МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН АШИГ ТУСЫГ МЭДЭХ БОЛЖЭЭ
- 2026-04-26
- Сурталчилгаа
- 0
Цаг уурын өөрчлөлтөөс үүдэн ган зудын давтамж ойртсон. Энэ нь хөдөө аж ахуй, ялангуяа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг манай орны хувьд хүндхэн тусдаг. Зөвхөн сүүлийн 20 гаруй жилд болсон зуднаар хэчнээн ч айлын хот харлаж, тэр хэрээр ажилгүй иргэдийн тоо нэмэгдэв дээ. Өнөөх л ядуурал, ажилгүйдлийн нэгэн том шалтгаан энд оршиж байна.
Төрөөс энэ тал дээр анхаарч, Үндэсний давхар даатгал компанийг байгуулаад чамгүй хугацаа өнгөрчээ. Тэр тусмаа Малын индексжүүлсэн даатгал нь малчдад ихээхэн чухал зүйл гэдгийг зудны хөлд нэрвэгдсэн малчид ойлгох болжээ. Тиймдээ ч өнгөрөгч нэгдүгээр сард Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, цаг үе, нөхцөл байдалтай уясан нь нүдээ олсон зүйл болов. Хууль хэлэлцэх үеэр албаныхан даатгал нэвтэрснээс хойш давхардсан тоогоор нийт 267 мянган малчин өрх болон мал бүхий иргэний 59.4 сая толгой малыг индексжүүлсэн даатгалд хамруулж, 65 мянган өрхөд 26.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосныг дурдаж байсан. Гэхдээ энэ нь 2014 оноос хойшхи үзүүлэлт юм. Ийнхүү эрх зүйн хувьд олон талаас судалж, хууль нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулж байгаа ч жилд дундажаар малчин өрхийн 11-18 хувь, малын 7-10 хувь л даатгалд хамрагдаж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.
Өнгөрөгч 2023-2024 онд ихэнх аймгийг хамарсан зуд болж, зарим аймгийн сумд малгүй болсон. Эдгээр иргэд хэрвээ даатгалтай байсан бол хуулийн дагуу өөрт оногдох нөхөн төлбөрөө авч болох байсан ч даатгалд хамрагдсан нь тун цөөн учраас малгүй болсон иргэд сум суурин, аймаг орон бараадсанаар өнөөх ажилгүй иргэдийн тоо өсөж, ядуурал нэмэгдэж байгааг ч статистикаас харж болно. Харин болж өнгөрсөн зуднаас сургамж авсан малчид даатгалын ашиг тусыг мэдэж, бага ч болтугай даатгалд хамрагдах болжээ.

Сэтгэгдэл (0)