”Милан” улирлын анхны хожлоо авлаа
- 2013-09-03
- Спорт
- 0

Италийн Сери-А лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр болж өнгөрлөө. Энэ тойрогт Милан хотын багууд сайн байж, өрсөлдөгчөө буулгаж авсан. Улирлын нээлтийн тоглолтод хожигдоод байсан “Милан” клуб хоёрдугаар тойрогт “Кальяри” клубыг талбай дээрээ хүлээн авч, 3:1-ээр буулгаж авсан юм. Тоглолтын найм дахь минутад Робиньо гоолдож, багтаа тэргүүлэх боломж авчирсан. Улмаар 30 дахь минутад Мексес нэг гоол нэмэв. Энэ гоолоос ердөө гурван минутын дараа зочин багаас Сау гоолдож, тооны харьцааг бага зэрэг ойртуулсан. Гэвч энэ гоол ердөө л нэр төрийн төдий байв. Хоёрдугаар үед “Милан”-аас Балотелли гоолдож, багийнхаа хожлыг баталгаажуулсан юм. Харин “Интер” клуб “Катания”-гийн талбайд гайхалтай байж, 0:3-аар буулгаж авлаа. 19 дэх минутад Паласио, 56 дахь минутад Наготомо, 80 дахь минутад Альверас гоолдсон. Ийнхүү өнгөрсөн улиралд тун тааруу тоглолт үзүүлж, есдүгээр байрт шалгарч байсан “Интер” энэ улирлын хоёр дахь ялалтаа авч, зургаан оноотой хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин тэргүүн байрт “Наполи” клуб бичигдэж байгаа юм.
Г.СҮРЭН

Сэтгэгдэл (0)