М.Түмэнбаяр: ”Тазегулын тоглолтыг харж, техникийг нь судалдаг”

Солонгосын Чён-Ян хотод болсон таеквондогийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн М.Түмэнбаяртай ярилцлаа. 27 орны 500 тамирчин оролцсон тэмцээнээс манай тамирчид ганзага дүүрэн ирсэн юм.

-Тэмцээнд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явсан бэ?

-Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд есөн тамирчин хоёр дасгалжуулагчтайгаа явсан. Бид энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сард Монголын таеквондогийн үндэсний шигшээ баг байгуулагдсантай холбоотой. Шигшээ баг байгуулагдсанаар тамирчид системтэй бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Мөн тэмцээнд явах зардлыг нь улсаас гаргаж өгдөг болсон нь тамирчдад их дэм болж байна. Тамирчдын хувьд ур чадвар өсөх боломж өгсөн хамтарсан бэлтгэлийг зохион байгуулдаг болсонд баяртай байна.

-Та шигшээ багийн гишүүн үү?
-Шигшээ багийн үндсэн дөрвөн тамирчны нэг нь би. Найман настайгаасаа таеквондогоор хичээллэсэн. Хөдөлгөөнтэй, сахилгагүй байсан нь спортын хүн болоход нөлөөлсөн. Харин таеквондогоор хичээллэсэн түүх их сонирхолтой. Би хамаатны ахтайгаа илүү ойр өссөн. Тэр үед ах маань өдөр болгон нэг тийшээ явдаг байсан юм. Нэг өдөр сонирхоод дагаж яваад ахыг таеквондогийн клубт хичээллэж байгааг мэдсэн. Тэгээд би ч гэсэн таеквондогоор хичээллэмээр санагдаад багш нартай нь танилцаж идэвхтэй хичээллэж эхэлсэн. Гэхдээ ах маань над шиг удаан хичээллээгүй, хэдэн сарын дараа орхисон.

-Тулааны урлагийн төрлөөр хичээллэдэг болохоор хэр баргийн хүнд дээрэлхүүлэхгүй байх?
-Хүн зодох ч юм уу, дээрэлхүүлэхгүйн тулд энэ спортоор хичээллээгүй. Харин ч таеквондогоор хичэээллэснээр зорилготой болж, бага багаар мөрөөдлөө биелүүлж эхэлсэн. Ер нь спортоор хичээллэсэн хүн төлөв даруу болдог. Мөн багш маань бэлтгэл хийлгээд зогсохгүй хүнийг хүн болгох талаар зааж сургадаг байсан. Биеийн хүчнээс илүү бидний оюун санааг бэлтгэдэг байсан юм. Миний анхны багшийг Солонго гэдэг. Эмэгтэй хүн ч тулааны урлагаар гаргууд хичээллэсэн хүн бий. Багш маань “Хүнд тусалсан тусаа март, харин хүний тусыг авсан бол хэзээ ч битгий март” гэж сургадаг. Мөн дараа нь тэр хүндээ заавал туслаарай гэж заадаг юм. Багшийн хэлсэн тэр сургаал одоо хүртэл миний баримталдаг зарчим болсоор байна.

-Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд анх удаа оролцоод хоёрдугаар байрт орсон. Одоо чансаагаараа хэдэд эрэмбэлэгдэж байна вэ?

-Уг нь багийн тулаанаар нэгдүгээр байрт орсон юм. Харин үндсэн үзүүлэлтээсээ шалтгаалаад хоёрдугаар байрт шалгарсан. Таеквондогийн үндэсний шигшээ баг хоёр сарын өмнө солонгос дасгалжуулагчтай болсон. 2004 онд олимпийн эрх авч, Солонгосын шигшээ багийн тамирчин байсан хүн юм билээ. Заах арга зүйн хувьд маш сайн. Хүний дутагдалтай талыг сайн хардаг. Эхний нэг сар хэлний бэрхшээлээс болоод багштай бэлтгэл хийхэд хүндрэлтэй байсан. Харин одоо хэн хэнийхээ хэлснийг ойлголцдог болсон. Солонгос багшийн маань зааж сургасан эрдэм Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд их тус болсон гэж бодож байна.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь аль улсынх байв?
-Нутгийн тамирчид байсан. Зааланд суусан үзэгчид тэднийг л дэмжинэ. Тиймээс биднээс сэтгэл зүй их шаардсан.

-Хэдэн дантай вэ?
-Би олон улсын хэмжээний мастер, хар бүс хоёр дантай. 19 настай хүний хувьд хоёр дан бас л чамлахаар амжилт л даа. Учир нь багаасаа таеквондогоор хичээллэсэн хүүхдүүд аль эрт хоёр, гурван дантай болчихдог. Хэрвээ дангаа гурав болгочих юм бол олон улсын хуралд суух эрхтэй болдог.

-Хүнд цохилтод орж байв уу?
-Яг тэмцээний үеэр хүнд цохилтод орж байгаагүй. Бэлтгэлийн үеэр хүнд цохилтод орж байсан. Тамирчин хүн анхаарал алдсан үед хүнд цохилтод ордог. Нэг ёсондоо тамирчны алдаа юм шүү дээ.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Айлын бага, аав, ээж, эгч нартайгаа амьдардаг. Намайг таеквондогоор хичээллэж эхлэхэд сурлага муудна гээд аав, ээж дургүй байсан. Ялангуяа том эгч эсэргүүцсэн. Сургуульд байхад тэмцээнд оролцохын тулд дүнгээ сайжруулах шаардлагатай болдог. Тэмцээнд оролцохын тулд хичээлээ сайн хийгээд дүнгээ харуулчихаад явдаг байсан. Гэрийнхэн “Чи спортод дуртай байж болно. Гэхдээ хичээлдээ ч адилхан сайн байх хэрэгтэй” гэсэн шаардлага тавьдаг.

-Үлгэр дууриал авдаг тамирчин бий юу?

-Олимп, дэлхийн аварга Туркийн тамирчин Тазегулын тоглолтыг харж, техникийг нь судалдаг. Ямар үед яаж хариу барьдгийг нь сайн хардаг.

-Одоо хаана сурч байна вэ?

-ХААИС-ийн инженер механикийн ангид сурдаг. Манай сургуулийн удирдлагууд надад их тусалдаг.

-Одоо оролцохоор төлөвлөж байгаа тэмцээн бий юу?

-Он гаргаад оюутны дэлхийн аварга, Азийн наадам гээд чухал тэмцээнүүд байгаа. Тэдгээр тэмцээндээ сайн бэлтгээд оролцох төлөвлөгөөтэй бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.20.231)

    2013-11-28

    sain bna bayr hvrgei amjilt hvsei

  • (202.179.20.231)

    2013-11-28

    sain bna bayr hvrgei amjilt hvsei