Албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон гэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 595 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 479 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 116 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Сэлбэ 20 минутын хот” корпораци зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 4 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 138 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 28 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хөндлөнгөөс нөлөөлж гэр бүлийн гишүүд болон төрөл садангийн этгээдүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон, өөрийн найзад давуу байдал олгож сонгон шалгаруулалт зарлалгүйгээр удирдах албан тушаалд томилсон, хөрөнгө орлогын эх үүсвэр нь хууль ёсны эсэх нь эргэлзээтэй зэрэг үйлдэлд хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий этгээдэд нь албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналтаар 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)