Зоя Голубева 13 дахь удаагаа дэлхийн аварга боллоо

Манай улсад анх удаа болж буй 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагчаар дэлхийн 12 удаагийн аварга, Латвийн Зоя Голубева тодорлоо. Тэрбээр боломжит 30 онооноос 22-ыг авсан юм. Удаах байрт 21 оноогоор дэлхийн дөрвөн удаагийн аварга Украины их мастер Дарья Ткаченко, 20 оноогоор дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина нар шалгарч мөнгө, хүрэл медаль хүртлээ. Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч, Голландын иргэн Харри Оттен Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж тэмцээний хаалтын ажиллагаанд оролцон, тамирчидтай уулзав. Тэмцээний үндсэн төрөлд ОХУ, Монголоос тус бүр гурав, БНХАУ-аас хоёр, Украинаас хоёр, Голланд, Беларусь, Латви, Литва, Польш, Эстон Улсаас нэг нэг тамирчин оролцсон юм. Манай улс зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу 2012 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер М.Нямжаргал, 2013 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер Э.Мандахнаран болон Азийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний мөнгөн медальт, спортын дэд мастер М.Одгэрэл нарыг оролцуулсан билээ. Дэлхийн даамын холбооны дүрмийн дагуу эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жил тутамд зохиогддог. 2012 онд Франц Улсад болсон Дэлхийн даамын холбооны Ерөнхий ассемблейгаар Польш, Эстонитой манай улс өрсөлдөж дэлхийн аваргыг зохион байгуулах эрх авчээ.

Б.СЭЛЭНГЭ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)