А.Мөрөн: ”Тайландын прьемер лигт орж, эх орныхоо нэрийг гаргахыг зорьж байна”

Монголын хөлбөмбөгчдөөс гадаадын мэргэжлийн хөлбөм бөгийн лигт хөл тавьсан, үндэсний шигшээ багийн тамирчин А.Мөрөн амралтаараа эх орондоо ирж, хэвлэлийн бага хурал хийв. Тэрбээр өөрийн менежерийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Таиландын I лигийн “ФС Краби” багтай хамтран ажиллах хоёр жилийн гэрээ байгуулсан тэрбээр багийнхаа хоёр дахь гадаад тамирчин болсон байна. “ФС Краби” багт манай тамирчнаас гадна нэг япон тоглогч байдаг ажээ. Таиландын I лигийн тэмцээн ирэх сарын 21-нд эхлэх юм байна. А.Мөрөнг тус лигийн гарааны бүрэлдэхүүнд багтана гэдгийг түүний менежер Такаши Моримото хэвлэлийн, хурлын үеэр дуулгасан. “Монголд хөлбөмбөг тоглох авьяастай олон хүүхэд бий. Миний нүдэнд хамгийн түрүүнд А.Мөрөн өртсөн. Би цаашид олон авьяаслаг тоглогчийг мэргэжлийн лигт хөл тавихад нь туслах болно. Энэ бол эхлэл. Монголын хөлбөмбөг хөгжих замдаа орж байна. Өөрийгөө нээхийг хүссэн хүн бүр надтай холбогдож болно” гэв. А.Мөрөн ирэх пүрэв гаригт Таиланд руу буцаж, бэлтгэлээ базаах ажээ. Ингээд хэвлэлийн хурлын үеэр түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Хөлбөмбөгөөр хэдэн наснаасаа хичээллэсэн бэ?
-14 настайгаасаа хөлбөмбөг тоглож эхлээд шигшээ багт 16-тайдаа орсон. Эхлээд тавдугаар сургуулиас тоглож байгаад Сэлэнгэ пресс лигийн багт тоглож эхэлсэн манай багийнхан миний зардлыг дааж, лигийн тэмцээнүүдэд тоглуулдаг байсан. Би Америкт дасгалжуулагч менежер мэргэжлээр суралцаж байсан. Тэгээд зундаа хичээл амраад Монгол руугаа ирж лигтээ тоглоод байнгын бэлтгэлтэй байдаг. Мэргэжлийн тамирчин болсондоо баяртай байгаа.

-Монголд байхдаа олон тэмцээнд оролцож шилдэг тамирчин хүртэл болж байсан гэсэн. Энэ талаар сонирхуулаач?
-Хамгийн анх “Дамбын хөгжөөнт өдрүүд” тэмцээнд оролцож, багаараа алтан медаль аван, шилдэг довтлогчоор шалгарч байсан. Түүнээс хойш залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс багаараа алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, шилдэг довтлогч, хагас хамгаалагч, тэгш тоглогчоор шалгарсан.

-“ФС Краби” багийнхантайгаа удахгүй хамтарсан бэлтгэл хийнэ. Ер нь тэдний талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ?
-2009 онд байгуулагдсан. Дээд лигүүд рүү дэвшихийн тулд орон нутгийн чанартай лигүүдэд өрсөлддөг. Энэ баг маань анхны тоглолтдоо зургаа, өнгөрсөн улиралд есдүгээр байрт шалгарч байсан. Таиландын нутаг дэвсгэрийн өмнөд хэсэг буюу аялал жуулчлал хөгжсөн хэсэгт байрладаг. Нэг удаагийн тоглолтыг нь 50 мянга орчим хүн үзэж сонирхдог. Би энэ сарын 9-нд буцаж өөр хотод “Camp”-д байрлан шинэ улирлын тоглолтын бэлтгэлээ хийнэ. Багтаа довтлогч байрлалаар тоглож байгаа. Харин гараанд тоглоно эсэхээ сайн мэдэхгүй байна. Гарааны тамирчдыг тоглолтын өмнөх өдөр дасгалжуулагч шийддэг. Бэлтгэл дээр хэн сайн байгааг нь тоглуулдаг.

-Ихэнх тамирчинтай нэг жилийн хугацаатай гэрээ байгуулдаг гэсэн. Харин тантай хоёр жилийн гэрээ байгуулсан?
-Манай багийн дасгалжуулагч нарт миний тоглолт таалагдсан юм байлгүй /инээв/. Эхний өдөр тоглолтын хоёрдугаар үеэс ороод 20 минут тоглосон. Дараа нь намайг өөрсдийн байрандаа авчраад багийн дарга нартай хооллосон. Тэд тамирчидтайгаа хооллож, онгоцны буудлаас тосдоггүй. Харин намайг шигшээ багийн тамирчин гэдэг утгаар дотно байж, хүндэтгэлтэй харьцдаг. Мөн хоёр жилийн гэрээ хийсэнд их баяртай байгаа. Бас намайг том багууд руу ороход тусална гэж ярьж байсан. Миний хувьд бэлтгэлээ сайн хийгээд Таиландын прьемер лигт орж, эх орныхоо нэрийг гаргахыг зорьж байна.

-Хэдэн төгрөгийн цалин авахаар гэрээ байгуулсан бэ?

-Цалинг манай менежер багийн дарга хоёр хоорондоо ярилцсан гэсэн. Баг тамирчдын цалин нууц байдаг. Гэхдээ бэлтгэлийн бонус гэж цалингаас гадна авдаг.

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • хүү (202.55.182.82)

    2014-01-06

    амиатаад монгол зангаа гаргав