Сонгуульд ялсан намын даргыг сольдоггүй байх хөшүүрэг АН-д ч, МАН-д ч хэрэгтэй болжээ…
- 2026-09-14
- Улс төр
- 0

Монгол яагаад балраад байна вэ? Улс төр нь нуль зөрчил талцал. Эдийн засаг нь эрчимтээс сэхээн амьдруулах руу шилжсэн байдалтай. Энэхүү хямрал зөрчлийн эх үндэс юунаас тавигдаж, энүүний эцсийн хариуцлагыг хэн хүлээх вэ? Эдүгээ бүхий л талаас нь харах нь ээ хэн ч хариуцлахгүй. Гагц: МАН-ыг гурав дараалж сонгосон сонгогч ард нийтийн хохь. Тэрүүгээрээ дуудуулаад удаж. Дуудуулаад зогсохгүй горыг нь амтлаад амьдарч буй.
Гэвчиг ингэхгүй байхын тулд яах вэ? Энэхүү асуудлын талаар дуугарах хэн нэг улстөрч, эсхүл ухаантай хүн гарч ирээгүй байв. Тэгсэн нь: УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга, Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж эдүгээгийн хэцүү нөхцөлийн эх үндсийг Цахиур.мн сайтаар тэхий дундуур нь тэнцвэртэй тайлбарлаж. Тэрбээр: Энэ бүх улс төр, эдийн засгийн хямрал гацаа 24 оны сонгуульд МАН-ыг авч орсон Ерөнхий сайдыг унагаснаас үүдсэн гэх байр суурь илэрхийлж. Эрх баригчдын улс төрийн хэрүүл зөрчлөөс эдийн засгийн эдүгээгийн хямрал эхтэйг хэлж. Ц.Нямдоржийн байр суурь зөвийг хэлж. Тэр: Миний ажилласан засаг унаж үзээгүй. Би 6-7 Засгийн газарт ажилласан. Гадаад нөхцөл туйлын хүнд байхад дотроо эв түнжингээ олохгүй байна. Би 30 жил улс төрд явахад МАН, АН хоёулаа дотроо ингэж хоёр хуваагдсан байдалтай таарч байсангүй. Залуучууд учраа олохгүй байна. Сонгуульд багаа авч орж ялсан хүнээ огцруулдаг байж болохгүй. Жил болгон нэг засаг. Танилцаж байтал огцруулчихдаг байж болохгүй гэж. Энэ: Засаг тогтворгүй болохоор улс төр, эдийн засаг хоёр дордлоо гэх логик. Юу үнэн, энэ үнэн. Гэвчиг: Засгийг заавад тогтвортой байлга гэсэн хууль эдүгээ Монголд алга. Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоонд УИХ-ын сонгуульд ялсан намын дарга заавал огцрох ёстой, эсхүл огцрохгүй байх эрхтэй гэсэн шууд зохицуулалт Төрийн хуулиар байдаггүй. Энэхүү харилцаа нь тухайн улс төрийн намын дотоод дүрэм болон Үндсэн хуулийн засаглалын зарчим. Үндсэн хуульд: УИХ-ын сонгуульд олонх суудал авсан нам, эвсэл Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхтэй гэх. Хуулиараа заавал “намын дарга”-ыг нэр дэвшүүлнэ гэж заагаагүй авч парламентын засаглалын жишгээр ялсан намын дарга гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх нь тогтвортой байдлын баталгаа болдог. Мөнхүү: Сонгуульд ялсан намын даргад хариуцлага тооцох улс төрийн шаардлага үүсдэггүй тул дүрэмд өөрөөр заагаагүй бол бүрэн эрхийн хугацаагаа дуустал намын даргаар ажиллах эрх зүйн чадамжтай хэвээр гэх. Өөрчлөх нь ээ: Энэ цэвэр улс төр. Хуульгүй ч улс төрийн ёс зүйгээр зохицох асуудал. Гэвчиг засгийг оймс шиг сольдог 90-ээд оны сүүлчээр АН-ынхны явдлыг 24 оноос хойш МАН тасралтгүй давтлаа. Гэтэл нь: Сонгуульд хэн нэг дарга нь намаа удирдаж ордог. Ялдаг. Сонгуулийн дараа Ерөнхий сайд болж засгаа байгуулдаг. Тэгээд явж байтал нам дотор нь, эсхүл гадна байх эрх мэдлийг тойрсон хүч хуралдаж, бизнесийнхнээс санхүүгийн дэмжлэг авч байгаад ялсан даргыг засагтай нь унагадаг. Оронд нь ганц тэрхүү бүлэглэлдээ үйлчлэх зориулалттай, улс төрийн ялагдал амталсан ч юм уу, нэг тийм нээнтэгтэй улстөрчийг томилдог. Нарийсгах нь ээ: Энэ мэт хувьсгалын дараа сонгуулиар хуруугаа ч хөдөлгөөгүй, бараг шахуу тойрогт годройтсон улстөрч Монголын улс төрийн хойморт заларсан байх. Сахил хүртээд шал дордов гэгч тэр. Нөгөөх утга нь: Засгийг тогтвортой байлгаж л улс төр, эдийн засгийг тогтуун байлгах гагц зам байх. Тиймийн учир: Сонгуульд ялсан намын даргыг сольдоггүй байх хөшүүрэг АН-д ч, МАН-д ч хэрэгтэй болжээ…
Ө.Тулга
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Сэтгэгдэл (0)