
Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гаригт болж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд өвлийн ордон барих асуудлыг хэлэлцсэн юм. Манай улс 1967 оноос хойш өвлийн спортод оролцож эхэлсэн ч олон улсын төвшинд үзүүлсэн амжилт бага байгаа нь материаллаг бааз, техник хангамж тааруу байгаатай холбоотой хэмээн үзжээ. Тиймээс өвлийн ордонтой болох асуудлыг шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа. Ингэснээр олон улсын жишигт нийцсэн өвлийн спортын ордонтой болох мөрөөдөл ажил хэрэг болж эхэлж байгаа юм. Түүнчлэн энэ оны Төсвийн тухай хуульд “Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийг Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дорнодын Баян-Уул, Дундговийн Өлзийт, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Цагааннуур, Увсын Тэс, Ховдын Зэрэг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Хэнтийн Биндэр, Төв аймгийн Лүн сумд хэрэгжүүлэхээр тогтсон. Энэхүү төслийн хүрээнд 16 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ус, дулаан, цахилгаан хангамж, холбоо дохиолол болон гадна шугам сүлжээний ажлууд хийх бөгөөд инженерийн шугам сүлжээний барилгын ажлыг нэг маягийн зургаар гүйцэтгэхээр болжээ. Нэг маягийн зургийн даалгаврыг Барилга, хот байгуулалтын яам боловсруулж байна. Эдгээр ажлыг холбогдох аймгийн Засаг дарга нарт нь эрх шилжүүлж, БХБЯ-наас захиалагчийн хяналтыг холбогдох аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албадтай хамтран хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Уг ажлыг орон нутагт нь шилжүүлэн хэрэгжүүлснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтад аймаг, орон нутгийн оролцоог нэмэгдүүлж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн байгууламжууд барих, үр өгөөжтэй ашиглахад aч холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)