
БНХАУ-ын Тяньжин хотноо өнгөрсөн ням гаригт эхэлсэн Зүүн Азийн VI наадмын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 63 кг-ын жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Н.Баярмаа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр нийлбэр дүнгээр 226 кг өргөжээ. Н.Баярмаа 2008 онд Азийн аварга болсон төдийгүй олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан юм. Мөн тэрбээр хүндийн өргөлтийн улсын рекордыг эзэмшдэг билээ. Ийнхүү тэмцээний эхний өдрүүдэд манай улсаас нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртээд байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэл, Х.Бямбабаатар нар багаараа 1855 оноо авч хүрэл медаль хүртжээ. Энэ төрөлд БНХАУ 1886, БНСУ 1863 оноогоор алт, мөнгөн медалийн тавцанд зогссон байна. Харин ОУХМ Н.Баяраа хувийн харваанд IV байрт шалгарчээ. Таеквондогийн төрөлд У.Ханд, М.Түмэнбаяр, П.Тэмүүжин, хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 1500 метрийн зайд Н.Мөнхбаяр нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. Манай улсаас тус тэмцээнд 280 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож буй. Тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар БНХАУ 22 алт 13 мөнгө, 9 хүрэл нийт 44 медаль хүртээд байгаа бол Япон Улс (8+7+12=27), БНСУ (4+12+13=29) удаалж явна. Наадамд Монгол, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Япон, Таивань, Хонконг зэрэг есөн орны баг тамирчид спортын 22 төрлөөр 262 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Б.СЭЛЭНГЭ
Сэтгэгдэл (0)