Хөлбөмбөгийн ДАШТ Испани, Голландын тоглолтоор эхэлнэ
- 2013-12-09
- Спорт
- 0
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалааг тодруулах арга хэмжээ боллоо. Сугалаа ёсоор дэлхийн отгон аварга Испанийн шигшээ баг аварга цолоо хамгаалах аяллаа Голландын багтай тоглосноор эхлүүлэхээр болж байна. 2010 оны дэлхийн аваргын финалд өрсөлдөж байсан тэдний хамт 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” группт Өмнөд Америкийн төлөөлөл болсон Чили, мөн Австралийн багууд багтжээ. Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ багийн хувьд “G” хэсэгт Португаль, Гана болон АНУын хамт өрсөлдөнө. Сугалааны талаар АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Юрген Клинсманн “Германтай нэг хэсэгт орох юм шиг санагдаад байсан юм” хэмээжээ. Түүний хувьд 1990 онд Баруун Германы бүрэлдэхүүнд багтаж, дэлхийн аваргын цом өргөж байсан. Дэлхийн аваргыг нутагтаа зохион байгуулах Бразилын багийн тухайд “А” хэсэгт Хорват, Мексик болон Камеруны багийн хамт багтжээ. Лионель Месси тэргүүтэй Аргентиний шигшээ баг тэмцээний “F” хэсэгт Иран, Нигер болон дэлхийн аваргад анх удаа хөл тавьж буй Босния-Герцеговина улсын багтай өрсөлдөнө. Ирэх жилийн дэлхийн аваргын “үхлийн” хэсгээр “D” хэсгийг нэрлэж болно. Энэ хэсэгт Англи, Итали, Уругвай болон Коста Рикагийн багууд багтжээ. Харин “Е” хэсэгт Франц, Швейцарь, Эквадор болон Гондурасын баг өрсөлдөх бол “Н” хэсэгт Бельги, ОХУ, БНСУ болон Алжир, “С” группт Колумб, Грек, Кот д’Ивуар болон Японы шигшээ багууд сугалаа таарчээ. 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалааны тохирол:
А хэсэг: Бразил, Хорват, Мексик, Камерун
В хэсэг: Испани, Голланд, Чили, Австрали
С хэсэг: Колумб, Грек, Кот д’Ивуар, Япон
D хэсэг: Уругвай, Коста Рика, Англи, Итали
Е хэсэг: Швейцарь, Эквадор, Франц, Гондурас
F хэсэг: Аргентин, Босния-Герцеговина, Иран, Нигер
G хэсэг: Герман, Португаль, Гана, АНУ
H хэсэг: Бельги, Алжир, ОХУ, БНСУ

Сэтгэгдэл (1)
(86.27.249.243)
Zohion baiguulagch oron A hesgiin ehinii bag bdg ba ehnii togloltiig neeltiin ajillagaanii daraa n hiideg uchir ehnii toglolt Brazil Crotia 2iin hoorond toglogdono