ХАХНХЯ Дифлимпэд амжилт үзүүлсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Олон улсын Сонсголгүй иргэдийн өдрүүдийг тохиолдуулан ХАХНХ- ын сайд С.Эрдэнэ Болгар Улсын Софи хотноо өнгөрсөн долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан зуны XXII Дифлимпэд /сонсголын бэрхшээлтэй тамирчдын/ эх орноо төлөөлөн амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 
Зуны XXII Дифлимпэд манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Д.Баасандорж мөнгөн медаль, Б.Мөнх-Оргил, Б.Наваанцамж, Г.Лхагвасүрэн нар жүдо бөхөөр хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулжээ. Амжилт гаргасан тамирчдад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ баяр хүргэн, цаашдын уралдаан, тэмцээнд улам өндөр амжилт гаргахыг ерөөн, ХАХНХЯ- ны хүндэт өргөмжлөлөөр шагнаж, урамшуулсан юм. Манай улс Олон улсын сонсголгүй иргэдийн өдрийг энэ жил анх удаа тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон бөгөөд дэлхийн Дүлий иргэдийн нийгэмлэгээс гаргасан сонсголгүй иргэдийг нийгмийн харилцаанд “Эрх тэгш” оролцуулах уриалга дор тэмдэглэх юм. 
Манай улс Олон улсын сонсголгүй иргэдийн өдрүүдийг тохиолдуулан сонсголгүй хүүхдийн сурч боловсрох эрх, сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцдог баялаг бүтээгч иргэн байхад хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дохионы хэлийг сонсголгүй хүний харилцааны албан ёсны хэл болохыг хүлээн зөвшөөрөх, дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээг хуульчлах зэрэг асуудлыг шийдвэрлэх уулзалт, бага чуулган зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн сонсголгүй иргэдийн урлаг соёлын авьяастнуудын нэгдсэн тоглолт хийх ажээ.

Г.НЯМСҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)