Леброн Жеймс: ”Би бүх цаг үеийн хамгийн шилдэг нь байхыг хүсч байна”
- 2013-12-16
- Спорт
- 0
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Кливлэнд Кавалиэрс” багийн тоглогч Леброн Жеймсийг сагсан бөмбөгийн талбайд “Хаан Жеймс” хэмээн хочилдог. Охайогийн дунд сургуулийн “Mr.Basketball” шагналтнаар гурвантаа тодорч байсан тэрбээр Гэгээн Винсент, Гэгээн Мэригийн нэрэмжит дунд сургуульд суралцаж байхдаа л ирээдүйд нэр алдраа дуурсгасан шилдэг тамирчин болно гэдгээ бусдад харуулж чадсан юм. Леброн 18-хан настайдаа 2003 онд “Клевленд Кавалиэрс” багт сонгогдож, мэргэжлийн сагсан бөмбөгчийн дебют хийхээсээ өмнө “Nike” компанитай 90 сая ам.доллараар үнэлэгдэх гэрээ байгуулжээ. Үндэсний сагсан бөмбөгийн лигт тоглох болсон цагаасаа эхлэн олон шилдэг амжилтын эзэн болж, хамгийн залуу гэх тодотголтой рекордын эзэн болсон юм. Тэрбээр 2003 оны IV улиралд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Оны шилдэг тоглогч”, 2008, 2009 онд “Үнэ цэнэтэй тоглогчоор” тодорсон юм. “Кливлэнд Кавалиэрс”- ийн довтолгооны гол хүчин болсон Жеймс багаа 2006-2010 оны хооронд дараалан плей-оффт шалгарахад голлох үүрэг гүйцэтгэсэн. 2007 онд тэд Конференсийн финалд шалгарсан нь 1992 оноос хойшхи анхны том амжилт байсан бөгөөд тэр жилдээ мөн түүхэндээ анх удаагаа NBA- ын финалд өрсөлджээ. Жеймс мөн АНУ-ын шигшээ багт багтаж, 2004 оны Афины олимпиос хүрэл, 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас алтан медал ь хүртсэн юм. Ийм гайхалтай амжилттай яваа залуу тамирчны “Sport interview” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. -Леброн шилдэг сагсчнаас гадна шаггүй бизнесмэн гэдэгтэй санал нийлдэг үү. Та “Nike” компанитай 90 сая ам.долларын гэрээ хийсэн шүү дээ?
-Тэгж хэлж болох л юм. Учир нь, би багадаа үеийнхнээсээ эрт хэрсүү сууж, гэр бүлээ авч явах ёстой ганц эр хүн нь гэдгээ мэддэг байсан. Сагсаа сайн тоглохоос гадна сайн ажиллах ёстой гэж бүр багаасаа боддог байсан.
-Та өнөөдрийнх шиг ийм амьдралыг мөрөөдөж байсан уу?
-Мэдээж, өдөр бүр. Хүүхэд байхдаа гэрээс гараад хотын төв рүү явахдаа би албан газруудын байшин барилгыг хараад том болохоороо ийм том гэртэй болно гэж мөрөөддөг байлаа. Одоо харин тэр мөрөөдлийн байшингаа аль хэдийнэ босгосон. Заримдаа харахаар манай байшин тэр оффисын барилгуудаас ч том болсон юм шиг санагддаг шүү. Одоо бол би бүх цаг үеийн хамгийн шилдэг нь байхыг хүсч байна.
-Спортод авьяастай гэдгээ хэзээ мэдсэн бэ?
-Миний хамгийн анх тоглосон багийн спорт хөлбөмбөг. Сургуульдаа хөлбөмбөг тоглоод амжилт үзүүлэх үед надад спортын ямар нэг чадвар байна гэж бодох болсон.
-Тэгвэл сагсан бөмбөгийн талбайд хэзээ анх гарсан бэ?
-Хөлбөмбөг тоглодог жилийнхээ сүүлчээр сагс тоглож үзсэн. Тэгэхэд есөн настай байсан юм. Би багийнхаа хамгийн сайн тоглогч нь байж, аварга болсон. Ингэж нэг жилийн дотор хөлбөмбөг, сагсан бөмбөгийн аварга болсон доо.
-Та өссөн орчныхоо нөхцөл байдалд хэрхэн ханддаг байсан бэ?
-Бусад хүүхэдтэй адил орчинд өссөн. Гэхдээ би үргэлж хаанаас ирсэн, ямар орчинд өссөнөө алхам тутамдаа санаж байдаг. Яагаад гэвэл би баян боллоо гээд үүнийг мартах учиргүй. Амьдралын хатууг өөрийн хүчээр тэмцэж, давж чадсан. Энэ маш том тэмцэл байсан. Спортын өндөрлөгт хүрч, олны дуртай сагсчин болж чадсандаа баярладаг.
-Хүүхэд байхдаа ямар багийг дэмждэг байв?
-Би Чикаго Буллс, Майкл Жорданы шүтэн бишрэгч байлаа.
-Яагаад өөрийн баг биш, Буллс гэж?
-Майкл Жордан миний бахархал, миний урам зориг байсан юм. Түүний талбайд, талбайн гадна хийдэг бүх зүйлд би дуртай. Жордан шиг нисэхийг, түүн шиг рекламанд тоглохыг, түүний пүүзийг авахыг, ер нь түүний хийсэн бүхнийг хийхийг хүсдэг байсан.
-Та түүнтэй хэзээ анх уулзсан бэ?
-Аравдугаар ангид байхдаа би Чикаго явж, тэднийг Хүүпс гээд зааланд тоглож байхад нь очиж харсан юм. Тэр бидний анхны уулзалт байсан. Тэр над руу ирж явааг харахад яг л усан дээр хөвж байгаа мэт санагдаж билээ.
-Тэр таныг хэн гэдгийг мэдэж байсан уу?
-Тиймээ, хамгийн гайхалтай нь тэр намайг таньж байсан.
-Та “Спортын одод” номдоо ээждээ санаа зовж шөнийг ганцаараа өнгөрөөж байсан тухай бичсэн. Та яг юунаас айдаг байсан юм бэ?
-Тав, зургаан настайдаа ээжтэйгээ их нүүдэллэдэг байсан. Тэгээд Акрон хотын хойд хэсэгт суурьших болсон. Шөнө бүр ганцаараа байна гэдэг миний хувьд их айдас байсан юм. Шөнөжин цагдаагийн машин болон буун дуу сонсоно гэдэг аймшиг. Ямар ч хүүхэд багадаа ийм орчинд өссөхийг хүсэхгүй шүү дээ. Бууны суманд ээж минь өртчих вий гэж санаа зовно. Ээж минь маргааш амьд ирээсэй гэж уйлдаг байлаа. Би буун дуунаас үнэхээр залхсан, үгээр хэлэхийн аргагүй аймар орчин байсан юм.
-Би бол Леброн Жеймс гэж бодох үед өөрөөрөө онгирч бардамнах сэтгэл төрдөг үү?
-Өглөө бүр босохдоо, өдөр бүр олны өмнө гарахдаа би Леброн Жеймс гэдэг ганц нэрийг төлөөлөх хүн биш, харин миний овгоор үүрд нэрлэгдэх хоёр хүү, гэр бүлийнхээ өмнө, мөн ээжийнхээ, бурхны оронд байгаа эмээгийнхээ гээд маш олон хүний өмнөөс хариуцлага хүлээсэн хүн гэдгээ мэддэг учир тийм бодол төрдөггүй юм. Энэ л бодол намайг онгироо бардам зангаас хол байлгадаг.
-Та аавынхаа тухай мэдэх үү?
-Үгүй.
-Түүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй гэж үү?
-Хэзээ ч уулзаж байгаагүй ээ.
-Аав минь ямар хүн болоо гэж боддоггүй юм уу?
-Тэгэж бодож байгаагүй юм байна. Би багаасаа ээжтэйгээ хамт байсан учраас үүндээ дасчихаж. Миний хувьд аав гэсэн ойлголт байхгүй. Огт төсөөлөгдөхгүй байна.
-Тэгвэл ээжээсээ аавынхаа талаар асууж байсан уу?
-Үгүй. Яагаад гэвэл ээж минь миний бүх зүйл. Тэр аавыг орлож, ээжийн үүргээ ч сайн гүйцэтгэж чадсан. Надад бусдад байдаг зүйл байгаагүй ч ээжийнхээ намайг хайрлах сэтгэлээр бахархдаг. Тиймээс би хэзээ ч ээжээсээ аавыгаа асууж байгаагүй. Ээж маань миний хорвоо дээрх ганц гэр бүл минь шүү дээ.
-Сагс тоглохоо боливол та юу хийх вэ?
-Азтай нь би одоо ч гэсэн сагсан бөмбөг тоглосон хэвээр байна. Ирээдүйг зөгнөж яримааргүй байна.
Г.НЯМСҮРЭН



















Сэтгэгдэл (3)
(202.70.46.203)
miama heat geechee
(202.179.10.94)
g.nyamsuren chi boliochee
zochin (202.179.10.94)
erguu mal shig setguulch shig amisgaa mini chi heden jileer hotsortson yavaa har mal ve. ene medee6 yamar sonin deerees unshaad huulaad bichsen har teneg ve? chi mongolchuudiig iim teneg gej bodoogui bizdee. chi ene hunee tanihuu malaa muu huuramch diplomnii goloo enenii diplomiig shalaarai unen.mn