БНСУ-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллаж буй гадаад ажилчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв
- 2 цаг 28 мин
- Нийгэм
- 0

БНСУ-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо (Employment Permit System – EPS)-ны хүрээнд ажиллаж, оршин сууж буй гадаад ажилчдын тоо 2026 оны 07 дугаар сарын байдлаар 287,424-т хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.
EPS нь ажиллах хүчний хомсдолтой жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн бус гадаад ажилчин ажиллуулах боломж олгодог тогтолцоо бөгөөд уг тогтолцооны хүрээнд ажиллаж буй гадаадын иргэдэд голчлон E-9 төрлийн виз олгодог.
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн яамнаас гаргасан мэдээллээр, EPS-ийн хүрээнд ажиллаж буй гадаад ажилчдын тоо энэ оны 07 дугаар сарын байдлаар 287,424 болжээ. Энэхүү мэдээллийг парламентын гол сөрөг хүчин болох Ардын хүчний намын депатут Кит Васан олон нийтэд мэдээлсэн байна.
2021 онтой харьцуулахад EPS-ийн хүрээнд ажиллаж буй гадаад ажилчдын тоо энэ онд 127,961 хүнээр нэмэгдэж, ойролцоогоор 80 хувиар өссөн байна. Салбараар нь авч үзвэл гадаад ажилчдын дийлэнх буюу 80 орчим хувь нь үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.
Депутат Ким Висан E-9 визтэй гадаад ажилчид үйлдвэрлэлийн салбарт хэт төвлөрч байгаа нь EPS-ийн тогтолцоог шинэчлэх шаардлагатайг харуулж байна гэж мэдэгджээ. Тэрээр үйлчилгээний болон бусад салбарт ажиллах хүчний хомсдол хэвээр байгаа нөхцөлд гадаад ажилчдыг зөвхөн үйлдвэрлэлийн салбарт төвлөрүүлэх бус, ажиллах хүчний бодит хэрэгцээтэй салбаруудад илүү оновчтой, тэнцвэртэй хуваарилах шаардлагатайг онцолсон байна.
Үүний зэрэгцээ БНСУ-ын Засгийн газар EPS-ийн хүрээнд олгох E-9 визийн жилийн квотыг 2024 онд 165,000 байсныг 2026 онд 80,000 болгон бууруулжээ. Квотыг бууруулсан нь БНСУ-ын эдийн засгийн өсөлт саарч буй нөхцөл байдалтай холбоотой бөгөөд EPS-ийн хүрээнд гадаад ажилчин ажиллуулах хүсэлт гаргаж буй дотоодын аж ахуйн нэгжүүдийн тоо мөн буурахад нөлөөлж байна.

Сэтгэгдэл (0)