Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.04.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт 51.6 хувийн ирцтэйгээр эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан тухай танилцууллаа. Төрийн нууцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүн 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороонд, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдуулан боловсруулсан төслүүдийг Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир энэ сарын 21-ний өдөр өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус хуваарилсан байна.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хийсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар танилцууллаа. Хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, хэлэлцэхийг дэмжсэн юм. 

Ажлын хэсэг хуулийн төслийн нэр томьёоны тодорхойлолт, үг, хэллэгийг энгийн ойлгомжтой, салаа утгагүй болгон найруулж, “сорьц, хүйн эд, үндэсний хүлээх жагсаалт” зэрэг зарим нэр томьёоны тайлбар болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээг үзүүлэх зохицуулалт нэмж, эсийн ангиллыг тусад нь зүйл болгож, эд, эсийг хадгалах тусгай зориулалтын сан буюу био банкны тухай зохицуулалтыг шинээр тусгажээ. Мөн амьд донорт тавигдах шаардлага, амьгүй донорыг илрүүлэх, бүртгэх асуудлыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэн томьёолж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Истанбулын тунхаглалын зарчмуудыг тусган, энэ үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо, оролцогч эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн чиг үүрэг, уялдаа холбоог нарийвчлан тодорхойлж, нийт 70 гаруй зарчмын зөрүүтэй санал бэлтгэсэн байна.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, А.Ганбаатар, Д.Бум-Очир, П.Наранбаяр, О.Саранчулуун нар хуулийн төслийн нэр, амьгүй донорын гэр бүлийн гишүүдээс авах зөвшөөрөл, одоо үйлчилж буй эрх зүйн зохицуулалт, донор хүлээж буй иргэдийн дараалал, хуваарилалт, хүртээмж, шударга байдал, гэнэтийн тохиолдолд зөвшөөрлийг шуурхай авах арга хэмжээ, бурхан болоочийг хүндэтгэх уламжлал, ёс заншилд нийцүүлэх, донор хүүхдийн насны хязгаар, хүүхдээс эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгахад түүний өөрийнх нь хүсэл зоригийг хүндэтгэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөн ярилцсан байна. Мөн био банкны сургалт, судалгааны чиг үүрэг, энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ эрхлэгчдийн тоо, эмчилгээний төлбөр, донорын тэтгэмж, асаргаа сувилал, амьгүй донорт хандах ёс зүйн хэм хэмжээ, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төв, тархины үхэл тодорхойлох мэргэшсэн багийн талаар асуулт асууж, хариулт авчээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Энхтүвшин, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, О.Батнайрамдал, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, М.Мандхай, С.Одонтуяа нар асуулт асууж, энэ хуулийн ач холбогдол, эрэлт хэрэгцээ өндөр байгаа гэдгийг онцлон, байр сууриа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж мэргэжлийн хүмүүсийн санал, зөвлөмжийг хуулийн төсөл боловсруулахад сайтар тусгаж ажиллахыг зөвлөж, Малчны тухай хуулиар зохицуулсан тэдний нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх асуудал Засгийн газрын журам гараагүйгээс хэрэгжилгүй, хугацаа нь дууссаныг сануулсан юм. Иймд хуулийн дээрх заалтыг нэг жилийн хугацаагаар сунгах санал санаачилгыг гаргаж ажиллахаа тэрбээр илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан байгууллага байгуулах төсөв, санхүүжилт болон эрэлт хэрэгцээнд тохирсон хүчин чадлыг бий болгох тооцоо судалгааны талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар хуулиар зохицуулах харилцааны хүрээ ихээхэн өргөн гэдгийг дурдаж, хариуцлагын тухай асуудлыг хөндсөн юм. Эрхтний наймаа цэцэглэж болзошгүйг тэрбээр анхааруулж, энэ асуудал болон аюулгүй байдал, технологийн нууцлал, найдвартай байдлыг хуульчилсан зохицуулалт, түүний үйлчлэлийн талаар асууж, хариулт авсан юм. Мөн тэрбээр, олон нийт, ард иргэдийн үзэл хандлагыг дээшлүүлэхэд анхаарах шаардлага байгааг санууллаа. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг хуулийг хэрэгжүүлэх, хүлээлгийн жагсаалт, дарааллыг шударга, ил тод явуулах, үүнд хөндлөнгөөс нөлөөлөхгүй, хүний хүчин зүйлс орохгүй байх, эд, эрхтнээ арилжаалах зэрэг буруу ойлголт олон нийтийн дунд гарч болзошгүй сөрөг үр дагаварыг хааж, хуульд ийм утга агуулга байхгүй гэдгийг ойлгуулах, хөдөө, орон нутгйин иргэд хэрхэн эмчилгээнд хамрагдаж болох, мөн Монгол Улсад хийж байгаа эмчилгээ үйлчилгээний төрөл, цар хүрээ цаашид хэрхэн өргөжих талаар тодруулж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал донор болохоо илэрхийлэх асуудлыг хуульчлахдаа илэрхийллийг өргөжүүлэх боломжийг харгалзан шийдвэрлэх боломжтой байсан эсэх, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа донорын оршуулгын тэтгэмжийг олгох эх үүсвэрийг тодорхой болгох тухай, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, хүний эрхийг хангахтай холбоотойгоор эрх зүйн дүн шинжилгээ хийсэн, эсэх, донорт шийдвэрээ гаргахад ямар мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, түүнд зүй бусаар нөлөөлж, ятгасан эсэхийг хэрхэн шалгаж, илрүүлэх тухай зохицуулалтыг хуульд хэрхэн тусгаж байгаа талаар асууж, тодорхой хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар энэ үйл ажиллагааны эрх зүйн орчин хэрхэн боловсронгуй болох, хэрэгжилтийн үйл явцад ямар шинэлэг зохицуулалт сууж буй болон хүний эрх, бага насны донор, хөдөө, орон нутагт хүрэлцэж үйлчлэх хүртээмж, амьгүй донорын урамшууллыг эргэн харах зэрэг асуудлуудыг хөндөж ярьсан бол Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний төлбөрийг инфляц, вальютын ханштхай уясан нь зөв, эсэх, эмчилгээний дараах асаргаа, сувилгаа, түүний зардал, санхүүжилтэд нэмэр болох, тэтгэмж тусламж олгох, эсэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүргийг хуульд тусгасан эсэх талаар асууж хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа амьд донороос эрхтэн, эд, эс шилжүүлэх талаар манай улсын эмч, мэргэжилтнүүд тодорхой үр дүнд хүрээд байгааг ярьж, амьгүй донороос шилжүүлэн суулгахад түлхүү анхаарал хандуулж буй дэлхий дахины жишигт нийцэж ажиллахад хэрхэн анхаарах болон хүйн эд, үүдэл эсийг ашиглах харилцааны талаар тодруулж, хууль батлагдсантай холбогдуулан гаргах журмуудыг үзэл баримтлалаас гажуулалгүй сайтар боловсруулж батлах, мөн иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, зөвөөр ойлгуулахад анхаарч ажиллах шаардлагатайг сануулсан юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийг дэмжих, дэмжихгүй байр суурь илэрхийлж үг хэлэх болон ажлын хэсгээс боловсруулсан 72 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор явуулах санал хураалтыг чуулганы үдээс хойших хуралдаанаар хийхээр хойшлуулж дараагийн асуудлыг хэлэлцэж эхэллээ. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон хамт боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай хэлэлцүүлгийн эхэнд хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин тавив. Тэрбээр хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягтай хамтран санаачилж, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль батлагдсанаасаа хойш 30 жил болсныг танилцуулж, энэ хугацаанд манай улсын эдийн засаг, хууль эрх зүй, бизнесийн орчин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, засаглал, хэлбэрт томоохон өөрчлөлт орсон тул эрх зүйн орчныг боловсронгуй зайлшгүй шаардлага бий болсон гэдгийг онцолсон юм. Хуулийн төсөлд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, тогтолцоо, гишүүнчлэл, санхүүжилт, зорилт, чиг үүргийг өнөөгийн эдийн засаг, бизнесийн нөхцөл байдалд уялдуулан шинэчлэхээр зааж, Үндэсний танхимтай, эдийн засгийн салбар бүрд нэг танхим, мөн аймаг, нийслэлийн танхим байгуулахаар тусгасан байна. Энэ нь аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааныхаа чиглэлд хамаарах танхимд нэгдэж, төрийн болон бусад байгууллагуудтай хамтрах, дэмжлэг үзүүлэх боломж өгнө гэж хууль санаачлагч нар үзжээ. Харин Үндэсний танхим улс төрөөс ангид, хараат бус ажиллах бөгөөд хууль, эсхүл Засгийн газрын шийдвэрээр шилжүүлсэн төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж болохоор төсөлд тусгажээ. Хууль батлагдсанаар танхимын бүтэц, зохион байгуулалт, бүрэн эрх тодорхой болж, жижиг, дунд бизнес эрхлэгч нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хамтын удирдлагын байгууллагаар дамжуулан дуу хоолойгоо хүргэх боломж, бололцоо нэмэгдэнэ гэдэг итгэлтэй байгаагаа тэрбээр хэллээ.

Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар явуулсан тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг танилцууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Г.Уянгахишиг С.Эрдэнэбат Б.Заяабал, О.Батнайрамдал, Б.Мөнхсоёл, Г.Очирбат, Б.Жаргалан, М.Мандхай нар топ аж ахуйн нэгжүүдийг тодруулах шалгаруулалт, Үндэсний танхимын эрх зүйн байдал, удирдлага, зохион байгуулалт, барааны гарал үүслийн гэрчилгээг баталгаажуулж, хамгаалах, жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хангах, Үндэсний танхимыг хэрхэн улс төрөөс ангид, хараат бус байлгах, Монголд үйлдвэрлэв зураасан код, шошгын ашиглалтад яаж хяналт тавих, танхимын гишүүнчлэлийн татвар, хураамж, түүний зарцуулалтыг хэрхэн сайжруулах, том компаниудын нөлөөг хэрхэн хязгаарлах зэрэг олон асуудлаар асуулт асууж, хариулт авсан байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Ш.Очирбат, Б.Жаргалан, М.Мандхай нар үг хэлж, аж ахуйн нэгжүүдийн эрэмбийг хэмжээгээр нь бус олон улсын сайн жишгийг нэвтрүүлсэн байдлаар тогтоодог байх, Төрийн гүйцэтгэх чиг үүргийг хариуцан гүйцэтгэх асуудалд болгоомжтой хандах, салбарын танхимуудыг хүчээр нэгтгэхгүй байх, эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудын саналыг авч төсөлд тусгах, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд бий болох давуу тал, тэдний хамгаалалт, том компаниудын нөлөөллийг хязгаарлах зэрэг зохицуулалтыг нэмж тусгах зэргээр саналаа илэрхийлсэн байна.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг нэг бүрчлэн явуулахад Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 47.6 хувь буюу цөөнх нь дэмжиж, олонх нь дэмжээгүй байна. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, М.Ганхүлэг, Ө.Шижир, О.Саранчулуун, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Б.Уянга, М.Мандхай, Б.Жаргалан нар асуулт асууж, хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нараас тодорхой, дэлгэрэнгүй хариулт авлаа. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг чуулганы үдээс хойших хуралдаанаар явуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)