Д .Баттулга: Бид нэг минут, нэг хормын өмнө барианд орох зорилго тавьсан
- 2014-01-22
- Спорт
- 0
ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн спортын XXII наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчид энэ сарын 30-нд хилийн дээс алхана. Тэд одоогоор “Скай резорт” цанын баазад бэлтгэлээ базааж байгаа юм. Тамирчдын бэлтгэл сургуулилтын талаар үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгатай ярилцлаа. Тэрбээр өмнө нь есөн жил улсын шигшээ багийн тамирчин байсан төдийгүй 1988 оны Канадын Калгари хотод болсон олимпод оролцож байжээ. -Тамирчид бэлтгэлээ хэр хангаж байна вэ?
-2013 оны нэгдүгээр сард манай үндэсний шигшээ багийг олимпийн эрхийн оноо цуглуулах , олимпод оролцох зорилготой байгуулсан. Биднийг бэлтгэл сургуулилт хийхэд төрөөс их анхаарч хөрөнгө мөнгийг Спорт бэлтгэлийн төвийн шигшээ бэлтгэлийн албанаас гаргасан. Тэрнийхээ хүчинд бид олон тэмцээнд орж олимпийн оноогоо сайн авч чадлаа. Ялангуяа энэ удаагийн олимпод эрэгтэй гурван тамирчин олимпийн эрхийн оноо цуглуулж чадсан. Улмаар тамирчид маань Австри, Италид очиж сорилт хийснээр Б.Бямбадорж Сочиг зорихоор болоод байна.
-Та бүхэн амжилтаа ахиулна, улсынхаа рекордыг эвдэнэ гэсэн зорилт тавьсан. Ер нь одоогоор манай тамирчид ямар амжилт үзүүлээд байна?
-Бид өмнө гаргасан амжилтаа ахиулах зорилготой явж байгаа. Ер нь тамирчид нэг минут, нэг секунд, нэг хүний өмнө барианд орно гэсэн зорилго тавьсан. Бид өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Италид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход тамирчид 27,28 гүйж байсан. Энэ жил тамирчдын амжилт бүр 26 руу орсон байгаа. Саяхан болсон “Универсиад” тэмцээнд тамирчдын амжилт хоёр минутаар ахисан. Энэ бол бидний амжилтын нэг илрэл . Бид бэлтгэлээ сайн базаагаад энэ эрчээрээ олимпод оролцоно.
-Тэмцээнд оролцохдоо хэрэглэх бусад хэрэглэлээ авсан уу?
-Бид нээлтийн ажиллагаанд өмсөх хувцсаа авсан. Спортын хувцас захиалсан , одоо ирж байгаа. Хэрэглэл материалыг Цанын холбоо Сочид захиалчихсан байгаа. Тэрийгээ бид тэндээсээ очоод авчихна.
-Бэлтгэл сургуулилтаа хуучин цанаараа хийж байгаад тэмцээнд оролцохдоо шинийг авахаар тамирчдын гарт ороогүй, дасаагүйгээс амжилт гаргахад сөргөөр нөлөөлөхгүй юу?
-Ерөөсөө тийм зүйл байхгүй. Өнгөрсөн жил Спорт бэлтгэлийн төвөөс шигшээ багийн албанаас бидэнд шинэ хэрэглэл авч өгсөн. Тэр нь одоогийн бидний захиалсантай яг адилхан. Ер нь олимп болохоос гурван жилийн өмнө энэ олимпод ийм юм хэрэглэнэ гээд стандартыг нь заачихдаг. Тэр зарласнаас нь хойшхи хугацаанд чанартай шинэ зүйл гарсан ч хэрэглэдэггүй. Дээрээс нь бид тэмцээн эхлэхээс 10 хоногийн өмнө Сочид очиж байгаа. Тэр нь бидэнд их ашигтай. Цаг агаар , замдаа дасах хугацаа олдож байгаа нь бидний хувьд давуу тал болно. Хамгийн чухал нь цанын тосоо зохицуулах бүрэн боломжтой болж байгаа юм. Тамирчин хүний бүтэн жилийн хөдөлмөр тэр тосноос хамаардаг. Тиймээс эртхэн очоод эдгээр зүйлийг сайн базаая гэж бодож байна. Спорт бэлтгэлийн төв цанын тос авах хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн.
-Хоёр тамирчны тэмцээн ирэх сарын 13, 14- нд эхэлнэ. Эхлээд хэн нь уралдах вэ?
-Ч.Отгонцэцэг ирэх сарын 13-нд 14.00 цагаас 10 км-ын сонгомол техникт уралдана. Дараа нь Б.Бямбадорж 15 км- ын сонгомол техникээр уралдана. Ер нь сонгомол техник гэж яриад байгаа учир нь өмнөх олимпод тэшилтийн техникээр оролцсон юм. Тэр нь тосон дээр нэг их ажилладаггүй. Харин сонгомол техникийн хамгийн чухал нь тосон дээр ажиллах байдаг. Үүгээрээ хоёр техник маань ялгаатай. Яг олимпийн рекорд амжилт гэж ярихаар тэшүүрийн стандарт зам дээр бусад төрөл шиг рекорд гэж байдаггүй . Бид Австрийн өндөрлөг газарт бэлтгэл хийж байсан. Далайн түвшнээс дээш 2800 метрийн өндөрт 20 гаруй орны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн. Тухайн үед хийсэн бэлтгэл ашгаа их өгч байгаа. Ер нь манай тамирчид хүчилтөрөгчийн хэрэглээ багатай газар очиж бэлтгэл хийгээд эргээд буухад амжилт нь ахидаг туршлага байдаг.
-Хамтарсан бэлтгэл хийх үеэр өрсөлдөгчдөө судалсан гэж бодож байна?
-Бид гадаадын тэмцээнд оролцоод байна гэдэг нь өрсөлдөгчдөө судлаад байна гэсэн л үг шүү дээ . Бас хамтарсан бэлтгэлийн үеэр Солонгос, Хятадын тамирчид цуг байрлачихсан хэн хэнээсээ нэг минутын өмнө орчих санаатай байдаг. Тэгэхээр би Азийнхан хоорондоо их үзэж байна даа гэж боддог юм. Энэ удаагийн олимпод Азиас Казахстан хамгийн их хүнтэй оролцож байна . Зөвхөн цанын төрлөөр 56 орны 300 гаруй тамирчин олимпод оролцож байгаа. Үүнд, Казахстан 10, Япон тав, Хятад, Солонгос, Монгол тус бүр хоёр тамирчин оролцохоор болоод байна.
-Цаг агаарын хувьд санаа зовох шаардлагагүй байх. Учир нь, өмнөх жилүүдэд гадаадын оронд бэлтгэл их хийсэн шүү дээ?
-Манайх л хүйтэн болохоос гадаадад хаврынх шиг хайлмагтсан зөөлөн цастай байдаг. Цаг агаар бол тэртээ тэргүй дулаахан. Зарим газраа +10 хэм байдаг юм.
-ОХУ өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Олимпод оролцох тамирчдыг хэрхэн угтан авах талаар мэдээлэл ирсэн үү?
-Тамирчид ID картаараа явна. Энэ тал дээр манай улсын Терроризмтой тэмцэх албаныхан бидэнд сургалт явуулна гэсэн . Олон нийтийн газар яаж явах уу, сэжигтэй зүйл илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар заана гэсэн.
-Тамирчдын сэтгэл зүйг хэрхэн бэлтгэж байгаа вэ?
-Спорт бэлтгэлийн төвд сэтгэл зүйн том албатай. Тэд бидэнтэй ажиллаж, янз бүрийн сургалт хийж байгаа. Ялангуяа бэлтгэлийн үед ирж тамирчидтай газар дээр нь ажиллаж байна.
-Цанын төрөлд өмнө нь цагаан хуудсаар тамирчин оролцож байсан уу?
-Цана бол бэртэж, гэмтэх эрсдэлтэй спортын төрлийн нэг. Ийм эрсдэлтэй спортод цагаан хуудас өгдөггүй, эрхээ авч л ордог. Эрх авахдаа 300- гаас дотогш оноог таван удаа авах шаардлагатай байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Б .СЭЛЭНГЭ

Сэтгэгдэл (2)
YAC (124.158.111.19)
ug ni tsaniin sportod deed amjilt gej baidaggui shig l sanah yum daa. Yagaad gevel uraldaanii zam ni bugd uur bdag bolohoor ...
baaska (103.26.194.201)
duu nartaa amjilt husie,