг. Энэ мэт энгийн хүний хэлсэн үг хүчтэй нөлөөлж байхад, гэгээрсэн Буддагийн үг асар их хүчтэй.

 

Энэ хүчтэй зарлигийн эш лүнг хүртсэнээр үгийнх нь адис жанлав, хүчийг нь бүрэн хүлээж авдаг гэж үздэг. Эш лүнг бид бүрэн бүтэн сонсох нь тун тустай. Монголчууд бид 1000 жилийн турш бурхан шашинтай явж ирсэн учраас манай Монгол орныг цагаан зүгийн номыг тэтгэгч лус савдгуудтай гэж үздэг. Тиймээс лус савдгууд нь баярлаж, байгалийн гарц сайхан болж, хур бороо элбэгшдэг. Түүнийгээ дагаад хүний сэтгэл ч сайхан болдог.

 

“90-ээд жил тасарсан уламжлал сэргэж байна”

 

-Эш лүнгийн тухайд хэлмэгдүүлэлтийн үеэс тасарсан гэж дуулдсан. Түүнээс өмнөх хугацаанд ном ёсоор нь түгээдэг байсан уу?

 

-Эш лүн гэдэг маань 1937 оноос өмнө бүрэн байсан. Манай өвөг дээдэс Ганжуурын эш лүнгийн дамжлагыг бүрэн гүйцэд эрхшээж, шавь нартаа уламжлуулан дамжуулдаг байсан. Харин 1937 оноос хойш 86 жилийн турш тасраад байжээ. Тэгвэл эш лүнгийн дамжлагатай багшийгаа Энэтхэгээс залж ирснээр, энэ тасарсан уламжлалыг дахин сэргээж байгаа нь энэхүү үйл ажиллагааны хамгийн чухал ач холбогдол юм. Ингэснээр Монголын Бурхан шашин номын жаяг, уламжлалаараа дэлгэрэх сайхан боломж нээгдэж байна.

 

-Яагаад Бурхан багшийн сургаалыг анх цаасан дээр буулгалгүй, цээжээр дамжуулсан юм бол?

 

-Энэ талаар хэд хэдэн учир шалтгаан бий. Нэн түрүүнд тухайн цаг үед цаас, бичгийн хэрэглээ тийм ч өргөн дэлгэр байгаагүй тул сургаалыг үсгээр буулгах боломжгүй байсан. Тиймээс гэгээрсэн архдууд багшийнхаа айлдсан номыг өөрийн сэтгэлийн гүнээс, цээжилсэн байдлаар үг үсгийн алдаа мадаггүйгээр дуугарч, бусдад дамжуулдаг байв. Ингэж цээжээр дамжуулан эх сурвалжийг алдагдуулахгүй хадгалж, бусдад түгээдэг арга нь хожим “Ганжуурын эш лүн” хэмээх ойлголтын үндэс суурь болсон юм. Энэхүү уламжлал нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурханы шашинд гүн баттай зан үйл болон тогтсон. Өөрөөр хэлбэл, Бурхан багшийн сургаалыг үг үсгээр нь шавь нартаа амнаас ам дамжуулан айлдаж, “эш лүн” хүртээх нь номын хүч, адис жанлавыг бүрэн бүтэн хэлбэрээр дамжуулах хамгийн чухал хэлбэр болсон юм. Түүхэнд

 

Бурхан багшийн сургаалыг гурван удаа эмхэтгэн цэгцэлсэн гэж үздэг. Эхний эмхэтгэл нь Бурхан багш нирваанд орсон тэр жил анхны 500 архдын хуралдаанаар хийгдсэн. Хоёр дахь удаа, нирваанаас хойш 110 орчим жилийн дараа дахин эмхэтгэх үед ч мөн адил цээжээр л уншиж, баталгаажуулсан гэж тэмдэглэгдсэн байдаг.

 

Харин гурав дахь удаа буюу нирваанаас хойш 300 жилийн дараа л анх бичгийн хэлбэрт буулгаж, боть ном болгон эмхэтгэжээ. Ийнхүү эш лүн дамжуулах явц нь Бурханы шашны гүн утгатай, ер бусын номын дамжлага, авшиг, адис жанлавыг оршоох, зөвхөн энэ шашинд онцгой байдаг зан үйл болон бүрэлдсэн. Тиймээс эш лүн нь заавал тасралтгүй дамжлагатай байх учиртай. Хэрэв дамжлага нь тасарвал эш лүнг цааш унших, дамжуулах боломжгүй болдог. Иймээс сүүлийн 90 орчим жил тасраад байсан энэхүү эш лүнгийн дамжлагыг сэргээж, багшаас шавьд дамжуулж буй энэхүү номын үйл нь Монголын Бурхан шашны уламжлал, соёл, номын хүчийг дахин сэргээн дэлгэрүүлэх чухал ажил болж байна. Хубилай хааны үеэс бурхны сургаалыг төвд хэлнээс орчуулж эхэлсэн түүхтэй.

 

“Ганжуур судрын түүх”

 

-Бидний үед бурхан багшийн сургаал 108 боть ганжуур гэж уламжлагдаж ирсэн. Хэзээ анх Төвөдөд хэвлэгдсэн бэ. Мөн Монгол хэлнээ хэзээ хэвлэгдсэн бол?

 

-Энэ бол монголчууд бидний зайлшгүй мэдэх ёстой түүх. Юань гүрний үед Хубилай хаан түүний дараагийн Өлзийт хаан, Хайсанхүлэг хааны үед монголчууд төвд хэлнээс бурхны сургаалыг монгол хэлнээ орчуулж эхэлсэн. Ялангуяа Монголын түүхэнд тэмдэглэснээр Аюурбарбад буянт хааны үед Чойжи-Одсэр гэж орчуулагч 1308 онд Банзрагч буюу “Таван сахъяа” гэдэг судрыг монгол хэлнээ орчуулсан гэсэн мэдээлэл байдаг. 1310 онд “Бодисадын явдалд орохуй“ хэмээх шастирыг монгол хэлнээ орчуулсан юм. Тийм болохоор Юань гүрний үед бурхны зарлиг сургаалыг төвд хэлнээс монгол хэлнээ орчуулж эхэлсэн гэж үзэж болно. Гэхдээ 108 боть болгож бүтэн орчуулж дуусаагүй. Энэ нь тухайн үед цаг үеийн байдалтай холбоотой олон саад бэрхшээлээс үүдэлтэй. Ингээд 1500 оныг хүртэл 200 гаруй жилийн турш монголчууд орчуулсаар л байсан. Монголын Лигдэн хутагт хааны үед буюу 1628-1634 оны үед Гунгаа-Одсэр тэргүүтэй орчуулагч нар 108 боть Ганжуурыг төвд хэлнээс монгол хэлнээ бүтэн орчуулсан байдаг. Монгол Ганжуур хэвлэгдэн гарсан түүх нь энэ.

 

-Өндөр гэгээний үед Ганжуурыг алт, мөнгөөр урласан байх аа?

 

-Өндөр гэгээн Занабазарын үед төвд ганжуурыг алт, мөнгө, улаан шунхан бэхээр 3-4 удаа бүтэн бичиж бүтээсэн түүх бий. Монголд хамгийн анх 108 боть төвд ганжуурыг бүтэн хэвлэхдээ VIII богдын зарлигаар, улсын эх дагина Дондогдулам хатан удирдаж, 1908 онд барыг нь сийлж эхлээд 1910 он гэхэд хүрээ барын Ганжуур гэж бүтэн хэвлэсэн түүхтэй.

 

Бид төвд ганжуурыг их хүрээндээ 1910 онд гэхэд бүтэн хэвлэж байсан гэсэн үг. Төвдөд хэвлэсэн түүх мөн монголчуудтай холбоотой. Юань улсын үед “улсын багш”-ийг Төвөдөөс залдаг уламжлалтай байсан.

 

Ингээд Юань улсын дөрөвдүгээр хаан Аюурбарбад буянт хааны үед улсын багшаар төвөдийн Нартан хийдийн бандида Чимжамбиян гэх их эрдэмтэй ламыг өргөмжилж Дайду хотод залж ирсэн байна. Чимжамбиян лам Юань улсын төрийн багш байх үедээ Төвд рүү бэх, цаас тэргүүтэй бурхны сургаал Ганжуурыг бичих өргөлийг ихээр явуулсан гэдэг. Төвөдүүд 1300-аад оны дунд үед монголчуудын тусламжтайгаар тухайн үед төвөдөд олон газар хадгалж байсан бурхан багшийн сургаалын орчуулгуудыг эмхэтгэж анх 101 боть Ганжуур болгож эхэлж гараар бичсэн. Төвд Ганжуурыг Мин улсын Юнлө хааны наймдугаар онд буюу 1410 онд Хятадад хааны ордонд анх хэвлэсэн юм. Үүний дараа төвөдүүд анх Ганжуурыг модон бараар хэвлэсэн. 1608 онд модон бараа сийлж эхлээд 1621 онд анх хэвлэж эхэлсэн байдаг. Ганжуурын Монгол, Төвөдөд уламжилж ирсэн түүх товчхондоо ийм байна.

 

“Түгээмэлийн эзэн, Ганжуурва Догдан Ринбүүчи багш”

 

сонин mn

-Ганжуур лүн хайрлаж буй Ринбүүчи багшийн талаар товч танилцуулж өгнө үү?

 

-Багш маань Догдан ринбүүчи хувилгаан лам. Нас сүүдэр 80 нэлээд гарсан өндөр настай хүн. Ганжуурын лүнг Энэтхэг, Төвөдөд дөрвөн удаа тавьсан. Тав дахь удаагаа манай Монголд тавьж байгаа юм. Монголын Бурхан шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд уншиж байна. Хоёрдугаар Бурхан Богд Зонховын гэгээний шавь, бодисадва Шэйравсамбуугийн хувилгаан хэмээн алдаршсан Брагяв Жамъянлодой хэмээх егүзэрва түүний хоёрдугаар дүрийн хувилгаан юм.

 

Хувилгаан дүрийг анх тодруулсан багш нь Энэтхэгийн их шидтэн Диловын хувилгаан хэмээх алдаршсан, бодь сэтгэлийн эрхийг олсон тул гөрөөс, адгуус, араатан аль нь ч айж халиралгүйгээр ламын дэргэд дахин дахин эргэцэн одохыг шавь нар нь харсан хэмээдэг.

 

Багш маань эхээс мэндлэх үед гэрийн ойр газарт маанийн үсэг өөрөө гарсан, төрсний дараа биеийн гадуур цагаан гэрэл хүрээлэн орших тэргүүтэн сонин гайхамшигтай зүйл олон болж байжээ. 1959 онд Дээрхийн гэгээнтэн тэргүүтэн Энэтхэг рүү цагаачлах үед даган гарч Багса хэмээх газарт 10 жил сууж, түүний дараа үеэс Өмнөд Энэтхэгт их дацангууд суурьших үед цаг агаарын халуун хүйтэн тэргүүтэй олон бэрхшээлийг туулан гүн ухааны таван ботийг судлан, лхаарамбын шалгалтыг долоон жил өгч 1981 онд лхаарамбын дамжаа барьжээ. Лхаарамба болсон жилийнхээ өвлийн сараас эхлэн хэдэн жилийн хугацаанд Дээрхийн гэгээн Далай багшийн зарлиг айлдвар, сүсэгтэн олны хүсэлтээр Хималайн язгуурын нутаг Биди, Ладак тэргүүтэнд Ганжуур, Данжуурын лүн, Богд лам, Жэ явсрай сүмийн лүн, Багшийг тахихын хөтөлбөр, Бодисадвагийн явдалд орохуйн хөтөлбөр, насны авшиг тэргүүтнийг удаа дараалан айлджээ. Шавь нар дотроос өдөр бүр маань мэгзэм, ловонгийн тарни, базарсад унших, амьтны амь таслахыг тэвчих, архи тамхи татахыг цээрлэхээр ам өгсөн хүмүүс маш их гарчээ.

 

Мөн Дээрхийн гэгээн Далай багшийн лагшин насны тухайд хонь малын амь аврах, сэтэрлэх тэргүүтнийг хэмжээлшгүй үйлдэж Далай багшид энэ тухай аврал айлтгаж байсанд Дээрхийн гэгээнтэн Далай багшийн таалал машид баясан магтан сайшааж байжээ.

 

Эдүгээг хүртэл Далай багшийн зарлиг удирдлагын дагуу нийт лам хуврагуудын сургалтыг улам арвижуулах, нийт олонд сургаал зарлигаа айлдах, зөв зам мөрийг заан сургаж байна. Догдан ринбүүчи нь гүн ухааны Лосалин хийдийн хамба, тарнийн Жүд дацангийн хамба ламын албыг тус тус хашсан эрдэм номын оргил болсон хувилгаан ламтан юм.

 

“Хүн өдөрт 60-аад мянга бодол боддогийн 80 хувь нь сөрөг, түүний 95 хувь нь улиг болсон бодлын давтамж байна гэсэн судалгаа байдаг”

 

-Ганжуурын эш лүнгийн айлдварт суух үед хувь хүн болон нийт олны хувьд ямар эрдэм тустай болох вэ?

 

-Чухал асуулт байна. Ганжуурын эш лүнгийн айлдварт суух нь бурхан шашинт хүний хувьд туйлын чухал, ховор хувь заяа юм. Учир нь эш лүн гэдэг бол төгс гэгээрсэн Бурхан багшийн айлдсан зарлиг сургаалын үгийн хүч, нөлөөг хүлээн авах онцгой боломж билээ. Хувь хүний түвшинд эш лүнг хүртэнэ гэдэг нь эгэл хүний сэтгэлийг гэгээрүүлж, ариусгах, төгөлдөржүүлэх нөлөөтэй үгийн шидийг өөртөө шингээж буй хэрэг юм.

 

Бурханы зарлиг сургаал бол дотоод мөн чанартаа төгс гэгээрэлд хүрсэн хүний үг учраас ердийн үгнээс эрс ялгаатай, хүч чадал, нөлөө нь үлэмж билээ. Хүний хэлсэн үг зөвхөн сонссон хүний сэтгэлд нөлөөлөөд зогсохгүй, амьгүй биетэд ч хүртэл өөрчлөлт авчирдаг нь орчин үеийн шинжлэх ухаанаар ч нотлогдож байна.

 

Японы эрдэмтэн Масару Эмото усан дээр хийсэн туршилтаараа үүнийг баталсан. Сайхан үг, ерөөл, бурхан багшийн сургаалыг сонсгосон усны молекулын бүтэц үзэсгэлэнтэй талстлаг, уухад тааламжтай болсон бол муу үг, хараал хэлсэн усны бүтэц эвдэрч, таагүй шинжтэй байжээ. Энэ туршилт үг гэдэг зүйл хэчнээн хүчтэй, гүн нөлөөтэй болохыг нотлон харуулдаг. Тиймээс эш лүнг хүртэнэ гэдэг нь хамгийн эрчимтэй, шидтэй үгсийг сэтгэл оюундаа шингээж, дотоод мөн чанараа өөрчлөх үйл явц юм.

 

Нийт нийгмийн түвшинд авч үзвэл Ганжуурын эш лүнг хүртэх нь Монголын уламжлалт шашин соёлын үргэлжлэл, төгөлдөр дэлгэрлийн үндэс болдог. Энэхүү үйлд олон түмэн нэгдсэнээр бурхны шашинтай ард түмний хувьд нийтээрээ нөлөөлөлд орж, сэтгэл санааг ариусгах, гэгээрүүлэх төгс байдалд ойртдог.

 

Үүнээс гадна лус савдаг, орон газрын эзэд хийгээд цагаан зүгийн тэнгэрүүд, номын сахиуснуудын ивээл хишиг Монгол орныг ивээж, ертөнцийн зохирол, зохицлыг тэтгэж байдаг. Иймээс эш лүнг хүртэнэ гэдэг нь зөвхөн нэг хүний сүсэг бишрэл, хувь хүний ахуйд бус, нийт ард түмний эв эе, сайн сайхан оршихуйд ч хамаатай, утга учиртай, их эрдэмтэй үйл билээ.

 

-Лүнд суух үед ямар сэтгэл, сэдэлтэйгээр оролцох нь зохистой вэ?

 

-Ганжуурын эш лүн хайрлаж буй багш өглөө бүр товч тайлбар хүргэдэг. Багшийн тэрхүү тайлбарт сэдлээ хэрхэн засах уу, яаж зөв сэдэл үүсгэж ганжуурын лүнг сонсох ёстой вэ гэдгийг өдөр бүр тайлбарлаж байгаа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан, бидний сэтгэлд нисваанис муу сэтгэл, муу бодлууд байна. АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар хүн хоногийн 24 цагийн 8 цагт нь унтаж 16 цагт нь сэрүүн байна.

 

Сэрүүн байх үеийн сэтгэлд төрж буй бодлуудын тоо 60-аад мянга байгааг гаргажээ. Энэхүү 60 мянган бодлын 80 хувь нь сөрөг бодол байна. Сөрөг бодлын 95 хувь нь улиг болсон бодлын давтамж байна гэсэн судалгаа байна.

 

Гэхдээ хүн гэдэг амьтан сэтгэлээ танин мэдэх, сөрөг бодлоо ялгаж салгах, зогсоох, хянах, улмаар эерэг сэтгэлийг төлөвшүүлэх чадвартай. Энэ бол зөвхөн хүний онцгой авьяас чадвар юм. Жишээ нь, арслан амьтан барьж идэж байхдаа “би амьтны амь тасалж байна”, “би уурлаж байна” гэж мэдэрч, ухамсарлаж чаддаггүй. Харин хүн бол уурлаж байхдаа ч уураа танин мэдэх, өөрийгөө ажиглах, цэгнэх оюуны чадамжтай. Энэ чадамжийг хөгжүүлэх арга зам бол бясалгал. Бясалгал бол Бурхан багшийн заасан хамгийн гүн ухаан, сэтгэлийг номхруулж, эерэг сэтгэлийг төлөвшүүлж, сөрөг бодлоос ангижрах арга ухаан юм.

 

Ганжуурын эш лүнд сэтгэлээ засаж, зөв сэдэлтэйгээр суух нь ийм учиртай. Энэ бол зөвхөн өөрийн төлөө биш, бүх амьтны тусын тулд гэгээрэлд хүрэх сэтгэл, бодь сэтгэлийг үүсгэн оролцох ёстой гэдэг. Монголчууд бидний өвөг дээдэс эртнээс энэхүү эрхэм дээд сургаалыг нандигнан өвлөж, үеэс үед дамжуулсаар ирсэн.

 

Харин өнөө цагт энэ уламжлалаа улам бататгаж, гэгээрлийн замыг залуу үедээ зөв таниулан заах, тэдний сэтгэлийг төлөвшүүлж, эерэг амьдралд уриалах, нийгмийн сайн сайханд хөтлөх нь лам хувраг бидний үүрэг, хариуцлага болж байна. Эш лүнд зөв сэтгэлээр оролцоно гэдэг нь энэ бүхнийг ухамсарлан ойлгож, дотоод сэтгэлээ номхруулан, гэгээрлийн гэрэлд хандах гэсэн үг юм.

 

-Бодь сэтгэлийг дадуулж чадвал сэтгэлийн амар амгаланг олно хэмээдэг. Сөрөг бодлоо хэрхэн хянах вэ?

 

-Нисваанис буюу уур, шунал атаа жөтөө, хорсол эдгээрийн эрхэнд хэрхэн орохгүй байх вэ гэдэг нь бидний сэтгэлээ засахтай холбоотой. Сэтгэлээ зөв зоригдол дээр аваачаад, сэтгэлдээ зөв бодлыг үүсгээд,сэтгэлдээ зөв бодлыг төлөвшүүлж, дадуулж сурах хэрэгтэй юм. Хамгийн анистай, хамгийн ашигтай зөв бодол бол бодь сэтгэл гэж багш маань бидэнд сургасан юм.

 

Бид өглөө босоод бодь сэтгэлийг дадуулж байвал маш их амжилтад хүрнэ хэмээдэг. Бодь сэтгэл гэдэг маань амин хувиа хичээсэн хүлээснээс ангижраад бусад амьтныг энхрийлсэн, бусдыг хайрласан сэтгэлийг хэлнэ.

 

Зөвхөн өөрийн амин хувиа бодсон энэ арчаагүй бодлоо хянаад, үүнийхээ эрхэнд орохгүй түүний оронд бусдыгаа хайрласан бусдын эрх ашгийг хүндэлсэн сэтгэл. Бусад гэдэг маш өргөн ойлголт.

Монголд 3.5 сая хүний хувьд би өөрөө ганцхан бодгаль. Харин 3 сая гаруй хүн бусад болно. Тиймээс бусад олон хүний эрх ашиг миний эрх ашгаас илүү гэдгийг ухамсарласан оюуныг дадуулах ёстой гэж багш маань өглөө болгон бидэнд айлддаг. Тийм болохоор бодь сэтгэлийг дадуулах, хоосон чанарыг оносон билгүүнийг бясалгах, орчлонгийн мөн чанар буюу бодит байдлыг таньсан магад гарахуйн сэтгэл тэргүүтнийг дадуулах нь бол сөрөг бодлоо хаах, сөрөг бодлоо хянах хамгийн шалгарсан сайн арга юм.

 

“Эх хэлээ эрхэмлэж, дэлхийн хэл сурах шаардлагатай байдгийн нэгэн адил, бурхны гүн ухааныг гүнзгий судлахад номын хэлтэй байх хэрэгтэй”

 

-Сүүлийн жилүүдэд бурхны номыг монгол хэлээр айлдах, тайлбарлах хэрэгцээ, санал ихээр гарч байна. Зарим нь олон хоног үргэлжлэх эш лүнгийн айлдварыг монгол хэлээр тавих шаардлагатай гэж үздэг. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

 

-Эш лүнг монгол хэлээр унших боломжтой ч, монголоор дамжуулдаг дамжлага буюу уламжлал байхгүй. Тиймээс өнөө цагт эш лүнг монгол хэлээр тавих нь боломжгүй гэж үздэг. Ганжуурын эхийг Лигдэн хааны үед монгол хэлнээ бүрэн орчуулсан боловч түүнээс хойш эш лүнг монголоор дамжуулсан түүхэн баримт байдаггүй.

 

Уламжлалын дагуу эш лүнг төвд хэлээр уншиж, төвд хэлээр дамжуулж ирсэн. Бурханы сургаал үг үсэг, утгын хувьд алдагдалгүй уламжлагдах ёстой. Тиймээс анх айлдсан хэлээр нь буюу төвөд хэлээр эш лүнг дамжуулснаар гажуудалгүй хадгалагддаг гэж үздэг.

 

Монголчууд Ганжуурыг төвөд хэлээр дамжуулан орчуулсан гурав дахь үндэстэн бөгөөд энэ нь хоёр хэл дамжсаны улмаас утга алдагдах эрсдэлтэй. Харин мэргэд лам нар маань үүнийг гүн ойлгож, эх сурвалжийн хэлээр нь буюу төвөд хэлээр эш лүнг хүртэхийг зөв зүйтэй хэмээн үзсээр ирсэн. Монголчууд эртнээс төвөд хэлийг “номын хэл” болгон хэрэглэж, хоёр хэлтэй эрдэмтэн лам нарыг бэлтгэж ирсэн өндөр соёлт ард түмэн. Энэ уламжлалаа алдалгүй хадгалах нь бидний үүрэг юм. Эх хэлээ эрхэмлэж, дэлхийн хэл сурах шаардлагатай байдгийн нэгэн адил, бурхны гүн ухааныг гүнзгий судлахад номын хэлтэй байх хэрэгтэй.

 

-Ганжуурын эш лүн бүрэн айлдсаны дараа монгол лам хуврагууд шавь нартаа эш лүнг хүртээх эрхтэй болох уу?

 

-1937 оноос өмнө Монголд Ганжуурын эш лүнг тавьдаг, дамжуулдаг өндөр эрдэмтэй лам нар олон байв. Тухайн үеийн Хүрээ хийд 12 дацан, олон мянган лам хуврагтай, тэднийг эрдэм номоор манлайлдаг долоон цоржтой байсныг түүх өгүүлдэг. Хүрээний долоон цоржийн нэг, Цогтзандан цорж хэмээх эрхэм 1937 оноос өмнө сүүлчийн удаа Ганжуурын эш лүнг айлдаж байжээ. Түүнээс эш лүнг хүртсэн олон лам хуврагууд соёлын довтолгооны үе, социализмын он жилүүдэд ч Гандантэгчэнлин хийдэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байв. Тэдний нэг бол бидний “Өндөр хамба” хэмээн хүндэлдэг Дамдинсүрэн хамба юм. Тэрбээр Цогтзандан цоржоос Ганжуурын лүнг бүрэн хүртсэн цөөн ламын нэг байсан бөгөөд шавь нартаа эш лүнг уншиж өгөх оролдлого хийдэг байсан ч тухайн цаг үеийн нөхцөл байдал бүрэн айлдах боломж олгоогүй гэдэг.

 

-Эш лүн хүртэх энэ үйл ажиллагаанд лам нар хэр их оролцож байгаа бол?

 

-Өнөөдөр Ганжуурын лүнд ерөнхий дүнгээр 540 хувраг, энгийн 700 гаруй хүн сууж байна. Дөрвөн жил үргэлжилсэн Ганжуурын лүнгийн дараа 540 лам хувраг Ганжуурын лүнтэй болчихно гэсэн үг. Бурхан багшийн сургаалыг цааш дамжуулах эрхтэй болчихно. Тийм болохоор монгол лам нар үүнээс хойш Ганжуурынхаа лүнг өөрсдөө уншиж шавь нартаа дамжуулах энэ боломж дараа жилээс нээгдэж байгаа юм.

 

“Хүлцэнгүй гэдэг маань тэсвэр хатуужилтай байна гэсэн үг”

 

-Уншиж буй ботиудын агуулгыг сүсэгтэн олон хэрхэн ойлгож амьдралдаа хэрэгжүүлж болох вэ. Жишээ болгон нэг ботийн утга чиглэлийг товч танилцуулбал?

 

-Би эхлээд Винайн 13 боть сургаалын товч утгыг та бүхэнд хүргэе. Винай гэдэг маань ёс зүй гэсэн үг. Монголчууд ёс зүйг номын хэллэгээр “Шагшаабад” хэмээдэг. Энэ үг бол санскрит хэлнээс монгол хэлэнд орсон нэр томьёо. Хүн гэдэг бол шагшаабадад оршиж байж, ёс зүйтэй байж зөв хүн болдог. Ёс зүйг сахина гэдэг нь нийгэмдээ хоргүй, тустай, хувь хүн хүмүүжилтэй болдог. Ёс зүй болон шагшаабад гэж юуг хэлэх вэ гэхээр бие болон хэлний гэмийг тэвчихийг хэлж байгаа юм. Хүмүүс бид бие болон хэлээр гэм хийдэг. Амьтны амь тасалж, буруу хурьцал хийж, хулгай хийдэг. Хэлээр хийдэг гэм нь худлаа ярьдаг, хов хэлдэг, дэмий чалчдаг, бусдыг харааж доромжилдог гэх тэргүүтэн бие болон хэлээрээ гэмт үйлийг хийдэг. Энэ гэмт үйлийг хийхгүйгээр түүнийг хорьсон бие хэлний үйлийг шагшаабад гэж байгаа юм.

 

Бие болон хэлний гэмийг тэвчсэнээр хувь хүн зөв хүн болно. Нийгэмд зөв хүн хэчнээн их байна, төдий хэрээр нийгэм ариусаж, төлөв түвшин нийтээрээ амар тайван, аз жаргалтай байх нөхцөл бүрддэг юм.

 

Бурхан багшийн айлдвар сургаалд байгаа Винайн 13 боть сургаал бол энэ шагшаабадыг хэрхэн эзэмших үү, хүн хэрхэн ёс зүйтэй байх вэ гэдгийг нарийн заасан сургуулиуд байдаг. Бас нэгэн багц сургаал бол Билиг барамидын 21 боть сургаал байна. Энэ сургаалын бурхан багш гол нь бодисадва нарт айлдсан байдаг. Тэр нь бодисадва нар хэрхэн төгс гэгээрдэг юм бэ гэдгийг сургасан сургаал байдаг. Бодисадва нарын зорилго нь хамаг амьтны тусыг хийх байдаг. Үүний шалтгаан нөхцөл нь зургаан барамидаг эзэмших ёстой юм. Эхлээд өглөгт суралцах учиртай. Энэ нь хармын сэтгэлийг тэвчиж бусдад өглөг өгөх. Өөрөөр хэлбэл бусдад туслах гэсэн үг шүү дээ. Хүмүүс бид өглөгч байх ёстой, бусадтайгаа хуваалцаж байх ёстой, харамгүй байх ёстой гэсэн үзэл санааг төлөвшүүлэх юм.

 

Хоёр дахь нь шагшаабадын барамида. Ёс зүйтэй байх ёстой. Хэчнээн өглөгч байгаад ёс зүйгүй бол бүрэн төгөлдөр биш.

 

Гурав дахь нь тэсвэр хатуужил. Манай Монголын номын хэллэг нь хүлцэнгүй гэдэг. Үүнийг хүмүүс гуйвуулж ойлгож номхон, дорой байх, гэм хоргүй байх гэж буруу ойлгодог. Гэтэл хүлцэнгүй гэдэг маань тэсвэр хатуужилтай байна гэсэн үг. Хүлцэнгүй гурван янз байгаа. Жишээлбэл, Зовлонг үл хайхрах хүлцэнгүй гэж бий. Хүмүүс бидний амьдралд зовлон гэдэг зүйл үргэлж тохиолдож байдаг. Бид зовлонг хүлээж авах ёстой гэдэг. Бид зовлонг хүлээж авахгүй, зовлонтой буруу харьцсанаас ёс зүйн алдаа гаргадаг. Би эд хөрөнгөгүй юм чинь хулгай хийе, эсвэл эрх мэдэлд хүрсэн үедээ надад боломж байна үүнийг хулгайлъя, би л болж байвал бусад нь яах вэ гэх өөрийн аминч сэтгэлээр улс орноо хорлодог зэрэг муу үйл хийдэг. Бид зовлон гэдэг зүйлийг хүлээн авах тэсвэр хатуужилтай байх хэрэгтэй гээд байгаа юм. Зовлон хүлээж авах тэсвэр хатуужилтай байх нь ёс зүйн алдаа хийхгүй, зорьсон эрдмээ олж авах гэх тэргүүтнээр ач тус их юм.

 

Дөрөв дэх нь хичээнгүйн барамида. Хичээнгүй гэдэг нь сайн зүйлд үнэхээр хичээл зүтгэлтэй түүнийгээ орхихгүй, ард нь гарч чаддаг ийм чадвар байх ёстой. Бурхан багш “Эрдэм бүгд хичээлийг дагадаг юм” гэж айлдсан байдаг. Эрдэм бүгд ухааныг дагана гэж айлдаагүй, эрдэм бүгд билгүүнийг дагана гэж айлдаагүй. Үнэхээр хувь хүн хөдөлмөрч, хичээнгүй, залхуугүй байх юм бол зорьсон эрдмээ сурч чаддаг, зорьсон сайн зүйлээ бүтээж чаддаг. Тэгэхээр хичээнгүй гэдгийг эзэмших хэрэгтэй гэж бурхан багш бодисадва нарт дөрөв дэх барамидаг айлдсан байна.

 

Тав дахь нь Самадийн барамида. Энэ бол сэтгэлээ төвлөрүүлэх. Сэтгэлээ дотогшоо хандуулж, дотоод зоригдол дээр сэтгэлээ төвлөрүүлэх. Эгэл хүмүүс бид нар гадаад зургаан мэдрэхүйнхээ эрхэд орсон байдаг. Тиймээс сэтгэлээ хянаж чаддаггүй. Бидний сэтгэл гадагшаа хандах тусам алгасарч эмх замбараагүй байдаг юм. Сэтгэлээ дотогшоо хандуулж дотоод зоригдол дээрээ төвлөрүүлж чадах юм бол хүний сэтгэл маш их хүч чадалтай юм.

 

Үнэхээр зоригдол дээрээ алгасрахгүйгээр төвлөрсөн ийм чадамжийг олох юм бол эрдмийг олж чаддаг, гэмийг хааж чаддаг ийм гайхамшигтай чадвартай болдог. Мөн номд гардаг ид шид, рид хувилгаан гэдэг бол тогтож төвлөрсөн сэтгэлээс үүднэ. Гэгээрэл нирваанд хүрэхэд үндсэн арга зам нь бясалгал буюу самади юм. Энэ бясалгал самади билгүүгүйгээр буруу болдог. Бурхан багш зургаадугаар барамидаг Билгүүний барамида гэж нэрлэсэн. Билэг оюун гэдэг маань жам ёсыг ухаарсан ухамсрыг хэлнэ.

 

Жам ёс, бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн, ухаарсан билэг оюуныг хэлдэг. Жишээлбэл, мөнх бусыг оносон билэг оюун, хоосон чанарыг оносон билэг оюун, хамгийн наад зах нь үйлийн үрийг ойлгосон.

 

Бүр тодруулсан муу үйлийн үрд зовлон ирнэ, бусдад тусалсан сайн үйлийн үр дагаварт жаргал ирнэ гэх мэт үйлийн үрийг ухаарсан эдгээр билэг оюуныг бурхан багш билгүүн гэж машид эрхэмлэсэн байдаг. Тэгэхээр самади дээр билэг оюуныг цогцлоох юм бол тэр хүн сэтгэлээ төгс гэгээрүүлж чадна, гэгээрэл нирваанд хүрч чадна, өөрөө гэгээрээд зогсохгүй бусад амьтны тусыг хийж, хамаг амьтныг ч гэсэн гэгээрүүлж чадна, бурхны хутагт хүргэж чадна гэж айлдсан байдаг. Билэг барамидын 21 сургаалын хамгийн товч утга нь зургаан билэг барамидаг эзэмших, зургаан билэг барамидагийн шим нь бодь сэтгэл, хоосон чанарыг оносон билэг оюун. Энэ хоёрын арга билэг хоёр гэж нэрлэдэг. Арга билэг хоёрыг эзэмшсэнээр хүмүүс төгс төгөлдөр болж чадна гэж үздэг ийм сургаал байгаа юм. Гэх тэргүүтнээр 108 ботид хүн төрөлхтөнд машид хэрэгтэй мэдлэг, бясалгал агуулагдсан гайхамшигтай сургаалууд байгаа юм.

 

“Ганжуурын лүнгийн айлдварт 540 гаруй лам хувраг оролцож, биечлэн сонсож бурхан шашны үнэт өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үүргээ ухамсарлан биелүүлж буйг харуулж байна”

 

-4-5 жил үргэлжлэх, нэг удаад 45-60 хоног уншдаг энэ номын айлдвар нь лам багшийн хувьд ч, сүсэгтэн олны хувьд ч их хичээл зүтгэл шаарддаг, нүсэр ажил байх нь ээ?

 

-Тиймээ их нүсэр ажил. Жишээлбэл, нэг боть ном урт барын хэвлэлтээр 450-500 хуудас ном байгаа. 450-500 хуудас номыг багш маань өглөө 08:00 цагаас орой 17:00-17:30 хүртэл дундаа хоёр цагийн завсарлагаатайгаар үг үсэг алдахгүй уншдаг. Тийм учраас Ганжуурын лүн хүртээдэг хүн хурдан, тод хэлтэй байх ёстой. Ганжуурын лүн тавьдаг хүнээс нэлээн их эрдэм чадвар шаарддаг. Багш маань үдээс өмнө 240-250 хуудас, үдээс хойш мөн 200 гаруй хуудас гээд нэг боть номыг нэг өдөр юм уу, нэг өдөр хагаст уншиж гүйцэж байна. Ганжуурын лүн хүртээнэ гэдэг багшийн хувьд маш их чадамж шаардсан, шавь нарын хувьд нэлээд тэсвэр хатуужил хэрэгтэй. Учир нь өглөө 8:00-17:00 цаг хүртэл таслахгүй ганжуурын лүнг сонсохоос биш нэгэн үг, нэгэн үсэг орхиж сонсвол ганжуурын лүнг бүтэн хүртэж чадахгүй байдал үүсдэг юм. Тиймээс сонсож байгаа хүн унтахгүй, ярихгүй, үг үсэг алдахгүй сонсох ёстой юм. Энэ бүхнээс харахад Ганжуурын лүн хүртээх, хүртэх үйлийн аль аль нь эрдэм чадал, их тэсвэр хатуужлын шалгуур юм.

 

-Ганжуурын лүн дэлхийн буддистуудын хувьд ямар ач холбогдолтой вэ?

 

-Монголчуудын хувьд ямар ач холбогдолтойг дээр дурдсан. Ер нь бурхны шашин дэлхийд их хөлгөн, бага хөлгөн гэж хоёр хэлбэрээр оршиж байгаа. Бага хөлгөний уламжлалтай орнууд бол Тайланд, Бирм, Лаос, Камбож, Вьетнам тэргүүтэй зүүн өмнөд Азийн улс орнууд байна. Их хөлгөний уламжлалтай орнууд Хятад, Монгол, Төвд гэсэн төв ази, хойд азийн улс орнууд бий. Бага хөлгөний уламжлалтай орнуудад Бурхан багшийн сургаал пали хэлээр уламжлагдсан. Манай монголчуудын хувьд санскрит хэлнээс төвд хэл рүү орчуулаад төвд хэлээр уламжлагдсан.

 

Пали хэлээр байгаа бурхан багшийн сургаалын эмхэтгэл, төвд болон хятад монгол хэлээр байгаа бурхан багшийн сургаалын эмхэтгэл ялгаатай. Пали хэлээр байгаа сургаал номлолууд дан нийтийн сургаал гэж үзэж болно.

 

Нөгөө талаас нь ярих юм бол бага хөлгөний сургаал, пали хэлээр уламжлагдсан сургаал бол тэнд хадгалагдаж байгаа. Монгол, төвд, хятад ганжуурт байгаа сургаал бол пали хэлээр байхгүй их хөлгөн судрууд уламжлагдсан байна. Жишээлбэл, бага хөлгөний сургаалд байхгүй Билиг барамидын 21 боть сургаал байна. Олонхын аймгийн зургаан боть сургаал, Чухаг дээд давхарласны аймгийн зургаан боть сургаал, Их хөлгөний элдэв судрын хураангуй 32 боть сургаал, Дандарын сургаалын эмхэтгэл 21 боть сургаал гэх мэт эдгээр сургаал бол пали хэл дээр байхгүй. Зөвхөн их хөлгөний шашин, их хөлгөний уламжлалд уламжлагдсан юм. Эдгээр сургаалын эш лүнг хүртэж байгаа нь монголчууд бидний маш том давуу тал болно. Дэлхийн буддизмд уламжлал нь тасрахгүй байх, баялаг байх ач холбогдолтой.

 

-Энэхүү номын айлдварын уламжлалыг цаашид хадгалж, үргэлжлүүлэхэд залуу лам хувраг, шинэ үеийн залуучуудын оролцоо, үүрэг ямар байх ёстой гэж үзэж байна вэ?

 

-Мэдээжийн хэрэг, энэ айлдварын уламжлалыг цаашид хадгалж, үргэлжлүүлэхэд залуу лам хувраг, шинэ үеийн залуучуудын оролцоо хамгийн чухал, зайлшгүй хэрэгтэй билээ. 1990 онд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, шашин шүтэх эрх чөлөөгөө сэргээн олсон үеэс хойш олон сүм хийд шинээр байгуулагдаж, шашны соёл дахин дэлгэрэх нөхцөл бүрдсэн.

 

Тухайн үед эрдэм мэдлэгээрээ манлайлагч ахмад үеийн лам хуврагууд, голчлон 70, 80 гарсан буянт хөгшчүүл, оюун билгээ харамгүй заан сургасаар ирсэн юм.

 

Харин одоо, ардчилсан нийгэм тогтсоноос хойш даруй 30 гаруй жил өнгөрч, тухайн үед 17, 18 настай байсан залуус идэр насандаа хүрч, шашны өв соёлыг үргэлжлүүлэн түгээх, хойч үедээ дамжуулах үүрэг хариуцлагынхаа өмнө ирээд байна. Жишээлбэл, энэхүү ганжуурын лүнгийн айлдварт 540 гаруй лам хувраг оролцож, биечлэн сонсож буй нь үүний тод илрэл юм. Эдгээр оролцогчдын дийлэнх нь залуу лам хуврагууд байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Монголд өнөөдрийн байдлаар 2000 орчим лам хувраг байдаг гэсэн тоо бий. Тэгвэл энэ удаагийн ганжуурын эш лүнг хүртэх, дөрвөн жилийн хугацаанд, тасралтгүй найман сар үргэлжлэх хурал номын үйл ажиллагаанд 500 гаруй залуу лам идэвхтэй оролцож буй нь залуус маань бурхан шашны үнэт өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үүргээ ухамсарлан биелүүлж буйг харуулж байна.

 

П.ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)