Ц.Баярсайхан: ”Гаднын дасгалжуулагчдад судлагдаагүй нь тэдний давуу тал”

Ардчилсан Солонгос Улсад хамтарсан бэлтгэл хийсэн чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхантай ярилцлаа.

-Ардчилсан Солонгосын аль багтай хамтарсан бэлтгэл хийсэн бэ?

-Залуучуудын шигшээ багийн найман тамирчин БНАСАУ-д аравдугаар сарын 18-28-нд хамтарсан бэлтгэлд оролцоод ирлээ. Бид тус улсын армийн “4.25” багтай бэлтгэл хийсэн. Улсынхаа шигшээг бүрдүүлдэг гол баг нь тэнд байсан. Хойд Солонгосын хөнгөн жингийн бөхчүүд дэлхийд дээгүүр өрсөлддөгийг бөхчүүд андахгүй. Биднийг бэлтгэл хийх үед Иранд армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэмцээнд манай тамирчидтай бэлтгэл хийж байсан тамирчин оролцож дэлхийн аварга болоод ирсэн. Тиймээс Хойд Солонгосын тамирчдыг судлахад хэцүү санагдсан шүү. Хамтарсан бэлтгэлийн үеэр хоёр орны уулзалт халз барилдаан хийсэн. Эхний барилдаанд 4:4- өөр тэнцээд дараагийнхад 5:3-аар хожигдсон. Манай залуучууд дэлхийн шилдгүүдтэй гар зөрүүлж тэднээс их зүйл сурсан гэж бодож байна.

-Дасгалжуулагчийн хувьд авууштай зүйл их байв уу?
-Ерөнхийдөө орон бүрийн бэлтгэл сургуулилт өөрийн гэсэн арга барил, онцлогтой байдаг. Солонгос тамирчдын хувьд хөл авах техник нь онцгой санагдсан. Өндөр зэрэглэлийн тамирчид ямар бэлтгэл сургуулилт хийдгийг бид нэлээн ажигласан. Биеийн ерөнхий хөгжлийн бэлтгэлийг долоо хоногт 3-4 удаа хийлгэж байсан даа.

-Дасгал сургуулилтаа хаана хийсэн бэ?
-Гурван дэвжээтэй том зааланд бэлтгэл хийсэн. Тэнд хэрэглэл материал, тоног төхөөрөмж хангалттай байсан. Харин ард түмний ахуй байдал ямархуу байгааг бид мэдэхгүй. Биднийг дээд төвшинд хүлээн авсан. Ер нь тамирчид нь зөвхөн бэлтгэлдээ анхаарахаас өөр аргагүй орчныг бүрдүүлсэн байна лээ.

-Хоёр улсын тамирчдын барилдааныг харьцуулбал?
-Биднийг явахад Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж “Солонгос тамирчдын бэлтгэлийн арга барил, идэж буй хоол хүнс, ууж буй амин дэм, сахилга бат зэрэг бүх зүйлийг судалж ир” гэсэн үүрэг даалгавар өгсөн. Сахилга бат, дэг журмын хувьд солонгосчуудтай ярих юмгүй. Социалист дэглэмтэй улс, дээрээс нь армийн баг учраас сахилга бат дээд төвшинд байсан. Манай тамирчдын хувьд биеийн хөгжлийн бэлтгэлээр тэднээс дутмаг санагдсан. Нэг дасгалжуулагч 4-5 бөхтэй ажиллаж байсан. Ийм нөхцөлд тамирчин хүн өөрийн үндсэн мэх, арга барилаа олж авч, хурдан өсч хөгждөг юм шүү дээ.

-Орос, Солонгос Улсын бөхчүүд гадаадаас илүү дотооддоо өрсөлддөг гэсэн. Ер нь нэг жинд хэчнээн хүн бэлтгэл сургуулилт хийдэг юм бол?
-Нэг жинд 50-60 хүн барилдаж байна. Энэ их өрсөлдөөнөөс хэн ч гарч ирж болно. Өрсөлдөөн ийм өндөр төвшинд байгаа учир шалгарсан тамирчин нь том тэмцээнээс медаль аваад ирдэг. Нөгөөтэйгүүр гаднын дасгалжуулагчдад судлагдаагүй нь тэдний давуу тал болно. Манай холбооны хувьд энэ асуудалд анхаарч бодлогоор дэмжиж байгаа. Сая Хойд Солонгост хамтарсан бэлтгэлд явуулсан нь залгамж халаа болсон залуу тамирчдад туршлага хуримтлуулах том боломж.

-Та хэдий үеэс дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бэ?
-2008 оноос хойш оюутан, залуучуудын шигшээ багтай ажиллаж байна. Манай тамирчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, оюутны Универсиад наадмуудад тогтмол оролцдог. Мөн хамтарсан бэлтгэл, жижиг тэмцээнүүдэд байнга оролцож байгаа. Үүний үр дүн эхнээсээ гарч байна. Өнгөрсөн хоёр жил гэхэд Э.Бэхбаяр, Э.Даваачимэг нар залуучуудын дэлхийн аварга болсон. Б.Нямбаяр хүрэл медаль авч багаараа эхний долоод орсон амжилттай. Ер нь манай залуучуудын амжилт нийтээрээ өсч байгаа.

Б.НОМУУН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • bataa (93.82.124.81)

    2013-11-20

    selengiin unagan huuhed shuu de.tsug beltgel hiideg bailaada.amjilt husie bayraa.

  • Иргэн (124.158.124.171)

    2013-11-20

    БНСУ-ийн хэдэн эрдэмтэд зун ирээд Шигшээ багийн тамирчдыг судалгаа туршилтанд оруулаад явсан биз дээ. Хамаг тамирчдынхаа мэдээллийг алдчихаад худлаа ярихаа болилдоо. Судлагдаагүй нь давуу тал ч гэх шиг хамгийн ихээр судлагдчихаад байгаа биз дээ.

  • (122.201.28.98)

    2013-11-20

    Сэлэнгийн залууу мөн үү Бидний үеийн Сэлэнгийн залуу л байх шиг байнадаа