Дэлхийн аваргын медальтнууд тэмдэглэл өдрөөрөө хичээл заав


Дэлхийн жүдо бөхийн өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдөр зөвхөн жүдочдын төдийгүй монголчуудын тэмдэглэлт өдөр юм. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монголын жүдо бөхийн холбооныхон нээлттэй хичээл хийв. Хичээлийг Бразилийн дэлхийн аварга М.Уранцэцэг, мөнгөн медальт Д.Амартүвшин нар заасан юм. Энэ л гайхалтай спортоос Монгол Улсын анхны олимпийн аварга төрсөн билээ. Ийм л гайхалтай спортын төрлөөр хичээллэсэн монгол охид, хөвгүүд медалийн буухиаг үргэлжлүүлж төрийн дууллаа эгшиглүүлэн элэг нэгт биднийхээ хамрын самсааг шархиртал бахдам амжилтыг үзүүлсээр байна. Саяхан болсон жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр монголчууд эмэгтэйчүүдийн анхны дэлхийн аваргаа угтан авсан. Энэхүү амжилтыг үргэлжлүүлэн манай жүдочид баярт өдрийнхөө өмнөхөн мөнгө, хүрэл медаль зүүлээ. Словени Улсын Любляна хотноо болсон жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртэж, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртсэн юм. Энэ мэт сэтгэл догдлуулсан баярт мэдээг тамирчид маань бидэндээ дуулгасаар байх биз ээ. Энэхүү өдрийг өнгөрсөн онд “Бүх хүнд жүдо” гэсэн сэдэвтэйгээр тэмдэглэн өнгөрүүлж байсан. Харин энэ жил “Цуцалтгүй оролдлого” сэдэвтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ. Жүдо бөх нь 1882 онд Каноо Жигороогийн анхлан зохиосон Японы цэрэг, байлдааны урлагийн нэг бөгөөд яваандаа бие хамгаалах урлаг болон спортын төрөл тэр тусмаа олимпийн төрөл болж чаджээ. Тиймээс энэхүү барилдааныг зохиосон Каноо Жигороогийн төрсөн өдрийг дэлхийн жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэх болжээ.

Жү - барилдаан гэсэн үгийг цэгнэх саруул ухаан гэсэн утгаар;
До – зам гэсэн үгийг дээд амжилт, нийтийн амар амгалан гэсэн утгаар ойлгох.

Барилдаанд хамгийн бага хүч зарцуулж, хамгийн дээд амжилт байгуулах, өөртөө ба орчин тойрныхоо хүмүүст амар амгалан байдлыг бий болгоход өөрийн бүх хүчийг зориулах, нийлбэр утгаараа хүн төрөлхтөнд амар амгалан байж, хөгжил дэвшилд хүрэх замд туслах хэрэгтэй гэсэн утга агуулсан байдаг юм байна.

Кодо - үнэнийг сургах;
Кан – барилдааны замын үнэнийг сургах уулзалт гэсэн утгатай япон үг юм байна.

Жүдо барилдааныг үндэслэгч Каноо өөрийн ухамсарт амьдралаа спортыг хөгжүүлэх, ялангуяа жүдо бөхийн барилдааныг соёлт хүн төрөлхтний хүртээл болгоход авч явуулсан арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүхэнд дэмжигдэн бишрэгдсэн явдал нь анхлан боловсруулсан хөтөлбөр, сургалтын систем нь хэчнээн сайн боловсрогдсоны үр дүн юм. Ийнхүү жүдо бөхийн барилдаан үүсч, түүнийг сургадаг сургууль нь хөгжлийн түүхэн замыг туулжээ. Жүдо бөхийн барилдаан Монголд үүсч өнөөгийн төвшинд хүртэл хөгжихдөө спортын бусад төрлүүдийн нэгэн адил өөрийн өвөрмөц түүхэн замыг туулсан. 1960-аад оны дунд үед БНСЧСУ (тэр үеийн нэрээр)-ын нийслэл Прага хот дахь Карлын нэрэмжит Их сургуулийн оюутан Л.Батмөнх, С.Цэвэгжав нар нь жүдо бөхийн барилдаанаар хичээллэсэн анхны залуус юм. Түүнчлэн БНСЧСУ, БНАГУ-д суралцаж байсан О.Лодон, Л.Нямцэрэн нарын залуучууд жүдо барилдаанаар амжилттай хичээллэсэн ахмад жүдочид билээ. 1960-аад оны сүүлээр Японы Кодоканы их сургуультай Ч.Машбат нөхдийн хамт холбоо барьж улмаар 1969 онд ОУЖБХ, Японы жүдо бөхийн холбоноос жүдо бөхийг хөгжүүлэх талаар анхны захидлыг илгээж байжээ.

Б.СЭЛЭНГЭ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)