
Гэмтлийн улмаас багагүй америк хүн болов хугацаанд сагсан бөмбөгийн талбайгаас хөндий байсан Үндэсний сагсан бөмбөгийн холбооны супер од Коби Брайнт өрсөлдөөний талбарт эргэн ирлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэмтлийн улмаас улирлын тоглолтыг өндөрлүүлж, плей- оффын шатыг өнжсөн түүний гэмтэл илааршсан тул ийнхүү өчигдөр талбайдаа гарч “Торонто Рэпторс” багийн эсрэг хийсэн тоглолтод оролцов. Хэдийгээр тоглолт 106:94 харьцаатай “Торонто Рэпторс” багийн ялалтаар өндөрлөсөн ч Коби Брайнт талбайд 28 минут тоглож, есөн оноо, найман удаа самбараас бөмбөг авч, дөрвөн оновчтой дамжуулалт өгчээ. “Лейкерс” дараагийн тоглолтоо орон нутгийн цагаар өнөөдөр үдэш “Финикс Санс”-ын эсрэг хийх аж. Дашрамд, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны өнөө цагийн супер од Коби Брайнт эргэн ирснийг тэмдэглэж, түүнд зориулсан видео бичлэг цацжээ. “Тавтай морил, Коби Брайнт” нэртэй дараах бичлэгт “Хар мамба” хочит Коби Брайнтын 1996 оноос хойш хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан байна.
Сэтгэгдэл (0)