Монгол уулчин 8611 метр өндөрт авирлаа
- 2013-08-26
- Спорт
- 0
Гималайн нурууны салбар Каракорумын уулсад Монгол Улсаас хамгийн анх хөл тавьсан гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа авиралтынхаа талаар өчигдөр мэдээллээ. Тэрбээр Пакистаны хойд хэсэгт орших Каракорумын уулсаас Броуд Пик, К2 уулын оргилд өнгөрсөн зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 30-нд авирчээ. Броуд Пик уул нь 8047 метр өндөр бөгөөд эл ууланд манай тамирчинтай хамт 12 орны 67 уулчин авирснаас долоо нь оргилд гарсан байна. Тэдгээрийн дотор явсан Иран улсын гурван уулчин буух замдаа төөрч, нас барсан гэнэ.Манай тамирчин 6500 метрийн өндөрт гарч, цааш явах боломжгүй байсан тул авиралтаа зогсоожээ. Б.Гангаамаа “Нэг ууланд авирахад багагүй хөрөнгө, цаг, хүч хөдөлмөр зарцуулдаг ч аюул тулгарсан үед бид буцахаас өөр замгүй. Хэдийгээр би энэ хоёр уулын оргилд хүрч чадаагүй ч Монголын далбааг өөр улсын уулчин Броуд Пикийн оргилд мандуулсан. Мөн би тэр уулнаас Монголын газрын зураг шиг хэлбэртэй чулуу олсон” гэв. Харин 8611 метр өндөр К2 уулын оргилд 14 орны 37 уулчин авирсан боловч нэг нь ч оргилд хүрээгүй аж. Тэдний доторх ганц эмэгтэй уулчин нь Б.Гангаамаа байжээ.
Броуд Пик ууланд авирсан хүмүүсийн дотор Мексик, Герман, Монгол Улсын гурван эмэгтэй уулчин явсан ч Германы иргэн нас барсан байна Каракорумын таван уул буюу 8000 метрээс дээш өндөртэй Броуд Пик, К2, G1, G2, Нангапарбат гэсэн таван ууланд энэ онд авирсан уулчдаас 23 хүн амь насаа алдсан байна. Нангапарбат ууланд авирч явсан 13 уулчны 11 нь алан хядагчдын гарт амь үрэгдсэн гэнэ.

Сэтгэгдэл (0)