Керри Диксон: Монголыг Чингис хаанаар төсөөлдөг байлаа

   Гуравдугаар сарын 10-ны өдөр Английн хөлбөмбөгийн “Челси” клубийнхний баяр. Лондоны баг 1905 оны энэ өдөр анх байгуулагдсан бөгөөд хоёр хоногийн өмнө “Челси”-гийн 109 насны төрсөн өдөр тохиосон. Энэ үеэр тус багийн Монгол дахь дэмжигчдийн албан ёсны клубийн урилгаар “Челси”-гийн домогт хөлбөмбөгчин Керри Диксон манай оронд хоёр хоногийн хугацаатай саатаж таарав.  Тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбоо болон Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуульд зочилсноос гадна “Челси”-гийн үнэнч фанатуудтай хамт “VLVT” клубт нэгэн үдшийг өнгөрөөсөн юм. Үнэнийг хэлэхэд түүнээс хэрхэн ярилцлага авах вэ хэмээн бодож боломж хүлээн суусан. Харин Диксон миний санаснаас тэс өөр хүн байж, хүсэлтийг маань уриалгахнаар хүлээж авч ярилцлага өгөхийг зөвшөөрсөн билээ.

-Монголд тавтай морил, энд ирэх болсон гол зорилгоо бидэнтэй хуваалцахгүй юу?

 

-Английн хөлбөмбөгийн шилдэг баг “Челси” клуб байгуулагдсаны 109 жилийн ой тохиож байгаа. Сүүлийн жилүүдэд танай оронд “Челси” клубийг дэмжигч залуусын тоо нэмэгдэж байна. Тиймээс Монгол дахь “Челси” клубийн дэмжигчдийн албан ёсны клубийн нээлтэд оролцохоор танай оронд хоёр хоног саатаад байгаа юм. Монголын хүүхэд, залуус Английн хөлбөмбөгийн "Премьер лиг”-ийн бүх тоглолтыг шимтэн үздэг гэдгийг сонссон. Танайд хөлбөмбөгт хүсэл сонирхолтой залуус олон байгаа нь анзаарагдлаа.

 

-Монголд “Челси”-гийн дэмжигчдийн клуб байгуулагдсанаар ямар ашигтай вэ?

 

-Бусад орны жишгээр “Челси” клубтэй албан ёсны харилцаа тогтоох боломжтой. Мөн “Челси”-гийн албан ёсны телевизид 20 минутын нэвтрүүлэгт Монголын хөгжөөн дэмжигчид өөрсдийн мэндчилгээгээ явуулах эрх эдэлнэ. Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн багийг Англид бэлтгэл хийлгэх, нөхөрсөг тоглолт зохион байгуулах, мэргэжлийн хөлбөмбөгчин болох дур сонирхолтой хүүхдүүдийг “Челси”-гийн академид суралцах бүх боломжийг бүрдүүлж өгөх ач холбогдолтой.

 

-Манай оронд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

 

-Монголд ирсэн миний анхны айлчлал үнэхээр сайхан байна. Танай орны ёс заншил, соёлтой танилцана гэдэг надад маш том аз завшаан.

 

-Та Монголын талаар ямар төсөөлөлтэй байв?

 

-Тийм сайн мэдэхгүй. Үнэнийг хэлэхэд Монголыг Чингис хаанаар төсөөлдөг байлаа. Хүүхэд байхдаа Чингис хааныг дэлхийг байлдан дагуулж байсныг олон удаа сонсч байсан.

 

-Тэгвэл Монголын хөлбөмбөгийн талаар хэр сайн мэдэх вэ?

 

-Бас ялгаагүй ээ. Танайд хөлбөмбөг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа гэж сонссоноос Монголын хөлбөмбөгийн талаар мэдээлэл тааруухан. Харин саяхан танай нэг хөлбөмбөгчин (А.Мөрөнг хэлэв) Тайландын мэргэжлийн багтай гэрээ байгуулсан гэдгийг FIFA-гийн албан ёсны сайтаас уншсан юм байна. Монгол дөрвөн улиралтай болохоор заалны хөлбөмбөг илүү хөгжих бүрэн боломжтой. Гэхдээ танай улс битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнтэй болсон тохиолдолд Азийн шигшээ багуудтай тэнцүүхэн өрсөлдөх цаг холгүй гэж бодож байна. Өвлийн улиралд бэлтгэл хийх цэнгэлдэх хүрээлэнтэй болох нь өндөр амжилт гаргахад нэн тэргүүнд тавигдах асуудал.

 

-Та Азиар хэр их явсан бэ?

 

-“Челси” клубийн шугамаар Азийн хэд хэдэн оронд очиж байсан. Гэхдээ Монголд ирсэн шиг ийм сайхан мэдрэмж төрж байгаагүй.

 

-Ярианы сэдвээ таны хөлбөмбөгчин байсан үе рүү хандуулья. Та хөлбөмбөгчний замналаа хаанаас эхэлсэн бэ?

 

-Миний хувьд Английн зүүн хэсгийн Лутон хотод төрсөн. Тиймээс төрсөн нутгийнхаа багаас хөлбөмбөгчин болох гараагаа эхэлсэн.

 

-Таны тоглосон анхны мэргэжлийн баг тань хаанах вэ?

 

--1980 онд 19 настай залуу “Рединг” клубтэй гэрээ байгуулж байлаа. Тэнд гурван жил тоглоод “Челси”-д очсон.

 

-“Челси”-д анх очиход үеийн-хээ хуваалцаач?

 

-Тухайн үед “Рединг” клубийн зүгээс “Челси”-гийн тавьсан ашигтай саналыг хүлээж авснаар миний хувьд “Цэнхрүүд”-ийн нэг хэсэг болсон. Би ч ялгаагүй “Челси”-д очих хүсэлтэй байсан юм. “Челси”-гийн ерөнхийлөгч байсан Кен Батес, ерөнхий дасгалжуулагч Жон Нил нар намайг багтаа элсүүлэхээс өмнө тоглолтыг маань хоёр жил ажигласан юм билээ. Тэгээд 1983 оиы зун “Рединг”-д 150 мянган паунд өгч, намайг багтаа элсүүлсэн. Тухайн үеийн 150 мянган фунт асар их мөнгө шүү.

 

-Та “Челси”-д есөн жил тоглосон. Энэ хугацаанд нийт хэчнээн тоглолтод оролцсон бэ?

 

-Лондонд есөн жил амьдрахдаа 420 тоглолтод оролцож, 193 гоол оруулсан. Энэ нь “Челси”-гийн бүх цаг үеийн гуравт орох үзүүлэлт. Одоо “Челси”-д тоглож байгаа Фрэнк Лампард, 1960-1970-аад оны үед тоглож байсан Бобби Тэмблинг нар оруулсан гоолоороо миний өмнө бичигддэг.

 

-Таныг тоглож байх үед “Челси” тийм ч хүчтэй баг биш байсан уу?

 

-Тийм ээ. Дундаж багуудын нэг байсан. Намайг тоглож байх хугацаанд хоёр удаа “Full Members Cup” тэмцээнд түрүүлснийг эс тооцвол том амжилт гаргаж байгаагүй. Үнэнийг хэлэхэд 2003 онд Роман Абрамович “Челси”-г худалдаж авснаар манай багийн сэргэн мандалтын үе эхэлсэн гэж хэлж болно. Абрамович”Челси”-г дэлхийн хэмжээний баг болгоход хөлбөмбөгчдийн төлөө асар их мөнгө зарцуулсны хүчинд “Аваргуудын лиг”, Европын цом, Английн “Премьер лиг”, лигийн цом, цомын тэмцээнд түрүүлж чадсан.

 

-Абрамовичийн хөлбөмбөгчдийн төлөө мөнгийг хайр найргүй цацдаг бодлогыг хэр зөв гэж үздэг вэ?

 

-Одоо цагт сайн хөлбөмбөгчдийг эгнээндээ нэгтгэж чадсаны үр дүнд том амжилт үзүүлнэ. Англи, Испани, Герман, Итали, Франц улсын хөлбөмбөгийн лигт асар их мөнгө эргэлдэж байдаг. Сайн тоглогчдыг авчирсан баг амжилт гаргадаг бичигдээгүй хууль одоо ч үйлчилж байгаа. Тиймээс би Абрамовичийн сайн хөлбөмбөгчинд асар их мөнгө зарцуулж байгааг буруутгаж чадахгүй.

 

“Цэнхрүүд” энэ жил улсын-хаа аваргад түрүүлж чадах болов уу?

 

-Харж л байя. Энэ жил аваргын цом гардах магадлал маш өндөр байгаа. Бидэнтэй “Манчестер Сити” клуб аваргын төлөө хамгийн хүчтэй өрсөлдөөн өрнүүлэх болов уу. Миний хувьд Жозе Моуриньогийн багт итгэж байна.

 

-“Челси”-гийн тоглогчдоос хэнийг хүндэлдэг вэ?

 

-Мэдээж багийн ахлагч Жон Терри, дэд ахлагч Фрэнк Лампард, Дидье Дрогба нарыг хүндэлдэг. Терри, Лампард нартай “Челси”-гийн ялалт, ялагдал ямагт хамтдаа байдаг. Тэд “Стэнфорд Бриж”-ийн бурхан мэт хүндлэгддэг хүмүүс. Тийм ч эрхтэй. Мөн өмнө нь “Челси”-д тоглож байсан Дрогбаг хүндлэхгүй байх аргагүй. Тэр Лондонд тоглож байх хугацаанд олон ялалтад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан гавьяатай. Магадгүй түүнийг Лондонд эргэж ирвэл “Челси”-гийн олон мянган фанатууд баярлах нь дамжиггүй.

 

-Та Лондоныг ямар шалтгаанаар орхихоор шийдсэн юм бэ?

 

-Миний хувьд маш олон удаа бэртэл авч, бүр хэдэн сараар ч талбайд тоглох боломжгүй үе олон байсан. Бэртлээс болж талбайд өнгөрүүлэх хугацаа маань ч багассан. Тиймээс 31 настайдаа “Челси”-г орхиж байлаа.

 

-Үүний дараа ямар багт очсон бэ?

 

-“Саутхэмптон”, “Уотфорд” зэрэг зургаан багт тоглоод 1997 онд албан ёсоор зодог тайлсан.

 

-Зодог тайлсныхаа дараа юу хийв?

 

-Английн хөлбөмбөгийн “Чемпионшип”-ийн “Донкастер Роверс” клубт дасгалжуулагчаар ажилласан. Гэхдээ тэнд удаагүй нэг жил л болсон. Дараа нь “Хитчин Таун”, “Данстейбл Таун” клубт хэсэг хугацаанд дасгалжуулагчаар ажиллаад больсон. Харин сүүлийн хэдэн жил “Челси”-гийн арын албанд хүчин зүтгэж байна даа.

 

-Английн шигшээ багт хэчнээн тоглолтод оролцсон юм бэ?

 

-Миний хувьд 1985-1986 оны хооронд Английн шигшээ багт нийт найман тоглолтод оролцохдоо дөрвөн гоол оруулж байсан, Миний үед алдарт хөлбөмбөгчин Гари Линекер, Дэвид Платт нар ид байсан болохоор надад шигшээ багтаа олон удаа тоглох боломж олдоогүй, 1986 онд алдарт дасгалжуулагч Роберт Робсон намайг Мексикт болсон хөлбөмбөгийн ДАШТ-д бэртэл маань бүрэн эдгэрээгүй намайг шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаасанд миний амьдралд хэзээ ч мартагдашгүй дурсамж. Мексикийн ДАШТ-ий мэргэн бууч алдарт Линекерийн оронд сэлгээгээр Польшийн эсрэг таван минут талбайд тоглосон хэдий ч надад сайхан мэдрэмж төрж байлаа.

 

-Ярилцсанд баярлалаа. Таныг Монголд дахин зочлохыг хүсье.

 

-Баярлалаа. Монгол орон надад маш их таалагдаж байна. Дахин ирнэ гэдэгтээ итгэлтээ байгаа шүү.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.194.12)

    2014-03-12

    СХД Ар Гүнтэд төрөл бүрийн фермер , төмс хүнсний ногоо, хүлэмж, жимс жимсгэнэ, газар тариалан эрхлэх боломжтой эрүүл хөрстэй эрүүл тэгшхэн 5 ГА газар яаралтай зарна. Утас: 99084179 СХД Ар Гүнтэд төрөл бүрийн фермер , төмс хүнсний ногоо, хүлэмж, жимс жимсгэнэ, газар тариалан эрхлэх боломжтой эрүүл хөрстэй эрүүл тэгшхэн 5 ГА газар яаралтай зарна. Утас: 99084179 СХД Ар Гүнтэд төрөл бүрийн фермер , төмс хүнсний ногоо, хүлэмж, жимс жимсгэнэ, газар тариалан эрхлэх боломжтой эрүүл хөрстэй эрүүл тэгшхэн 5 ГА газар яаралтай зарна. Утас: 99084179