Орон нутагт өндөр эрсдэлтэй зүрх судасны 8 хүнд тохиолдолд эмчилгээ хийжээ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судасны үндэсний төв болон Харвалтын тасгийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төвд ажиллаж, орон нутагт хийх боломж хязгаарлагдмалд тооцогддог өндөр эрсдэлтэй зүрх судасны оношилгоо, эмчилгээнүүдийг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Тодруулбал, олон судасны хүнд хэлбэрийн эмгэгтэй 6, титэм судасны архаг бөглөрөлтэй 2 нийт 8 хүнд тохиолдолд судсан дотуурх нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг орон нутагт нь хийсэн нь иргэд Улаанбаатар хотыг зорихгүйгээр тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн чухал ажил боллоо.

Мөн зүрхний шигдээс, хэм алдагдал, зүрхний дутагдал, хавхлагын хавсарсан эмгэгтэй 30 гаруй эмчлүүлэгчид хамтарсан үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж, 20 үйлчлүүлэгчид зүрхний ахисан түвшний хэт авиан шинжилгээ гүйцэтгэсэн байна.

Энэ удаагийн томилолтын онцлог нь зөвхөн эмчилгээ хийгээд зогсоогүй, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт, дадлага хамт үргэлжилсэн явдал байв. Багийнхан тархины бүлэн уусгах эмчилгээний шинэчилсэн заавар, компьютерт томограф оношилгоонд тулгуурласан эмчилгээний тактик, эрчимт эмчилгээний үеийн анхаарах асуудал, зүрхний суулгац мэс заслын орчин үеийн эмчилгээний талаар сургалт зохион байгуулж, бодит тохиолдолд суурилсан мэдлэг туршлагаа хуваалцлаа.

Орон нутагт нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг шат ахиулж буй энэхүү хамтарсан ажиллагаа нь зүрх судасны тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг бүсийн хэмжээнд сайжруулахад чухал түлхэц болж байгааг эмч нар онцолж байна гэж Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)