Б.Сэр-Одын амжилтын марафон үргэлжилсээр

Өөрийгөө даван туулахын илэрхийлэл болсон марафон гүйлтийн спортоор шаргуу хичээллэж эх орныхоо нэрийг гарган, төрийн далбаагаа хэдэнтээ өндөрт өргөж яваа Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Одын төрсөн өдөр саяхан тохиосон. Тэрбээр төрсөн өдрөө БНХАУ-ын Тяньжин хотод зохион байгуулж буй Зүүн Азийн наадамд оролцож өнгөрүүлсэн билээ. Марафоны дэлхийн аваргад зургаан удаа, oлимпийн их наадамд гурван удаа эх орноо төлөөлөн оролцсон гавьяат маань энэ удаагийн наадмын 5000 метрийн төрөлд мөнгөн медаль хүртэж давхар баяр тэмдэглэлээ. Олны нүдэнд төдийлөн өртдөггүй гавьяат маань тэмцээний бэлтгэлээ хилийн чанадад хийдэг. Тиймдээ ч түүний талаархи мэдээлэл хааяахан л сонсогддог.

 Тэр үед чихэнд чимэгтэй ялалтын мэдээгээр ард түмэндээ бэлэг барьдаг нэгэн. Хүн бүрийн зүрхэлж амладаггүй спортын төрөл сонгон хичээллэж дэлхийд данстай тамирчин болтлоо танигдсан нь түүний өөрийгөө ялан дийлэх ухаан, нөр их хөдөлмөрийнх нь үр шим биз ээ. Тамирчин хэчнээн сайн багш, хөрөнгө мөнгөтэй байлаа ч хүсэл, тэвчээр үгүй бол зорилгодоо үл хүрнэ. Харин тэр бүхнийг даван туулж ярьснаа ажил, амжилт болгодгийн үлгэр жишээ нь гавьяат тамирчин Б.Сэр-Од юм. Түүнийг спорт тэр дундаа хөнгөн атлетикаар хичээллэхэд аав, ээж нь дургүй байсан гэдэг. Учир нь гавьяат даарвал амархан ханиад хүрч, хоолой нь байнга өвддөг сул биетэй байж. Гэсэн ч тэрбээр бэлтгэлээ нууцаар хийж, улмаар 1997 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон хүрэл медалийн эзэн болж спортын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Энэ үеэс л гавьяатын хувьд гүйлт гэдэг бол аз жаргал, баяр баясгалан болсон байна.

 Улмаар зорилго, хүсэл мөрөөдлөөр цалгин байгаа хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг хүлээн зөвшөөрч аав, ээж нь тамирчин болохыг нь дэмжжээ. 2000 онд болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд Б.Сэр-Од аваргалснаар тэдний гаргасан шийдвэр зөв гэдгийг амжилтаараа харуулсан байна. Түүнээс хойш тэрбээр улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож өдгөө дэлхийн энтэй тамирчин болжээ. Монголын хөнгөн атлетикийн тамирчдаас олимпод оролцох эрх авсан анхны тамирчин болсон нь манай спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн билээ. Учир нь түүнээс өмнө олимпод өрсөлдөж байсан тамирчид урилга буюу цагаан хуудсаар оролцдог байсан. Түүний Монголын хөнгөн атлетикийн түүхэнд оруулсан хувь нэмэр үүгээр дуусахгүй. Б.Сэр-Од 2008 онд Хонконгт болсон марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож хоёр цаг 20 минут 23 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн нь мөн л Монголын хөнгөн атлетикийн түүхэн дэх тивийн аваргаас авсан анхны медаль байв. 2011 оны Солонгос Улсын Дэгү хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд 20 дугаар байр эзэлсэн нь Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэн дэх анхны томоохон амжилтуудын нэг юм. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Хонконг хотод зохиосон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож хоёр цаг 17 мин 47 сек амжилтаар алтан медаль авсан нь хөнгөн атлетикийн түүхэн дэх анхны алтан медаль байлаа.

 Ингэж монголчуудаа баярлуулсан хүүгээ эх орон, төр засаг нь өндрөөр үнэлж Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм цолыг хүндэтгэлтэйгээр өгсөн юм. Б.Сэр- Од Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн түүхт ойгоор энэхүү эрхэм цол авсандаа ихэд бэлэгшээж байсан билээ. Гэсэн ч энэ баярт мөч түүний хувьд баяр гунигийг хослуулж байв. Учир нь түүнийг гавьяат болохын өмнөхөн уул шиг түшигтэй аав нь бурхны оронд заларсан юм. Гавьяат тамирчин Б.Сэр-Одын сайн найз, дасгалжуулагч түшиг тулгуур болдог хүн бол түүний гэргий О.Оюунтуяа билээ. О.Оюунтуяа дундын зайн гүйлтийн тамирчин байсан. Тиймдээ ч тамирчин хүний жаргал зовлонг сайн мэддэг нэгэн. Гавьяатыг медаль аваад ирэхээр тэнгэрт тултал магтаж, тэмцээнд тааруухан оролцвол усанд хаясан чулуу шиг санах үед тулах багана нь болж магтаал, шүүмжийг нь хамт сонсдог. Өдгөө түүний үргэлжлэл болсон хүү, охин хоёр нь эрийн цээнд хүрч аавынхаа алдрыг үргэлжлүүлэхийг хэн мэдэх билээ. Ийм л нэгэн спортын гэр бүл эх орныхоо нэрийг гаргасаар явна. Спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн гүйлтийн замд Монголын нэрийн хуудас болсоор хоёр ч олимпийг үдээд буй Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Одыг олон сорил угтаж байгаа. Улсынхаа хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоосон түүний амжилтын мэдээг монголчууд хүлээсээр байх болно.

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • zorigoo (103.9.91.146)

    2013-10-14

    uneheer ih er zorig tevcheer hatuujil shaardsan sportiin turul shu de, ser-oddoo ulam ih amjilt husie ard tumen chine chamaar baharhaj harj amjilt huleej bga shu

  • javhaa (217.26.255.201)

    2013-10-14

    ene huvtsas ni yag l hytadiin tamirchin shig ungutei bolj tsenher ungu hiichij boloogui ymu

  • аааа (103.26.194.81)

    2013-10-14

    энэ Сэр од үнэхээр мундаг тамирчин нэг байх юм аа,аз жаргал амжилт бүхний дээдийг хүсье

  • bayar hurgie (182.160.39.121)

    2013-10-13

    hamgin aguu tamirchid.bayar hurgye

  • hurlee (203.91.117.4)

    2013-10-12

    uneheer gaihaltai tamirchin bid buhnii baharh*****

  • Тиймээ (202.70.37.202)

    2013-10-10

    Өшөө илүү амжилт хүсье.

  • (103.26.195.133)

    2013-10-10

    ulam ih ajilt husie

  • mongol (103.11.193.110)

    2013-10-10

    Amjilt, sain saihniig husie.

  • oogii (203.194.114.182)

    2013-10-10

    amjilt huseye.