Бүлгүүдийн бөглөө мултарчээ…
- 2 цаг 9 мин
- Улс төр
- 0

Нам намын гишүүд, дарга сайд нар зуны туршид наадам наргиа, тахилга тойлгын газруудаар санаатай, санаандгүй уулзаа учраа хийсэн гэх. Тэр бол намрын улс төр халахын дохио. Тэд эдүгээ Улаанбаатарт цуглаж. Өнгөрөгч долоо хоногоос УИХ дахь бүлэг бүлгийнхээ хуралд оролцоод эхэлж. Эхний гэж болохуйц өнгөрөгч долоо хоногийн бүлгийн хурлууд халуувтар болж. МАН-ын бүлэг дээр засаг талаасаа: Засгаа хамгаалж намынхнаараа АН-ыг сөрж гарын үсэг цуглуулцгаая. Энийгээ төсөвтэй уяна гэх ухуулга тарааж.
Өнгөрөгч хоёр дахь өдөр засгийнхан төсөв ярингаа: Гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалттай уяж, засаг огцруулахгүй гэж зурсан гишүүдийн тойрогт хөрөнгө оруулалт хэлбэрээр тавья гэж. Энүүнд нь МАН-ын бүлгийн гишүүд ихээхэн эгдүүцэж, дургүй байгаагаа хэлж. Тэд: Занданшатар бас ингээд л огцрохгүй гээд АН-ын гишүүдийн тойрогт хэдэн их наядаар нь өгч аргалсан. Тэрүүнээс болж төсөв хүндэрсэн. Одоо дахиад ингэх хэрэг байгаа юм уу гээд эхэлж.
Энэтэй зэрэгцээд АН-ын бүлэг дээр: Хэдүүлээ энэ удаад нэлээд хатуурч, Муу засгийг удаах нь Монголд хортой эсэргүүцлийн аяныг орон даяар өрнүүлье. Засгийг огцруулах ажлыг зохион байгуулж, олон нийттэй хүч хавсаръя гэж ярьж. Мөнхүү АН-ын бүлэг дээр зарим нэг гишүүн: Засгаас парламентыг сүрдүүлж эхэллээ, биднийг огцруулбал парламентыг тараана гэлээ.
Хамтарсан засгийг огцруулахад идэвхтэй байсан зарим залуу гишүүд МАН-ын засгийг хамгаалж байгаа нь гайхаш төрүүллээ гэж. Мөнхүү АН-ынхан: Намын дарга энэ удаад жинхнээсээ үзэх нь, их зоримог байгаа гэлцэж. Базах нь ээ: Бүлгүүдийн бөглөө мултарч. Одоо л жинхэнэ эрх баригч, сөрөг хүчний тоглолт өрнөж магадгүй нь. Тиймийн учраас: Намрын улс төр халах нь…
Ө.БАТБИЛЭГ
ӨДРИЙН СОНИН

Сэтгэгдэл (0)