Хамгийн сайн довтолсон нь Бекхам Гойгереев байжээ

Унгар Улсын нийслэл Будапешт хотод өнгөрсөн есдүгээр сард болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд хамгийн сайн довтолгоон хийсэн, хамгийн сайн хамгаалалт хийсэн бөхөөр Оросын Бекхан Гойгереев, Америкийн Жордан Барроус, Ираны Хасан Рахими гурав тодорчээ. Оросын залуу од Б.Гойгереев 60 кг-ын жинд түрүүлэхдээ зургаан барилдаандаа өрсөлдөгч нараа онооны илт давуугаар цэвэр ялж нийтдээ 59 оноо авч чөлөөт бөхийн төрлийн хамгийн сайн довтолгоон хийсэн бөх болжээ. Тэрбээр үндэсний аварга шалгаруулах тэмцээндээ дэлхийн дэвжээнээс долоон медаль хүртсэн Бесик Кудуховыг ялж алтан медаль хүртсэн байна. Энэ жагсаалтад манай улсаас Г.Мандахнаран тавдугаарт эрэмбэлэгджээ. Тэрбээр 39 оноо цуглуулсан байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн сайн хамгаалалт хийсэн бөхийн алдрыг АНУ-ын Ж.Барроус, Ираны Х.Рахими нар хуваан хүртжээ. Тэд жин тус бүртээ аваргын титмийг авахдаа таван барилдаанд тус бүр гурван оноо алдсан аж. Ж.Барроус нь 67 тэмцээнд дараалан түрүүлж эх орондоо үндэсний дээд амжилт тогсоосон бол домогт бөх Ибрагим Жавади 1969-1974 онуудад дэлхийн аваргаас дөрвөн алтан медаль авч байснаас хойш 42 жилийн дараа Х.Рахими хамгийн хөнгөн жинд эх орондоо алтан медаль авч очжээ. Хамгийн сайн довтолгоон хийсэн, хамгийн сайн хамгаалалт хийсэн бөхчүүдийн үзүүлэлтээр дээрх гурван бөх мөн тэргүүлж дэлхийн шилдгүүдийн үзүүлэлтэд ойртож байна.

Оролцсон бүх тэмцээнд авсан, алдсан онооны зөрүүг нь оролцсон нийт тэмцээнд хувааж гаргадаг үзүүлэлтээр
Бекхан Гойгереев 7.8, Жордан Барроус, Хасан Рахими хоёр 6.2 оноотой байгаа ажээ.

Хамгийн сайн довтолгоон хийсэн бөхчүүд:
1. Бекхан Гойгереев /ОХУ/ 59 оноо
2. Нариман Исрапилов /ОХУ/ 47 оноо
3. Эхсан Лашгари /Иран/ 44 оноо
4. Ибрагим Алдатов /Украин/ 41 оноо
5. Ганзоригийн Мандахнаран /Монгол/ 39 оноо
6. Анзор Болтукаев /ОХУ/ 36 оноо
7. Жордан Барроуз /АНУ/ 34 оноо
8 Реза Яздани /Иран/ 34 оноо
9. Хассан Рахими /Иран/ 34 оноо
10. Амит Кумар /Энэтхэг/ 33 оноо



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)