Монголд олон улсын дугуйн тэмцээн болно
- 2013-08-28
- Спорт
- 0

“Genco Mongolian Bike Challenge 2013” олон улсын дугуйн уралдаан энэ долоо хоногийн бямба гаригт манай оронд эхэлнэ. Энэ уралдаанд оролцохоор 24 орны 108 тамирчин мэдүүлгээ өгөөд байгаа аж. Дугуйчид Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөөт цогцолбороос гараанаас гарч, замдаа нийт зургаан зогсоолд амран, 850 км зам туулж, Төв аймгийн Эрдэнэ сум дахь “XIII зуун” цогцолборт барианд орох юм.
Долоо хоног үргэлжлэх энэ амаргүй тэмцээнд Монголын долоон тамирчин оролцож, хүч чансаагаа сорихоор зэхэж байна. Өнөө жил дөрөв дэх удаагаа болох уг уралдааныг хаан, спортсмен, мастер-1, мастер-2, ахмадын, эмэгтэйч үүдийн, хос дугуйн гэсэн уламжлалт долоон төрлөөр зохион байгуулахаас гадна багийн ангилал нэмжээ. Баг гурван дугуйчинтай байх юм.
Эл ангилалд есөн орны тамирчид өрсөлдөх бол хамгийн сонирхолтой хэсэг болох мэргэжлийн дугуйчдын хаан ангилалд өнгөрсөн жилийн энэ тэмцээний аварга, Канадын дугуйчин Кори Уоллос, Японы топ дугуйчдын нэг Коизуки Такэ, Испанийн шилдэг триатлонч Марсел Замора нарын 40 шилдэг тамирчин үзэлцэнэ. Уралдааныг cyclingnews. com болон pinkbike.com сайт дэлхий даяар шууд дамжуулах ажээ.

Сэтгэгдэл (0)