“Бид зүрхээрээ сонсдог. Харин Ерөнхийлөгч та чихээрээ сонсч чадахгүй гэж үү”

- СОНСГОЛГҮЙ Ч ГЭСЭН БИД МОНГОЛ УЛСЫН ИРГЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ТА ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ЭРГЭН ХАРААЧ -

ССАЖЯ урам хугалсан хариу өгөв Манай сонинд хэдхэн сарын өмнө хандаж байсан Сонсголын бэрхшээлтэй тамирчдын зуны XXI дифлимпийн алтан медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Очбадралын ээж Б.Цэрэннадмид бидэнд дахин хандлаа. Тив, дэлхийн тэмцээн, олимпод амжилт үзүүлсэн сонсголын бэрхшээлтэй тамирчдад төрөөс олгодог мөнгөн урамшуулал олгох асуудал нааштай шийдэгдсэн талаар бидэнд дуулгахаар ирж дээ гэж бодон тосч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 оны наймдугаар сарын 16- ны өдрийн 151 дүгээр зарлигаар олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшууллыг олгож эхэлсэн билээ. Энэхүү урамшууллыг олгох болсноор Монголын спортын салбарынхны дунд хагарал үүссэн гэж хэлж болно. Учир нь дифлимп буюу сонсголын бэрхшээлтэй тамирчдын дунд уламжлал болгон зохиогддог наадамд манай нэр бүхий тамирчид өндөр амжилт үзүүлсэн юм. Тэдний нэг болох МУГТ Д.Очбадрал жирийн тамирчидтай адил сар бүр урамшуулал хүртэх эрхтэй гэж үзсэн боловч төрөөс ямар нэгэн хариу өгөхгүй байсан учир манай сонинд хандав. Бид дифлимпид амжилт үзүүлсэн тамирчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг адилхан үйлчлэх ёстой гэсэн агуулгатай нийтлэлийг удаа дараа нийтэлж байсан юм. Бидний нийтлэлийн дараа Б.Цэрэннадмид эгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ССАЖЯ-наас хариу ирүүлсэн аж. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд хүсэлтийг шилжүүлжээ. Мэдээж энэ асуудлыг анхнаас нь шийдвэрлэж хариулт өгөх хүн бол ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл байсан. Харин сайдад өгсөн өргөдлийн хариуг ССАЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнхорлоо сайдынхаа өмнөөс өглөө. Тэрбээр “Таны Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан бичсэн өргөдөлтэй танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 151 дугаар зарлигт үе үеийн олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүрийн урамшуулал олгох чиглэл өгсөн. Засгийн газрын 2013 оны 183 дугаар тогтоолын 3.16-д “Урамшуулал нь олимп, паралимп болон уг наадмын төрөлд багтдаг спортын төрлийн зай, жин, төрөлд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд сар бүр урамшуулал олгоно” гэж тусгасан. Засгийн газрын 2013 оны 183 дугаар тогтоолын 3.16-д Дифлимпийн наадамд медаль хүртсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгох талаар тусгагдаагүй тул урамшуулал олгох боломжгүй байна” хэмээсэн байна. Анхандаа ССАЖЯ Б.Цэрэннадмид гуайд дифлимпийг чанартай тэмцээн гэж үздэггүй учир тамирчдад олгох сар бүрийн урамшууллыг сонсголын бэрхшээлтэй тамирчдад олгох боломжгүй гэж байсан юм. Гэвч бидний олон удаагийн бэлтгэсэн нийтлэлийн дагуу дифлимп нь олон улсын томоохон наадам гэдгийг ойлгосон бололтой байсан. Дээрх яам, тамгын газраас ирүүлсэн албан бичигт Ерөнхийлөгчийн зарлигт дифлимпийн олимпоос медаль хүртсэн тамирчдад урамшуулал олгох тухай ямар ч заалт байхгүй гэжээ. Тамирчдаа алагчилж буй мэт энэхүү шийдвэрээ Ерөнхийлөгч маань эргэн харж шийдвэрлэнэ гэдэгт сонсголын бэрхшээлтэй тамирчид, тэдний гэр бүл итгэж байна. Ерөнхийлөгч гаргасан шийдвэрээ эргэн харж, бусад тамирчидтай адил урамшуулал олгооч Хэн ч гэсэн улс эх орныхоо өмнө хийж бүтээсэн гавьяаныхаа урамшууллыг хүртэх эрхтэй. Үүнтэй адил сонсголын бэрхшээлтэй тамирчдын дифлимпийн XXI зуны наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож, бас чамгүй өндөр амжилт үзүүлж, анх удаа алтан медаль хүртсэн МУГТ Д.Очбадрал, мөн өнгөрсөн зуны дифлимпийн наадамд оролцож нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн сонсголын бэрхшээлтэй тамирчид Ерөнхийлөгчийн гаргасан 183 дугаар тогтоолд хамрагдах гавьяатай хүмүүс гэдгийг тэдний гэр бүл, эцэг, эх, Сонсголын бэрхшээлтэй тамирчдын спортын холбоодын төлөөлөл төр засагтаа хандан дуулгаж байна. Сонсголын бэрхшээлтэй тамирчдын спортын их наадам зуны XXII дифлимпиэс манай улсын тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медальтай ирсэн бөгөөд багийн амжилтаараа 36 дугаар байрт оржээ. Энэ жилийн наадамд дэлхийн 67 орон оролцсон аж. Үүнд чөлөөт бөхийн 96 кг-ийн жинд Д.Баасандорж мөнгөн медаль хүртсэн бол жудогийн 66 кг-ийн жинд Б.Мөнх-Оргил, 73 кг-ын жинд Б.Наваанжамц, эмэгтэй 57 кг-ын жинд Г.Лхагвасүрэн нар хүрэл медаль хүртсэн. Ийнхүү манай тамирчид дифлимпид оролцож эхэлснээсээ хойш түүхэндээ хамгийн олон медаль хүртэж, мөн анхны эмэгтэй медальтантай болсон юм. Манай тамирчид дифлимпид оролцож эхэлснээсээ хойш нийт нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртээд байна. Мөн сонсголын бэрхшээлтэй тамирчдын спортын холбоодын үзэж буйгаар тамирчдын олон улсын олимп, наадамд үзүүлэх амжилт үүгээр зогсохгүй цаашид буухиалан үргэлжилнэ гэдгийг хэлж байгаа юм. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн дифлимпид оролцсон тамирчдын сэтгэгдлийг сонслоо.

Дифлимпээс медаль хүртсэн анхны монгол эмэгтэй тамирчин Г.Лхагвасүрэн:

-Сонсголын бэрхшээлтэй тамирчдын олимпод оролцож медаль хүртсэн анхны монгол эмэгтэй гэсэн эрхэм алдрыг хүртсэндээ их баярладаг. Би найман жилийн өмнөөс жудогоор хичээллэж эхэлсэн. 2009 онд Тайваньд болсон сонсголгүй иргэдийн олимпод оролцож тавдугаар байрт орж байсан. Өдий хүртэл намайг дэмжиж ирсэн ээжийнхээ ачийг хариулах гэсэндээ би өдөр бүр бэлтгэл сургуулилт хийдэг. Энэ тэмцээнд орж амжилт үзүүлсэн маань үүнд минь бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэж бодож байна. Эх хүн болсон хойно үрдээ итгэж найдна шүү дээ. Миний хүү бусдаас юугаараа дутах билээ. Ийм их амжилт үзүүлсэн юм чинь төр харна биз гэдэг юм. Манай гэр бүлийн итгэл найдварыг бүү алдуулаасай л гэж хүсч байна. Хамт бэлтгэл сургуулилт хийдэг тамирчдын маань гэр бүлийнхэн ч үүнийг л хүсдэг байх.

Зуны XXII дифлимпээс хүрэл медаль хүртсэн Б.Мөнх-Оргил:
-Миний хувьд энэ наадамд хоёр дахь удаагаа амжилттай оролцоод ирлээ. Зуны XXI наадамд оролцож хүрэл медаль авч байсан нь саяхан юм шиг л санагдаж байна. Амжилтаа ахиулахыг зорьж очсон боловч чадсангүй. Гэхдээ би залуу байна. Амжилтаа ахиулах боломж цаашид олдох байх гэж найдаж байна.

Бидэнд жаахан л тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа юм гэдгийг л хэлмээр байна. XXI Дифлимпийн алтан медальт МУГТ Д.Очбадрал:
-Ерөнхийлөгчийн 183 дугаар тогтоолд хамрагдана гэдэг ганц миний хүсэл зорилго биш. Сонсголын бэрхшээлтэй тамирчин найз нөхөд, гэр бүлийнхний минь хүсэл зорилго. Бид зүгээр суугаад төрөөс тусламж хүсээгүй. Бид хийх ёстой зүйлээ хийчихсэн улс. Цаашид ч хийж бүтээх итгэл найдвар, бяр чадал дүүрэн байна. Ерөнхийлөгч тамирчдыг урамшуулах болсныг бид маш зөв шийдвэр гэж үздэг. Гэхдээ энэ тогтоолд дифлимпийг оруулаагүй нь биднийг ялгаварлан гадуурхаж байгаа мэт санагдаж байна. Зарим үед бидэнд урамшуулал өг, өгөхгүй бол бусад тамирчдад ч ялгаагүй өгөх шаардлагагүй юм шиг санагддаг. Сонсголгүй ч гэсэн бид Монгол Улсын иргэд биз дээ.

Г.НЯМСҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)