О.Энхбат: Кудогийн дэлхийн аваргаас том сургамж авлаа
- 2013-08-08
- Спорт
- 0
Колумб Улсын Кали хотод зохион байгуулсан Кудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн шигшээ багийн тамирчин О.Энхбаттай ярилцлаа. Тэрбээр Монголын кудогийн хар бүсний дантай цөөхөн тамирчдын нэг төдийгүй 2008 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн туршлагатай. Одоо тэрбээр Хууль сахиулахуйн их сургуульд албаны бэлтгэлийн багшилж байгаа ажээ.-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Гэхдээ таныг алтан медаль зүүх боломжоо атгаад алдсан гэж сонслоо?
-Баярлалаа. Би алтан медалийн төлөө Японы тамирчинтай тулалдсан юм. Тулааны үед тэмцээн миний талд байсан гэхэд болно. Гэсэн ч би хориотой мэх хийгээд торгуулиар дийлдсэн. Харамсалтай ч миний хувьд том сургамж өгсөн тэмцээн болсон. Гэхдээ юм нэгээр дуусахгүй шүү дээ.
-Ямар мэх хийсэн юм бэ?
-Тэмцээний үед өрсөлдөгчийнхөө дээр нь гарч мэх хийж байгаа тамирчин толгой уруу нь цохиж болдоггүй юм. Харин доор нь байгаа тамирчин тэмцээний дүрэмд зөвшөөрсөн цохилтуудыг хийхийг зөвшөөрдөг. Саяын тоглолтод би Японы тамирчны толгой уруу нь цохичихсон юм. Тэгээд л мөнгөн медаль зүүлээ. Уул нь Японы тамирчны тоглолтыг гаргуулалгүй тулалдсан. Ямар сайндаа л тэр тамирчин шатаж, уурлаж байх вэ дээ.
-Кудогийн спортыг япон хүн үндэслэсэн. Энэ утгаараа үүсгэн байгуулагч орны тамирчин таны хувьд хүчтэй өрсөлдөгч болсон байх?
-Кудо бол каратэ, бокс, бөх зэрэг спортын төрлийн элементүүдийг агуулсан бие даасан тулааны урлаг юм. Энэ спортын төрлийг Японы их мастер Азума Такаши үндэслэсэн. Тэмцээний дүрэм нь гар болон хөлийн бүх довтолгоог толгойн араас бусад биеийн аль ч хэсэгт хийхийг зөвшөөрдөг онцлогтой. Тиймээс тамирчны толгой нүүрний хэсгийг хамгаалах зорилгоор тусгай хуванцар хамгаалалт бүхий дуулгыг өмсдөг. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 16 орны тамирчин Олон улсын кудогийн холбооны сонгон шалгаруулалтаар оролцсон. Үүнээс би Бразил, Мексик, Колумб, Япон Улсын тамирчидтай тулалдсан. Мэдээж Азиас хоёулахнаа оролцсон болохоор Японы тамирчин миний хүчтэй өрсөлдөгч байсан.
-Таныг саяын тоглолтоос бэртэл авсан гэсэн. Илааршиж байна уу?
-Тэмцээний үеэр баруун хөлөө гэмтээсэн. Эмчилгээ хийлгэсэн болохоор одоо бэртэл гайгүй болж байгаа. Ер нь тулааны үеэр бага зэргийн бэртэл авах тохиолдол гардаг.
-Дэлхийн аваргад амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэнээр дараагийн тэмцээнд оролцох эрхээ өвөртөлсөн гэж бодож байна?
-Саяын тэмцээнд амжилттай тулалдсан болохоор хар бүс хоёр дангийн болзол хангаж болох талаар яригдсан. Тиймээс Олон улсын кудогийн холбооны хурлаар надад хар бүс хоёр дан өгөх эсэх нь шийдэгдэнэ. Тэгвэл хар бүсний шалгалт өгөлгүйгээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтын бичлэгийг үзээд шийдвэрлэх юм. Кудогийн Евроазийн аварга шалгаруулах тэмцээн ирэх оны зургадугаар сард Москвад болно. Түүний дараа арваннэгдүгээр сард Токиод кудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Эдгээр тэмцээнд оролцох эрх авсан. Саяын дэлхийн аварга бага олимп гэж хэлж болохоор зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, олимпийн спортын төрөлд ороогүй төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо гэж ойлгож болно. Эдгээр спортын дундаас шалгаруулж олимпийн төрөлд оруулдаг юм. Энэ утгаараа кудо олимпийн төрөлд багтах боломж өндөр байгаа юм. Олон улсын кудогийн холбооноос спортоо олимпийн төрөлд оруулахаар ажиллаж байгаа гэсэн.
-Таны хэлээд байгаа дан гэдэг нь мэргэжлийн тамирчинд олгодог зэрэг байх. Ер нь ямар үе шаттайгаар зэрэг олгодог юм бол?
-Кудогийн хувьд сонирхогчийн 10 зэрэг байдаг. Энэ нь хар бүс хүртэл эрэмбэтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, цагаанаас бор бүс хүртэл сонирхогчдод олгодог зэрэг юм. Түүнээс хойш ес хүртэл хар бүсийн зэрэг байдаг. Одоогоор кудог үндэслэгч Азума багш есөн дантай. Харин Монголоос манай холбоог үүсгэн байгуулагч Д.Гантулга багш маань хар бүс гурван дантай. Монголын хэмжээнд хар дан бүстэй есөн тамирчин байдаг. Харин кудогоор хичээллэгсдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Одоогоор 500 гаруй хүн кудогоор хичээллэж байгаа гэсэн судалгаа байдаг юм билээ.
-Манай улсын кудогийн шигшээ багт эмэгтэй тамирчин бий юу?
-Одоогоор эмэгтэй тамирчин байхгүй. Гэхдээ Олон улсын кудо бөхийн холбооноос эмэгтэй тамирчин бэлтгэх заавар ирсэн. Тиймээс кудогоор хичээллэж байгаа тамирчдын тулааныг харж байгаад сонгон шалгаруулалт хийх байх.
-Кудогийн спортод чансаагаараа аль улс тэргүүлдэг вэ?
-ОХУ-ын тамирчид тэргүүлж байгаа. Түүний дараа Япон тэгээд Монгол, Украин ордог. Оросод кудогийн спорт маш өндөр хөгжсөн. Кудогийн академи байгуулж дугуйлан секцүүд ихээр хичээллүүлдэг. Энэ утгаараа ОХУ-аас хүчтэй өрсөлдөгчид оролцдог. Зөвхөн Москвад кудогоор 20 мянган хүн хичээллэдэг гэсэн. Бид ч гэсэн 2015 онд кудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Ингэснээр кудог сонирхон хичээллэгсдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Тамирчдын жингийн үзүүлэлтийн талаар сонирхуулаач. 250 индекс гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Кудогийн бас нэг онцлог нь биеийн жингийн индекс юм. Энэ нь өнгөрсөн зууны тулааны урлагийн олон төрлүүдийн хэрэглэж ирсэн жингийн системийн алдаатай талыг засах зорилгоор хэрэгжүүлж байгаа арга. Жингийн системийн дутагдалтай тал нь өрсөлдөгчид жингийн хувьд ижил ч өндрийн ялгаанаас болж ялагдал хүлээх тохиолдол бий. Жудо, бөх, сумо зэрэг спортод жингээс ялалт байгуулах нь ихээхэн шалтгаалдаг. Харин бокс, каратэ зэрэг тулааны спортод өндрийн үзүүлэлт ялахад ашигтай байдаг юм. Кудогийн тулааны үед өндрийн давуу тал гардаг бол өчих үед жингийн давуу нь байдлыг тэнцвэржүүлдэг. Өөрөөр хэлбэл, 170 см өндөр, 80 кг жинтэй хүн 180 см өндөр, 70 кг жинтэй тэнцэнэ гэсэн үг.
Б.СЭЛЭНГЭ

Сэтгэгдэл (0)