Сочигийн олимпийн сонирхолтой баримтууд



АЛЕКСАНДР ЗУБКОВ ОХУ-ын тугийг мандуулна
Сочийн олимпийн нээлтэд ОХУ-ын тугийг олимпийн бобслейн хоёр удаагийн аварга Александр Зубков мандуулахаар болжээ. Өдгөө 39 настай тамирчин тав дахь удаагийн олимпдоо оролцож байгаа юм. Александр Зубков ОХУ-ын шилдэг тамирчдын нэг ажээ. Дэлхийн цомын “Болор бөмбөрцөг”-ийг таван удаа хүртсэн түүний гол хамтрагч нь Дмитрий Труненков юм. Дөрвөн жилийн тэртээ Зубков Ванкуверын олимпийн хос төрөлд хүрэл медаль зүүж байв. Мөн “Турин-2006”-д аман хүзүүдсэн удаатай. Тэрбээр “Энэ хүндтэй даалгаврыг биелүүлэх болсондоо таатай байна. багаа ялалтад хүргэхийн тулд би юу ч хийсэн бэлэн байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Олимпийн тосгонд эвлэрлийн хоёр хана байрлуулжээ
Сочийн олимпийн тосгонд эвлэрлийн хоёр хана байрлуулсан байна. Хана тус бүр олимпийн таван цагаригийг илэрхийлсэн таван хавтнаас бүрддэг. Ханын өндөр нь 1924, 2014 мм бөгөөд энэ нь 1924 онд Францын Шамони хотноо болсон өвлийн анхны олимп, түүнчлэн 2014 онд Сочид болох ОХУ-ын анхны өвлийн олимпийн наадмын огноог илэрхийлж байгаа ажээ. Сочийн олимпийн эвлэрлийн ханын загвар, санааг “Сочи 2014” хөдөлгөөний сайн дурын идэвхтэн гаргажээ. Олимпийн эвлэрлийн ханын нээлтийн арга хэмжээний үеэр тусгай зочид болон оролцогчид энх тайвныг бэлгэдэж гарын үсгээ үлдээх боломжтой юм. Эвлэрлийн хана нь олимпийн наадмын үед амар амгалан байж тамирчид эсэн мэнд ирж, буцахын бэлгэдэл байжээ. Харин 1992 онд Олон улсын олимпийн хороо энэ уламжлалыг дахин сэргээж олимп зохион байгуулж буй улс орнуудад эвлэрлийн ханын уламжлалыг даган мөрдөхийг уриалсан юм.

Америкчууд өвлийн олимпийн үеэр халдлага гарч магадгүй гэж үзэж байна
Америкийн “CNN” агентлаг хэрэглэгчдийнхээ дунд нэгэн санал асуулгыг явуулжээ. “Өвлийн олимпийн үеэр террорист халдлага гарах уу?” хэмээх санал асуулгад оролцогчдын 57 хувь нь гарна гэсэн хариулт өгчээ. Энэхүү санал асуулгатай холбогдуулан Америкийн төлөөлөгчид Оросын холбогдох албаныханд албан ёсоор анхааруулсан байна. Сочид аюулгүй байдлыг сахиулах асуудлаар өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд Америк, Оросын Ерөнхийлөгч Барак Обама, Владимир Путин нар утсаар ярилцаж байсан удаатай. Америкийн Ерөнхийлөгч олимпийн тоглолтын үеийн аюулгүй байдлыг хангахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ энэ үеэс хойш удаа дараа илэрхийлсэн юм.

ОЛИМПИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙГ АРД ТҮМЭН СОНГОВ
Оросууд 2014 оны Сочийн өвлийн олимпийн бэлгэ тэмдгээ телевизийн нэгдүгээр сувгаараа ард түмний шууд саналаар сонгожээ. Бэлгэ тэмдгийн уралдааны шүүгчээр аялагч Н.Дроздов, нэрт жүжигчин О.Табаков, дуучин Алсу, Л.Лещенко нарын алдартнууд ажилласан байна. Нийт сая гаруй хүн санал өгснөөр ирвэс, бүжин, баавгай гурав цагаан олимпийн бэлгэ тэмдгээр шалгарчээ.

СОЧИЙН ТАСАЛБАРЫН ҮНЭ
ОХУ-ын Үндэсний олимпийн хороо, наадмыг зохион байгуулах хороо “Сочи-2014” наадмын тасалбарыг худалдаж эхлээд байгаа. Тасалбар 2013 оны гуравдугаар сараас зарагдаж эхэлсэн бөгөөд өвлийн олимпийн наадмын зохион байгуулах хороо нийт тасалбарын 75 хувийг эх орныхоо иргэдэд худалдахаар шийджээ. Олимпийн тасалбарын үнэ 1000-50000 рублиэр борлуулагдаж байгаагаас зургаан тэрбум рублийн ашиг олохоор төлөвлөсөн байна.

ХАМГИЙН ҮНЭТЭЙ ТАСАЛБАР

Нээлтийн тасалбар хамгийн үнэтэй бөгөөд үзэхийг хүссэн хүмүүс 6-50 мянган рублиэр төлөх юм. Хаалтын тасалбарын үнэ 4.5-37 мянган рублиэр зарагдаж байна. Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрөл болох хоккейн тэмцээний тасалбарын үнэ хамгийн үнэтэй буюу суудлаасаа хамаарч 7-40 мянган рублиэр зарагдаж байна. Хоккейн урьдчилсан шатны хамгийн хямдхан тасалбар 500 рублийн үнэтэй аж. Хоккейн дараа уран гулгалтын тэмцээний тасалбар үнэтэйд тооцогдож байна. Тасалбарын үнэ 1.5-23 мянган рубль юм.

ХАМГИЙН ХЯМД ЗАРДЛААР ҮЗЭХ ТӨРЛҮҮД
Хамгийн хямдхан тасалбар нь цанын хоёр төрөлт, бобслей, чарганы төрлийнх аж. Чарганы тэмцээний тасалбар 1000-2500, бобслей 1500-3000, цанын хоёр төрөлтийнх 1500-3500 рублийн үнэтэй байна. Одоогоор хоккей, уран гулгалт, биатлон, уулын цанын төрлийн тасалбарын борлуулалт 80 гаруй хувьтай байгаа аж.“Сочи-2014” паралимпийн тасалбарыг өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос худалдаж эхэлжээ.

ОЛИМПОД ЗОРИУЛЖ ШИНЭ МӨНГӨН ДЭВСГЭРТ ГАРГАЖЭЭ
ОХУ-ын төв банк Сочийн олимпод зориулан 100 рублийн шинэ мөнгөн дэвсгэрт гаргаж, эргэлтэд оруулаад удаагүй байна. “Сочи-2014”-ийн шинэ 100 рубль гүйлгээнд гараад төдийлөн амжилт олохгүй байгаа ч хүмүүс голдуу энэхүү дэвсгэртийг дурсгал болгон худалдан авах нь их байгаа аж. XXII өвлийн олимпийн наадмыг бэлгэдсэн, хөх өнгөтэй 100 рублийн эх загварыг Репиний нэрэмжит уран зургийн академийн оюутан Павел Бушуев гаргажээ. Тус сургуулийн оюутнуудын дунд 2011 онд мөнгөн дэвсгэртийн уралдаан зарлаж, Бушуев шалгарсан байна.

ОХУ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧДАДАА 122 МЯНГАН АМ.ДОЛЛАР ОЛГОНО

Олимпоос медаль хүртсэн тамирчдад Казахстаны Засгийн газар хамгийн өндөр шагнал буюу олимпийн аваргадаа 250 мянган ам.долларын урамшуулал олгохоор болжээ. Мөнгө, хүрэл медаль хүртсэнд 150, 75 мянган ам.долларын шагнал амласан байна. Казахстаны араас Итали, Беларусь зурэг орон удаалж байна. Беларусийн Засгийн газар тамирчдаа 150, 75, 50 мянган ам.доллараар шагнахаар амлажээ. Харин ОХУ- ын Засаг захиргаа аваргалсан та мирчинд дөрвөн сая рубль буюу ойролцоогоор 122 мянган ам.долларын шагнал хүртээх аж. Харин Украйны Засгийн газар медаль хүртсэн тамирчдадаа 85, 62, 41, Франц 69, 27, 18 мянган ам.доллараар шагнахаа зарласан байна.

ЧЕБУРАШКА ХҮҮХЭЛДЭЙГ 50 САЯ ХУВЬ БОРЛУУЛЖЭЭ

Матрёшкагаас дутахааргүй алдарт нэртэй хүүхэлдэй бол чебурашка юм. Хэдий өвлийн олимпийн бэлэгдэл болж чадаагүй ч гэлээ, чамлахааргүй тоогоор зарагдсан байна. Сочийн зохион байгууллагчид чебурашка хүүхэлдэйг 50 сая хувь зарагдсан гэжээ. Тус хүүхэлдэйн үнэ 200 рубль юм байна.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)