Миат: Франкфурт чиглэлийн нислэг эмнэлгийн шалтгаанаар Астана хотод тур буулт хийлээ

МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар – Франкфурт чиглэлийн OM137 дугаартай нислэгийн үеэр зорчигч А-гийн бие гэнэт муудаж, яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай нөхцөл байдал үүссэн байна.

Компанийн Нислэгийн үйл ажиллагааны зааврын дагуу тухайн зорчигчийн биеийн байдал ноцтой муудсан тохиолдолд бүхээгийн баг анхны тусламж үзүүлэх, онгоцонд байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтний туслалцааг авах, шаардлагатай тохиолдолд газрын эмнэлгийн зөвлөгөө авах, зорчигчийн биеийн байдал хүндэрсэн үед тохиромжтой нисэх буудалд бууж эмнэлгийн тусламж авах нөхцөлийг бүрдүүлэхээр заасан байдаг.

Иймд нисэх баг олон улсын иргэний нисэхийн холбогдох шаардлага, Монгол Улсын иргэний нисэхийн дүрэм болон компанийн батлагдсан үйл ажиллагааны зааврыг үндэслэн, зорчигчийн амь нас, эрүүл мэндийг нэн тэргүүнд хамгаалах зорилгоор нөхцөл байдлыг шуурхай үнэлж Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотын нисэх буудалд чиглэл өөрчлөн буух шийдвэр гаргасан байна.

Агаарын хөлөг Астана хотын нисэх буудалд аюулгүй газардсаны дараа зорчигчийг эмнэлгийн мэргэжлийн байгууллагад шилжүүлэн өгч, шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллалаа. МИАТ ТӨХК-ийн хувьд нислэгийн аюулгүй ажиллагаа төдийгүй зорчигч бүрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)