Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ
- 3 цаг 34 мин
- Дэлхий
- 0

ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын хоолой дахь боомтуудыг нь бүслэн хаасаар байгаа цагт Ираны эрх баригчид тус улстай Пакистанд хийх хэлэлцээнд оролцохгүй байхаар төлөвлөж байгаа тухай Ираны төрийн мэдээллийн Tasnim агентлаг мэдээлжээ.
АНУ, Ираны хэлэлцээний эхний шат Пакистаны нийслэл Исламабад хотноо дөрөвдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд болсон бөгөөд ямар нэгэн үр дүнгүй өндөрлөжээ. Пакистанд болсон уулзалтын дараа талууд зуучлагчдаар дамжуулан мэдээлэл солилцсоор байсан хэдий ч АНУ-ын "хэтийдсэн шаардлага, амбицаас" болж яриа хэлэлцээ мухардалд орсон гэж Ираны төлөөлөгчид мэдэгдсэн байна.
Д.Трамп: Хэрэв Техран хэлэлцээр хийхээс татгалзвал Ираны гүүр, цахилгаан станцуудад цохилт өгнө
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн "Truth Social" нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэхдээ, Америкийн төлөөлөгчид Ирантай дараагийн шатны хэлэлцээг хийхээр Исламабадад дөрөвдүгээр сарын 20-нд очно гэжээ.
Түүний хэлснээр, Цагаан ордон Техранд "шударга бөгөөд боломжийн тохиролцоо" санал болгож байгаа аж. "Тэд бидний саналыг хүлээж авна гэж найдаж байна. Эс бөгөөс Ираны цахилгаан станц, гүүр болгоныг жагсаалаас гаргах болно" гэж АНУ-ын Ерөнхийлөгч анхааруулжээ.
Тэрбээр мөн ням гарагт АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Оманы буланд Ираны ачааны хөлөг онгоц руу гал нээж, саатуулсан талаар дурдсан байна. Уг хөлөг онгоц Ираны боомтуудад тогтоосон бүслэлтийг тойрон гарахыг оролдож байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл (0)