Бөмбөгтэй хоккейчид ДАШТ-д амжилттай оролцжээ


Бэнди буюу бөмбөгтэй хоккейн 34 дэх удаагийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч, хурд, ур чадвараа сорин оролцсон Монголын баг тамирчид гурван хожилтой В хэсэгт VI байрт шалгарчээ. ОХУ-ын Эрхүү хотод болсон тэмцээн өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 2-нд шилдгүүдээ тодруулсан юм. 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “А” хэсэгт шилдэг найм, “В” хэсэгт есөн баг өрсөлдсөн. “А” хэсгийн хагас шигшээд Финланд-ОХУ, Швед-Казахстан улс шалгарснаас ОХУ, Швед аваргын төлөө шалгарсан. Улмаар шигшээ тоглолт ням гаригт болж, 3:2-ын харьцаагаар ОХУ ялалт байгуулсан байна. Казахстан-Финландын тоглолтод 5:3-ын харьцаагаар Казахстан ялалт байгуулснаар дэлхийн аваргын тав дахь хүрэл медалиа хүртжээ. Тус багийн хувьд 1995 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 2002, 2003 болон сүүлийн гурван жил дараалан хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” хэсэгт есөн баг хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдсөнөөс Латвийн баг тэргүүлж, Эстон, Унгарын баг удаах байрт шалгарчээ. Энэ хэсэгт манай улсын шигшээ баг Япон, Украин, Герман болон Африк тивээс анх удаа оролцож буй Самоли улсын багтай багтсан.

Хэсэгтээ Герман (3:1), Украин (7:2), Самоли (12:1) улсын шигшээ багийг хожиж, Японд (2:3) ялагдсан Монгол Улсын шигшээ баг хэсгээсээ хоёрдугаар байрт шалгарсан. Улмаар “В” хэсгийн хагас шигшээд багтахын тулд Унгарын багтай тоглож, 4:5-аар ялагдал хүлээснээр тавдугаар байрын төлөө Нидерландын багтай таарчээ. Энэхүү ,тоглолт өнгөрөгч баасан гарагт болж 3:2-ын харьцаагаар нидерландчууд ялалт байгуулж, тус дэлхийн аваргын анхны хожлоо авсан юм. Тэмцээний “А” хэсэгт ОХУ аваргалж, Швед /мөнгөн медаль/ Казахстан /хүрэл медаль/, харин IV байрт Финланд, V байрт Норвеги, VI байрт АНУ, VII байрт Беларус, VIII байрт Канад тус тус шалгарлаа. ДАШТ-ий “В” хэсэгт Латвийн баг тэргүүлж, мөнгөн медалийг Эстони, хүрэл медалийг Унгар баг авсан бол IV байрт Япон, V байрт Недарланд, VI байрт Монгол улс, VII байрт Герман, VIII байрт Украин, IX байрт Самоли улс тус тус эзэлсэн байна. “В” хэсэгт тэргүүлсэн Латвийн багийн хувьд ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “А” хэсэгт дэвшин тоглоно.

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)