Н.Сэмжид: ”Мөрөөдөл зорилгоосоо ухармааргүй байна”

Өсвөрийн шилдэг хөнгөн атлетикчаар тодорч дотоод гадаадын нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Сэмжидтэй ярилцлаа.

-Хамгийн сүүлд ямар тэмцээнд оролцов доо?
-Саха Улсын Якутск хотод болсон Азийн хүүхдийн наадамд оролцсон. Тэмцээнд спортын 16 төрөлд манай тамир чид өрсөлдөж 40 медальтай ирсэн. Би Азийн хүүхдийн наадмын саадтай 2000 метрийн гүйлтийн төрөлд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн. Наадамд улс бүрээс хүчтэй тамирчин хүүхдүүд ирж өрсөлдсөн. Миний хувьд хөнгөн атлетикийн бэлтгэл сургуулилтаа сайн хангасан болохоор санаа зовох зүйл гараагүй. Тэгээд ч багш, дасгалжуулагчид маань сайн зааж зөвлөсөн.

-Саадтай гүйлтийн тэмцээнийг харахад ус хүртэл туулдаг юм билээ. Манай улсад саадтай гүйлтийн стандартын зам байдаг юм болов уу?

-Манайд саадтай гүйлтийн зориулалтын зам, тавцан байдагг үй. Тиймээс Хөх хот руу явж бэлтгэлд хамрагддаг. Ер нь манай улсад саадтай гүйлт хөгжөөгүй. Одоохондоо гүйлтийн спортоор хичээллэдэг тамирчин ч цөөхөн байгаа.

-Гүйлтийн тамирчид тактиктай уралддаг. Өөрөө хэрхэн тооцоолж гараанаас гардаг вэ?

-Гараанаас гарахдаа өөрийнхөө хурдаар гардаг. Түүнээс нэг их хүчилж уралддаггүй. Ер нь ямар нэгэн зүйл төлөвлөж байгаагүй.

-Хөнгөн атлетикаар олон жил хичээллэж байна уу?
-12 наснаасаа хөнгөн атлетикаар хичээллэсэн. Бэлтгэл хангаад дөрвөн жил өнгөрч байна. Анх Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ганпүрэв багшид шавь орж байлаа. 2010 оноос Спортын дунд сургуульд элсч одоо “Хилчин” спорт хорооны тамирчин болсон. Гүйж харайж байнга бэлтгэл хийхэд шантрах үе гарна. Гэхдээ өөрийн сонирхлоороо хөнгөн атлетикийн тамирчин болсон учраас амжилт гаргахын төлөө илүү хичээдэг. Тэгээд ч биеийн тамираар хичээллэх нь хүний эрүүл мэндэд тустай.

-Бүх ард түмний спартикиадад оролцож байгаа харагдсан. Ямар зайнд уралдсан бэ?
-Өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан Бүх ард түмний спартикиадад оролцож мөнгө, хүрэл медаль авсан. Мөн өсвөрийн улсын аваргаас хоёр алтан медаль хүртсэн. Би 1500, 3000 метрийн зайд уралддаг. Хөнгөн атлетикийн тамирчин байнгын бэлтгэл хийх хэрэгтэй гэж боддог. Тиймээс хичээл орсон үед үдээс хойш бэлтгэл хийнэ. Зуны цагт өдөрт нэг удаа гүйж, дасгал хийдэг. Харин өвөл зааланд бэлтгэл хийх хэрэг гарна. Заримдаа гадаа гүйдэг. Утаатай байдаг болохоор хэцүүхэн л байдаг юм. Тэмцээнд оролцох үед гадаад руу явж бэлтгэл сургуулилтаа хангахаар явдаг.

-1500,3000 метрийн зайд уралддаг өрсөлдөгч бий юу?
-Миний зайд гүйдэг Мөнхзаяа гээд эгч байдаг. Би олон сайн тамирчинтай дасгал бэлтгэл сургуулилтаа хамт хийдэг. Өрсөлдөгч гэхээсээ илүү үлгэр дууриал авдаг ах, эгч бий. Холын зайн гүйлтийн тамирчин Батцэцэг эгч шиг болохыг хүсдэг. Зөвхөн энэ спортоор 25 жил хичээллэсэн тамирчин байгаа юм. Ах, эгч нар маань үргэлж тусалж дэмждэг.

-Сургуулиа төгсөөд спортоороо үргэлжлүүлэн хичээллэх үү?

-Сайн тамирчин болохын төлөө хичээнэ дээ. Ер нь мөрөөдөл зорилгоосоо ухармааргүй байна. Хүссэн тэмцээндээ орж амжилт гарган медалийн тавцанд гарахын төлөө бэлтгэлээ сайн хийнэ дээ.

-Өөр ямар спортын төрлөөр хичээллэж байсан бэ?

-Өвөл нь цанаар хичээллэж зун хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан. Харин одоо гүйлтээр дагнан хичээллэдэг болсон.

Хөнгөн атлетикийн тамирчид нэмэгдэл амин дэм хэрэглэдэг байх?
-Мэдээж амин дэм хэрэглэдэг. Өвөл эсвэл хүнд бэлтгэлтэй үед нэмэгдэл амин дэм уудаг.

Б.НОМУУН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)