Б.Гангаамаа: Би авирсан биш гарч чадаагүй оргилоо тоолдог

Дэлхийн ноён оргилуудын нэг К2-т авирсан уулын спортын ОУХМ, Гавьяат тамирчин Б.Гангаамаатай ярилцлаа. Гаднын оронд аялахдаа Очирваань хайрхандаа сүсэглэдэг тэрбээр Завхан нутгаар овоглодог. Гавьяат маань Тосонцэнгэл суманд төрсөн хэдий ч Их-Уулынхныгаа хэзээ ч мартдаггүй нэгэн. Учир нь Их-Уул сум түүний аав, ээжийн төрсөн нутаг ажээ.

-Та хэдий үеэс уулын спортоор хичээллэсэн бэ?
-Миний хүүхэд нас Завхан аймагт өнгөрсөн. Бусдын адил аав, ээжийнхээ гар хөлийн үзүүрт зарагдаж тугал хариулж өссөн дөө. Би нутагтаа сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг. Нутгийн уул ус минь ч намайг түшдэгт итгэдэг. 1989 онд уулын спортод хөл тавьж анх Очирваань хайрхныхаа оргилыг эзэлж байсан. Тэр жил хайрхныхаа оргилд хоёр удаа гарсан юм. Түүнээс хойш уулын спортоос салж чадахгүй бүрэн дүүрэн орсон. Ер нь багаасаа байгальд хайртай хүүхэд байсан. Арван жилээ төгсөөд хотод ирээд нэг жил ажиллаж байгаад Анагаахын коллежид элссэн. Миний үед хүүхдүүд Орос уруу суралцахаар их явдаг байсан цаг. Тэгээд би ч гэсэн түүх, нийгмийн хичээлдээ сайн байсан болохоор тэр чиглэлээр шалгалт өгсөн юм. Гэвч хамар дундуураа таслуулсан даа. Уг нь тэр чиглэлээрээ суралцсан бол өдийд улстөрийн хүн болчих байсан байх. Гэхдээ тэр үед шалгалтдаа тэнцсэн бол уулын спортоор хичээллэж чадахгүй байсан болов уу.

-Гаднын ноён оргилуудаас хамгийн түрүүнд ямар ууланд авирсан бэ?
-2002 онд Алтайн нурууны ноён оргил Белухад анх авирсан. Энэ оргил ОХУ-д байдаг. Тухайн үед Белухад авирсан анхны монгол хүн болсон доо.

-Одоогийн байдлаар хэдэн оргил эзлээд байна вэ?
-Эзэлсэн оргилыг тоолоогүй юм байна. Сайн бөх давснаа биш, унаснаа тоолдог гэдэг. Түүн шиг би авирсан биш гарч чадаагүй оргилоо тоолдог. Ингэж дотроо бодож явдаг хоёр оргил бий. Тэр оргилуудын нэг нь Белуха. 2002 онд хийсэн аялал есдүгээр сард эхэлсэн болохоор хугацаа нь оройтоод оргилд нь гарч чадаагүй. Тэр үеийн авиралт надад дандаа бодогддог юм. Мөн Аргентиний Аконкагуад авиралт хийгээд 6600 метрийн өндөрт гараад буцчихсан. Тийм болохоор энэ хоёр оргил уруу дахиж заавал авирна гэж боддог.

-Уулын спорт эрсдэлтэй спортуудын тоонд багтдаг?
-Үнэхээрийн эрсдэлтэй спорт. Гэвч эрсдэлтэй гээд тойроод өнгөрч болохгүй. Олон улсад хөгжиж байгаа спортын энэ төрөлд эх орноо төлөөлөн оролцох нь тамирчин хүний үүрэг, хариуцлага. Үүнийг мэргэжлийн тамирчид хийх ёстой. Манай улсад мэргэжлийн уулчин цөөхөн бий. Гэвч уулын спортынхон маань амжилтаа хүн амын тоонд харьцуулаад үзэхээр олон улсад дээгүүр байрт жагсч байна. Уулын спортын төрөл эрсдэлтэйгээс гадна хүнээс тал талын мэдлэг мэдээлэл шаарддаг. Хамгийн наад зах нь өөрийгөө авч явах чадвараас эхэлдэг. Дээрээс нь ямар нэгэн шийдвэрийг бие даан гаргадаг байх хэрэгтэй. Уулчин хүн энэ бүхнийг хийж чадсанаараа өөрийгөө ялан дийлж амжилт гаргадаг. Хамгийн гол нь энэ бүх давааг давснаар хүн болж төлөвшдөг гэж би хувьдаа боддог доо. Ууланд авиралт хийхэд баяр баясгалантай, зовлонтой олон зүйл тохиолддог. Ер нь уулчин хүн дотогшоо болчихдог. Ууланд очоод сэтгэл хөдлөлөө гаргаж болдоггүй. Яг авиралтын явцад уулыг залбирч аргадаж байж авирдаг. Түүнээс биш туршлага чадалдаа эрдвэл аялал хэцүүднэ шүү дээ.

-Таны олон улс орноор аялсан он жилүүдэд сонирхолтой, адал явдалтай зүйл багагүй тохиолдсон байх?

-Уулын аянд явахад сайн, муу зүйл олон тохиолдож байлаа. Аян удаан хугацаанд үргэлжилдэг. Би ч гэсэн 20 гаруй жилийн хугацаанд ийм замыг туулж уулчин болж байна даа. Тэгснийхээ хэрээр өнөөдөр л өөрийгөө уулчин боллоо гэж хэлж болохоор боллоо.

-Авиралтын үед уулчдыг оргил хүлээж авахгүй байх тохиолдол хэр гардаг вэ?

-Ер нь уул хүлээж авах хүнээ авна, авахгүй хүнээ буцаачихдаг. Хүлээж авахгүй гэдэг нь тэнгэр цэлмэг сайхан байснаа гэнэт л уулын оргилыг битүү манан татахыг хэлээд байгаа юм. Энэ үзэгдлийг монголчууд бэлгэдлээрээ их ярьдаг. Зарим нь шашинтай ч холбож ярьдаг. Ганцхан Монгол ч гэлтгүй гадаадын уулчид ч тэгж ярьдаг юм билээ. Сая К2-т авираад ирлээ. Уулчид хоёрдугаар баазаас дээшээ явж чадалгүй буцсан. Биднийг буухад уулчид “Уул энэ жил биднийг хүлээж авахад бэлэн биш байна” гэж ярьж байсан. Учир нь бидний авиралтын үеэр цасан нуранги буухад бэлэн болчихсон байсан юм. Бас авирахад их цастай байсан. Тэр үед уулчид буухаар шийдэхэд дээшээ авирахаар шийдээд хоцорсон хоёр хүн амь насаа алдсан.

-Амь насаа алдсан хүмүүс ширпагүй явсан юм уу?

-Тэр хоёр ширпагүй явсан. Гэхдээ олс тавиад явж байгаа ширпа нар явж болохгүй гэж хэлж байхад хүн эр чадалдаа эрдэж болохгүй. Уул бол уул шүү дээ. Тиймээс бид дэндүү чадалтай байна гэдэг нь аюултай гэж ярьдаг.

-Та бүгдийг ууланд байхад нутгийн тонуулчид дайрсан гэл үү?
-Пакистанд 8000 метрээс дээш өндөртэй таван оргил бий. Тэр таван оргилоос Броуд Пит, К2-т би авирсан. Таван оргилын нэг Нангапарбат нөгөө дөрвөөсөө арай зайтай байдаг. Биднийг авирах үед Нангапарбат ууланд бас гадаадын уулчид авирч байсан юм. Уулчдын 13 нь баазад бусад нь авиралт хийгээд явсан гэсэн. Тэгсэн баазад нь талибанчууд ирээд 11 уулчны амь насыг хороосон. Тэдний хоёр нь азаар амьд гарсан юм билээ. Талибанчууд Чилас гээд тэр хавийн нутагт ихээр нуугдмал байдалтай суурьшдаг. Энэ жил уулчдын хувьд Пакистанд их хатуу жил байлаа. Нийтдээ 29 хүн амь насаа алдсан даа. Ер нь Каракорумын уулс их хүнд, хатуу уул юм билээ. Гэхдээ монголчуудын хийморь лундаа, уул ус нь намайг түшдэг гэж боддог. Сая болсон авиралтаар муу зүйлс миний өмнө болж өнгөрөөд байсан. Дээрээс нь монгол хүний уул усны савдагт итгэдэг ухаан надад тусалсан юм. Би очсон газрынхаа нутгийн иргэдийг тухайн нутгийн эзэн савдаг мэт хүндэлдэг. Энэ утгаараа ширпа нартай сайхан харилцдаг. Тийм болохоор ч уул ус нь сайхан хүлээж авдаг байх. Зарим гаднын уулчид нутгийнхан, ширпа нартай их заагтай харилцдаг. Тэднийг үйлчлэгч, зарц шиг хардаг ч хүмүүс бий. Үүнийг хараад хааяа эвгүй санагддаг л юм. Пакистанд эм, тариа их ховор байдаг юм билээ. Би эндээс гарахдаа их эмтэй явсан. Ирэхдээ нутгийн хүмүүст өгсөөр байгаад дуусгаад ирсэн. Зарим нутгийн иргэдийн хүүхэд нь өвдөөд дагуулаад ирдэг байлаа. Ямар сайндаа би эмч биш гэж хэлэхэв дээ.

-Пакистанчуудын дунд тийм удсан юм уу?

-Нэг их удаагүй ээ. Зүгээр л ажиг- ласнаа ярьж байна. Уугуул нут гийнхан хоёр тал болсон шиг санагдсан. Ядуу, баян гэсэн хоёр хэсэгт хуваагдчихсан байдаг. Хөдөөний амьдрал тааруу байсан. Гэхдээ амьдрал нь хэдий муу ч ам.доллартай харьцах дотоодын мөнгөний ханш нь манайхаас сайн юм билээ. Тэнд нэг ам.доллар 100 рупитэй тэнцдэг. Цалин нь ч гэсэн өндөр.

-Аялж байсан улсуудаас хамгийн найрсаг ард түмэнтэй нь хаанах байв?
-Азичууд илүү найрсаг байдаг. Тэр дундаа нипалууд хүнд үйлчлээд сурчихсан ард түмэн юм билээ. Хүн загнаад байхад инээгээд байдаг, нэг бодлын их тэвчээртэй юм шиг санагдсан. Тэд гадаадаас ирсэн жуулчдад үйлчилж мөнгө олдог. Тийм болохоор элдэв муу зан гаргадаггүй байх. Гэхдээ яг дунд нь ороод амьдарч үзээгүй болохоор энгийн ард түмэн ямар байхыг мэдэхгүй юм.

-Дэлхийн хамгийн өндөр 14 оргилын хэдийнх нь оргилд гараад байна?
-Ганцхан Эверестийн оргилд гарсан. Харин тэдгээрээс гуравт нь авирчээ. 8000 метрийн оргилд гарсан хүн нэг их олон зүйл бодоод байх боломж олддоггүй, хугацаа нь ч байдаггүй. Ялангуяа Эверест ч юм уу, К2-т гарахад хамгийн түрүүнд улсынхаа төрийн далбааг мандуулаад буудаг. Мөн ивээн тэтгэгч компаниудынхаа тугийг хатгадаг. Хамгийн гол нь гарсан гэдгээ баталгаажуулахын тулд зураг авахуулдаг юм.

-Одоо авирахаар төлөвлөж байгаа оргил бий юу?
-Байлгүй яахав. Гэхдээ уулчид авирахаар зэхэж байгаа оргилоо эрт зарладаггүй. Авирах гэж байгаа уулаа эрт зарлана гэдэг нь тэр том оргилыг амлаж байгаа юм шиг болдог. Тэр тусмаа уулыг ам авч болдоггүй. Мөн нэг ууланд авирахаар төлөвлөөд бэлтгэлээ базаахад их хугацаа зарцуулдаг. Бэлтгэл хийх тэр хугацаанд юу ч болоо билээ, тиймээс авирах гэж байгаагаа эрт зарлах нь тохиромжгүй байдаг юм. Ер нь хоёр жил бэлтгэж байж нэг оргилд авирахаар болдог. Би К2-т авирахын тулд 2007 оноос эхэлж бэлтгэл хийсэн.

-Таныг олон улсын кино наадамд урьсан гэсэн. Энэ талаар сонирхуулаач?
-Болгарт болох олон улсын 13 дахь кино наадамд оролцох урилга хүлээн авсан. Урилга өнгөрсөн долдугаар сард ГХЯ-нд ирсэн юм билээ. Тухайн үед би Пакистанд байсан болохоор тэр талаар мэдээгүй байсан. Энэ кино наадамд хүмүүс их ач холбогдол өгч байгаа гэсэн. Тийм учраас заавал явах ёстой юм байна. Би кино наадмын үеэр илтгэл тавьж, эх орныхоо төлөө баримтат кино үзүүлнэ. Үүний зэрэгцээ Болгарт миний тухай кино гаргана гэсэн.

-Гэр бүлийнхнийгээ танил- цуулаач?
-Би 11 хүүхэдтэй айлын долоо дахь нь. Ах, дүү нартайгаа үе тэнгийн дэрсхэн өссөн дөө. Аав маань долоон жилийн өмнө бурхан болсон. Хэдийгээр аав минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч охиноо тэнгэрээс харж байгаа байх гэж боддог юм. Ялангуяа алсын замд аялж явахад охиныгоо ивээдэг гэж дотроо боддог. Сайхан аав, ээжийн охин болсон би тэднийгээ баярлуулж яваа гэдэгт итгэдэг. Ээж маань намайг К2-т авирахад их санаа нь зовсон байна лээ. Сэтгэл санааны хувьд их хүнд байсан гэсэн. Эх хүнийхээ зөн совингоор л намайг таагүй байгааг мэдэрсэн юм байлгүй дээ. Түүнээс одоо 80 хүрэх гэж байгаа хүн ямар юмны интернэтэд ороод мэдээ үзэх вэ дээ. Ер нь би томоохон авиралтад явахаараа ах дүү, гэр бүлийнхэндээ хэлдэггүй. Ихэнхдээ Монголд байгаа зохион байгуулах хорооныхон уруу ярихаас өөрөөр олон хүнд дуулгадаггүй юм.

-Ээж болсон уу?
-Одоохондоо гэрлэж амжаагүй л явна. 365 хоногийн дийлэнхийг нь ууланд өнгөрүүлж байгаа юм чинь аль завандаа ээж болох вэ дээ /инээв/. Энэ асуулт мөнхийн чихнээс уяатай байдаг болсон. Зорилгодоо хүрчихээд болох байлгүй дээ. Миний гэр Эрдэнэт байдаг. Долоо хоногийн гурван өдөр Эрдэнэт, үлдсэн хугацаанд хотод байдаг. Жилийн дөрвөн сарыг ууланд өнгөрүүлдэг. Зун Монголынхоо ууланд хөтчийн ажил хийдэг шүү дээ. Ууланд сэрүүхэн байдаг болохоор сүүлийн хэдэн жил зуны халууныг мэдрэхгүй өнгөрсөн.

-Уншдаг тарнитай юу?

-Уул усаа шүтнэ. Гэхдээ өдөр болгон сунаж мөргөдөггүй. Хааяа дотроо Очирвааниа бодчихоод явдаг л хүн. Би зөн совин, зүүдэндээ итгэдэг.

-Хэр дуулдаг вэ?
-Хүн дагаад дуулбал дуулчихна аа /инээв/. Гэхдээ манай удамд сайн дуу- чин бий. Ээж маань их сайхан дуулдаг хүн. Монгол Улсын гавьяат жүжиг- чин У.Далантай бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд. Манай ээжийн та лын хан их сайхан дуулдаг хүмүүс байдаг.

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)