Б.Халиун: Тэмцээнд амжилттай оролцохын төлөө хичээнэ дээ

“Салон” олон улсын группээс ирэх сарын 21-нд мэргэжлийн муай-тай боксчдын дунд тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээний 46 кг- ын жинд эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын төлөө Азийн дөрвөн тамирчин өрсөлдөнө. Түүн дунд Монголын Б.Халиун, Хонконгийн Венус Цанг, Вьетнамын Дан Друк, Таиландын Донут Ситполук нартай дэлхийн аваргын бүсийн төлөө ширүүн тулаан хийх юм. Б.Халиун 2009 оноос дасгалжуулагч О.Алтанпүрэвийн удирдлагаар кикбоксоор хичээллэж эхэлжээ. Мэргэжлийн рингэнд 11 тулааныг хийгээд байгаа тэрбээр ШУТИС-ийн Уул уурхайн баяжуулалтын дамжааны оюутан юм. Б.Халиунаас цөөн асуултад хариулт авлаа.

-Дэлхийн аваргын бэлтгэлээ хэр хангаж байна вэ? 

-Бэлтгэлээ базаагаад эхэлсэн. Тэмцээнд амжилттай оролцохын төлөө хичээнэ дээ. 

-Муай-тай боксоор хэд дэх жилдээ хичээллэж байна? 

-2009 оноос муай-тай, кикбоксоор хичээллэсэн. Багаасаа тулааны спорт сонирхдог байсан ч хичээллэх боломж гардаггүй байлаа. Их сургуульд орсон жилээ тулааны спортын нэвтрүүлэг үзээд боксоор хичээллэхээр тууштай шийдсэн. Тэгээд телевизээр явж байсан зарын дагуу холбогдсоноор О.Алтанпүрэв багшийнхаа шавь болсон юм. Дээрээс нь манай аав залуудаа боксоор хичээллэдэг байсан нь энэ спортыг сонгон суралцахад нөлөөлсөн байх. Одоо “Алдар” спорт хороонд харьяалагдан тэмцээн уралдаанд оролцож байна. 

-Энэ удаагийн тулаан чиний хувьд хэд дэх тэмцээн бэ? 

-Долоо дахь тэмцээн. Өмнө нь 2010 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, муай-тай боксоос алтан медаль хүртсэн. “Балтика” тэмцээний тэргүүн байрт шалгарч байв. Мөн өнгөрсөн онд зохиогдсон муай-тай боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Анхны олон улсын чанартай тэмцээн байсан болохоор их туршлага хуримтлуулсан. 

-Муай-тай боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон анхны эмэгтэй тамирчин байсан байх. Хаана бэлтгэлээ базааж байсан бол? 

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос өмнө Таиланд уруу гурван сарын бэлтгэлд явсан. Тэндэхийн шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсний дараа дэлхийн аваргад оролцсон. Тэнд байхдаа мэргэжлийн чансаа ахиулах хэд хэдэн тэмцээнд хүч сорьсон. Таиландын тамирчид багаасаа тулалдаж сурдаг болохоор мэргэжлийн төвшинд тулалддаг. Тэднээс сурах зүйл их байсан шүү. 

-Өмнө нь эрэгтэй тамирчинтай тулалдаж байв уу? 

-Эрэгтэй тамирчидтай бэлтгэлийн үеэр тулалдаж байсан. Харин рингэн дээр тулалдаж байгаагүй. Тэгээд ч тулааны спорт эрсдэл өндөртэй. Мэргэжлийн тэмцээнд хамгаалалтгүй тоглодог болохоор бэртэл гэмтэл авах нь элбэг. Таиландад мэргэжлийн тэмцээнд оролцож байхдаа бэртэл авдаг байсан.


Б.НОМУУН


Б.ХАЛИУН: ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ
ОРОЛЦОХЫН ТӨЛӨӨ ХИЧЭЭНЭ ДЭЭ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)