Шинэ жилээр Асашёорюү, Хакүхо нар гар байлдаанд хүч үзнэ

Японы “Фүжи” телевизээс шинэ жилээр “Агуу тамирчдын гар барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” нэвтрүүлэг хийх болсноо зарлалаа. Арванхоёрдугаар сарын 30-нд 18 цагаас 23 цаг 24 минут хүртэл гарах тус нэвтрүүлэгт Монголын хоёр их аварга Асашёорюү, Хакүхо нар оролцохоор болжээ. Нэвтрүүлгийг хөтлөхөөр Японы алдарт “СМАП” хамтлагийн дуучин Шинго Катори сонгогдсон бөгөөд тэрбээр “Хоёр аварга ялагдахгүй яваад байвал бид Асашёорюү-Хакүхо гэсэн сайхан тулаан үзэх болно. Олон жил энэ хоёрын өрсөлдөөнийг япончууд хараагүй тул хүмүүсийн сонирхлыг ихэд татах нь гарцаагүй” хэмээн хоёр аваргын гар барилдаанаар үзэгчдийг телевизийн бусад сувгаас булаан авах төлөвлөгөөтэй байгаагаа нуусангүй. Хэн түрүүлэх бол гэсэн сэтгүүлчийн асуултанд Шинго Катори “Ёкозүна Хакүхо. Үндэсний бөх сүмогийн их аварга хүн дэлхийд хамгийн хүчтэй хүн гэж би итгэдэг” гэж хариулсан байна. Сүмо бөхийн аварга хүчтэй ч гэсэн гар барилдаанд яах бол? Тэдний өрсөлдөгчид нь дэлхийд нэр алдраа дуурсгасан дандаа алдарт тамирчид байгаа. Ёкозүна Хакүхо эхний тойрогтоо “Дэлхийн хамгийн хүчтэй хүн” хэмээн алдаршсан Оросын байлдаан самбогийн Фёдор Емельяненкотой учраа таарсан бол Асашёорюү мэргэжлийн бөхийн аварга Такаяма Ёшихиротой тулалдана. Тэднээс гадна “Агуу тамирчдын гар барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д бейсболын Киёохара Казүхиро, мэргэжлийн бөхийн Сакүраба Казүши, Ямамото Норифүми, боксын Камеда Кооки, гандболын Дайсүкэ Мияазаки, волейболын Ямамото Такахиро, жүдогийн Шинохара Шиничи, Унгарын зээрэнцэг шидэлтийн тамирчин Криситиан Парш, Америкийн тулаанч Боб Сапп, Голландын кик боксч Алистар Оверим, Өмнөд Солонгосын аварга биет тулаанч Чэ Хон Ман, сүмо бөх Барүто, Эндо, Кёкүтэнхо, Гоэйдо, Аойяма зэрэг нийт 16 орны спортын 20 төрлийн 32 тамирчин өрсөлдөх юм. “Фүжи” телевизээс маш алдартай дэлхийн хэмжээний нэгэн одыг урих болсноо зарласан ч нэрийг нь хэлэлгүй шинэ жилийн гэнэтийн бэлэг болгон үлдээхээр шийдсэн байна. Харин сүмо бөхийн хорхойтнуудаас энэхүү нэвтрүүлгийг ихэд эсэргүүцэж байгаа аж. Тэд “Фүжи” телевизэд хандан “Сүмог доош нь хийх гэж байна. Үндэсний бөхөө зодоончид, тулаачидтай үзэлцүүлмээргүй байна”, “Зодог тайлсан ёкозүна бол яая гэхэв. Харин ид барилдаж байгаа аварга Хакүхог оролцуулахыг эсэргүүцэж байна” гэсэн захидал илгээгээд байгаа гэнэ. Гэр бүлээрээ цэнхэр дэлгэцийн өмнө тухлан суудаг шинэ жилийн баяр. Арванхоёрдугаар сарын 30-нд энэ нэвтрүүлгийг гарах цагаар TBS  телевизээр “Японы дуу хөгжмийн шилдгүүдийг шалгаруулах ёслол”, NHK телевиз “Эстрадын бүх оддын тоглолт” гаргахаар төлөвлөж байгаа гэх бөгөөд “Фүжи” телевиз спортын алдартнуудын ачаар урлагийн оддыг даван гарч чадах болов уу.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (182.160.15.86)

    2013-12-08

    davgaa yalah bhaa