
Америкын дугуйн спортын тамирчин Лэнс Армстронгоос допингийн эсрэг хуулийг зөрчсөн хэмээн бүх цол, медалиудыг нь хураах шийдвэр гарсан. Гэтэл саяхан АНУ-ын Үндэсний Олимпийн хорооноос түүний 2000 оны Сиднейн Олимпоос авсан хүрэл медалийг нь хураан авчээ. Энэ талаар Лэнс Армстронг “Твиттер” дэх хуудсандаа бичсэн байна. АНУ-ын Үндэсний Олимпийн хорооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Сандански мөн “Твиттер”-т энэ мэдээллийг батласан мэдээлэл нийтэлжээ. Ийнхүү ойрын хугацаанд Швейцарь дахь Олон улсын Олимпийн хорооны төв байр руу медалийг илгээх аж. ОУОХ-оос 2013 оны нэгдүгээр сарын дундуур Армстронгоос медалийг нь хураах шийдвэр гаргаж, шагналыг эргүүлэн өгөхийг шаардсан юм. Гэвч Лэнс дөнгөж одоо л үүнийг хийж байгаа аж. Армстронг 2000 оны Олимпод ганцаарчилсан тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан билээ. Түүнээс Олимпийн хүрэл медалийг нь эргүүлэн авснаас гадна “Тур де Франс” уралдааны долоон удаагийн аварга гэсэн цолыг нь ч хураасан юм.
Сэтгэгдэл (0)