Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн дахин сонгогдлоо

Бразилийн Рио де Жанеро хотноо өнгөрөгч баасан гаригт хуралдсан Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит чуулганаар өнгөрсөн дөрвөн жилд тус холбооны ерөнхийлөгчөөр ажилласан Мариус Визер дахин дөрвөн жилээр албан тушаалдаа улиран томилогджээ. Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн албыг 2007 оноос хашиж буй тэрбээр өнгөрсөн хугацаанд жүдо бөхийн спортыг хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж, үнэтэй хувь нэмэр оруулсныг чуулганы үеэр гишүүд онцолсон байна. Рио де Жанерод болсон чуулганаар мөн Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгожээ. Үүнд, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины багын найз, Санкт-Петербургийн жүдогийн клубын тэргүүн Аркадий Роттенбергийг Хөгжлийн менежерээр, АНУ-ын Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал Хосе Хамберто Родригезийг Хөгжлийн захирлаар сонгосон байна. Түүнчлэн Олон улсын холбооны удирдах төвшинд олон жил ажилласан Хеди Доуибийг Олон улсын харилцаа хариуцсан захирлаар томилжээ. Сануулахад, Бразилийн Рио де Жанеро хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхлэх бөгөөд Монголын жүдочид 19 тамирчны бүрэлдэхүүнтэй Риод очоод байна.

Г.СҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)