Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээг Сэлэнгэ аймагт зохион байгуулжээ
- 3 цаг 41 мин
- Нийгэм
- 0

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа байгууллагууд Сэлэнгэ аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг байгуулжээ.
Арга хэмжээний хүрээнд “Ability Expo–2026” өдөрлөг, салбарын албан хаагчдыг чадавхжуулах сургалт, ажил олгогчдод зориулсан хууль тогтоомжийн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрны хүртээмжийг сайжруулах, ажил олгогчдын оролцоог өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайланг сонсож, хэлэлцэн, хэрэгжилтийн үр дүн, тулгамдсан асуудал, цаашид анхаарах чиглэлийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал болон бусад үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлав. Эрүүл мэндийн үзлэг, сэргээн засах үйлчилгээний зөвлөгөө, протез, ортопед болон тусгай хэрэгслийн талаарх мэдээллийг хүргэж, иргэдийг холбогдох үйлчилгээнд хамруулан, шаардлагатай хэрэгслийн захиалгыг авч ажиллалаа.
Үндэсний статистикийн хорооны 2025 оны мэдээгээр Сэлэнгэ аймагт 4,702 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, үүнээс 435 нь 0–18 насны хүүхэд байна. Тус аймагт хөдөлмөрийн насны 3,956 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 1,474 иргэн хөдөлмөр эрхэлж, төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоо, хувийн хэвшилд ажиллаж байна.
Энэхүү цогц арга хэмжээ нь орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажил олгогчдын ойлголт, оролцоог өргөжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэв.

Сэтгэгдэл (0)