Сочи 2014

Олимп нь хүн төрөлхтөний хамгийн том нэгдэл. Энэ наадамд ямар ч шашин шүтлэг, арьсны өнгө ялгалгүй олон улс орны тамирчин тэгш эрхтэйгээр оролцож шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. Өвлийн олимпийн 22 дахь удаагийн наадам нь ОХУ-ын Сочи хотод болно. Тус улс анх 1980 онд Зуны олимпийн мөн XXII наадмыг нийслэл Москва хотдоо зохион явуулж байжээ. Он солигдохын өмнө ОХУ-ын Волгоград хотноо амиа золиослогч бөмбөг дэлбэлж, олон хүний амь эрсэдсэн билээ. үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “ОХУ терроризмыг үгүй хийнэ” гэдгийг олон нийтэд дуулгасан юм. Олимпийн наадам эхлэхээс цөөн хоногийн өмнө ийнхүү халдлага үйлдсэн нь Сочийн олимпийг сонирхон үзэх аялагчдын айдсыг төрүүлсэн нь тодорхой. Тиймээс энэхүү айдсыг арилгаж, жуулчдын анхаарлыг татахын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд Д.Медведев нар өнгөрөгч баасан гаригт Сочид хүрэлцэн иржээ. Тэд олимпийн бэлтгэл ажилтай танилцаж, аюулгүй байдлыг дахин нягталж үзсэн байна. Олимпийн наадмын зохион байгуулагчдын хэлж буйгаар тэдний гэнэтийн айлчлалын дараа Сочиг зорих жуулчдын тоо нэмэгдсэн хэмээн “TIME” сэтгүүл мэдээлжээ. Өвлийн 22 дахь удаагийн наадамд тамирчид спортын долоон төрлөөр уралдана. Үүнд: Биатлон, бобслей, кёрлинг, мөсний хоккей, тобогган чарганы тэмцээн, тэшүүр, цана гэх мэт. Өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө ОХУ, Австри болон Солонгос улстай өрсөлдсөн юм. Түүнчлэн 2007 оны долдугаар сарын 4-ний өдөр Олон улсын олимпийн хорооны 119 дэх хурлаар 51 орны саналаар ОХУ-ын Сочи хотод өвлийн 22 дахь наадмыг зохиохоор болжээ. Сочи нь Орос улсын Краснодарын хязгаарт оршдог 400 мянган хүнтэй, Хар тэнгисийн эрэгт рашаан амралтаар дагнан хөгжсөн хот юм. Наадмыг Сочи болон Красная Поляна ууланд зохион байгуулах бөгөөд хоорондоо 30 минут зорчих гэнэ.

СОЧИ 2014 НААДМЫН МЕДАЛЬ

Энэ нэр хүндтэй наадмын шагнал болох Олимпийн медаль зөвхөн орос урчууд, мэргэжилтний гараар бүтжээ. Нийт 1300 алт, мөнгө, хүрэл медалийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Харин медалийг бүтээхэд 999 сорьцтой гурван кг алт, 960 сорьцтой хоёр тонн мөнгө, 700 килограмм хүрэл зарцуулжээ. Энэ үнэт металыг Оросын газар нутгаас олборложээ. Уран дарханы эд зүйлс үйлдвэрлэн гаргадаг Москвагийн «Адамас» компани Сочигийн 2014 оны Олимпийн медалийг үйлдвэрлэх эрхийг авсан байна. «Адамас»-ын захирал Максим Вайнбергийн хэлж байгаагаар медалийг Оросын хамгийн өндөр чанарын үнэт металлаар хийжээ. Медаль дугуй хэлбэр байх бөгөөд Орос улс, Оросын олон үндэстэн ястныг бүхэлд нь харуулж чадах хийцтэй байхаар бүтээжээ. Түүнчлэн олимпийн медальд мөс, дөлийг онцгойлон дүрсэлсэн нь оросын тамирчид, оросын бүх ард түмний шинж чанарын илэрхийлэл юм. Аль зэрэглэлд өргөмжлөгдөхөөс хамаараад Олимпийн нэг медалийн жин 460- 531 грамм байх гэнэ. Пара олимпийн медалиуд илүү хүнд болох аж. Тэдгээрийн алтадмал эд ангиуд нь тунгалагаасаа илүүтэй байх ажээ. Медалийн диаметр нь 10 сантиметр, зузаан нь нэг сантиметр орчим байна. Нэг медалийг үйлдвэрлэхэд ойролцоогоор арван найман цаг зарцуулсан байна. Одоогоор Владимир Путин Сочигийн олимпийн медалийг гартаа барьж үзсэн анхны хүн бөгөөд хэлбэр дизайнаараа ч цорын ганц бүтээл хэмээн тэрбээр үнэлсэн байна.

МАНАЙ УЛСЫН ХОЁР ТАМИРЧИН СОЧИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХ БОЛЗОЛ ХАНГАЖЭЭ

Италийн Трентино хотод энэ сарын 11- 21-нд өвлийн спортын оюутны "Универсиад" наадам болно. XXVI наадамд 60 гаруй орны 3000 гаруй тамирчин спортын 12 төрөлд 79 багц медалийн төлөө өрсөлдөх ажээ. Манай улсаас Трентиногийн наадамд гүйлтийн цанын төрөлд үндэсний шигшээ багийн тамирчин Б.Бямбадорж, Б.Гэрэлт-Од, Ч.Отгонцэцэг нар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор хүч үзэх юм. Манай улсын тамирчин Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг нь энэхүү тэмцээнд оролцсоноороо Сочи 2014 наадамд оролцох болзлоо хангаж буй. Манай цаначид “Скай ресорт” цанын баазад бэлтгэлээ хийсэн бөгөөд хамтарсан бэлтгэл хийхээр өнгөрсөн бямба гаригт Австри улсыг зорьжээ. Тамирчид маань тэндээсээ шууд өвлийн “Универсиад” наадамд оролцох аж. Дашрамд дуулгахад манай тамирчид 1991 оноос хойш өвлийн “Универсиад”-д оролцсон түүхтэй.

Г.НЯМСҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)