“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ
- 1 цаг 41 мин
- Улс төр
- 0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны стратегийн түнш орон болох Бүгд Найрамдах Казахстан улсаас эхлүүллээ. Тэрээр энэ сарын 20-нд Казахстаны нийслэл Астана хотноо хүрэлцэн очиж, өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевтай ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийв. Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болсон. Тэгвэл хоёр улсын Төрийн тэргүүн нар хамтын ажиллагааг дараах чиглэлүүдэд өргөжүүлэх хөгжүүлэхээр тохирлоо.

Төрийн айлчлалын үр дүн
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв Азийн бүс дэх манай улсын анхны Стратегийн түнш Казахстанд 20 жилийн дараа айлчиллаа.
-Харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлнэ.
-Худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гарын үсэг зурлаа.
-Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан Замын зураглал гаргана.
-Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.
-Зургаадугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ.
-Баян-Өлгий аймгийн иргэдийн олон жил хүсэж, хүлээж байсан Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцлоо.
-Зам, тээврийн салбарт тулгарч буй саад, бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох хамтарсан Ажлын хэсэг байгуулна.
-Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
-Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.
-Хархорум хот, Налайх болон Казахстаны Алатау, Талдык-орган хот хооронд ах, дүүгийн харилцаа тогтоолоо.
-Монгол, казах судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх чиглэлээр улам идэвхтэй хамтарна.
-Түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоож, соёлын биет бус өвийн хамтарсан судалгаа хийнэ.
-Манай улсад болдог “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, Казахстаны “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө үргэлжлүүлэн оролцуулна.
-Хоёр улсын 200 гаруй аж ахуйн нэгж бизнес форум зохион урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах сууриа тавьж, гэрээ хэлцэл хийж байна.
-Төрийн тэргүүн нарын ивээл дор Үндэсний урлагийн их театрын хамт олон Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулж байна. Мөн “Монголын сайхан орон” гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа.
-Наймдугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд Казахстаныг өндөр түвшинд оролцохыг урилаа.
-“Усны олон улсын байгууллага” байгуулах тухай Ерөнхийлөгч К.Токаевын санал, санаачилгыг Монгол Улс дэмжинэ.
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
-Ерөнхийлөгчийн санаачилсан жил бүрийн долдугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх тогтоолыг Казахстан Улс дэмжлээ.
-Ерөнхийлөгч Астана хотноо болсон Бүс нутгийн экологийн дээд түвшний уулзалтад оролцож, энэ чиглэлээр улсынхаа байр суурийг илэрхийллээ.
-Төв Азийн орнуудын “С5+1” форматыг ашиглан Монгол Улсын оролцоог хангасан дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулна.
-Казахстан нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг бүх талаар дэмжинэ.
-НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллана.
-Төрийн тэргүүн нар хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илэрхийлэл боллоо.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд Төв Азийн бүх оронд төрийн айлчлал хийж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан анхны Ерөнхийлөгч болж байна.
Казахстан улсын тухай сонирхолтой баримтууд
-Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр Казахстанд төрийн айлчлал хийсэн. Казахстаны талаас 1993, 1999, 2008 онд Ерөнхийлөгч Н.Назарбаев, 2024 онд Ерөнхийлөгч К.Токаев айлчилсан юм.
-Казахстан нь 1991 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо зарласан. 20 гаруй сая хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт ордог, манай улстай адил далайд гарцгүй.
-Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 7 жил болгосон. Ерөнхийлөгч К.Токаев мөн онд 7 жилээр дахин сонгогдсон.
-Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 300 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 14,700 ам.доллар.
-Эдийн засгийн гол салбар нь байгалийн хий, газрын тос, уул уурхайн бусад олборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан.Газрын тосны хэмжээгээр дэлхийд 12, чулуун нүүрс ес, уран, вольфрам нэг, хром, фосфор хоёр, тугалга, молибдены нөөцөөр дөрөвдүгээр байрт ордог.
-Казахстаны гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 144 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 80 тэрбум, импорт 65 тэрбум ам.доллар болсон.Хар болон өнгөт метал, хүдрийн түүхий эд, түлш, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн экспортолж, машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортоор авдаг юм байна.
-Манай хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 58 сая ам.доллар давсан нь 2024 онтой харьцуулахад 7.2 хувиар өссөн гэсэн үг юм. Манай улс Казахстанд хүнсний бүтээгдэхүүн, адууны мах, ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс, хивсэнцэр, транзит автомашин нийлүүлж, гурилан бүтээгдэхүүн, чихэр, жимс, цагаан будаа, тамхи, коньяк зэргийг авдаг байна.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл (0)