“Реал Мадрид” аваргаа баталлаа


    Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” клуб Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн цомыг арав дах удаагаа хүртлээ. Лиссабон хотноо болсон Аваргуудын лигийн шигшээ тоглолтод “Атлетико”-г 4:1 буулган авч, аваргууд болохоо батлав. Мадридаас гаралтай хоёр баг ийнхүү аваргын төлөө өрсөлдсөн нь олны сонирхлыг татжээ. “Атлетико Мадрид”-аас Диего Годин тоглолтын 36 дахь минутад гоолын салхийг нээж, тоглолтын үндсэн цагт “Атлетико” хошуучлалаа хадгалж байсан ч тоглолтын эцсийн шүгэл дуугарахын өмнөхөн, шүүгчийн мэдлийн нэмэлт цагт, 90+3 дахь минутад Серхио Рамос тооны харьцааг тэнцүүлсэн юм. Ингээд нэмэлт цаг сунгаж, 110 дахь минутад Анхель ди Мариягийн гайхалтай дамжуулалтаар Гарет Бейл тооны харьцааг 2:1 болгож, багтаа тэргүүлэл авчирсан. Тоглолтын уур амьсгалыг өөрчилж, салхийг эргүүлсэн тэр гоолын дараагаар 118 дахь минутад Марчело гоолдож, улмаар 120 дахь минутад Криштиан Рональду торгуулийн цохилтоор тооны харьцааг 4:1 болгосноор эцсийн цэгийг тавьжээ. Испанийн лигт түрүүлж, улмаар энэ улирлын амжилтаа хос цомоор бататгах хүсэл тэмүүлэлтэй Португалийг зорьсон “Атлетико Мадрид”- ын мөрөөдөл ийнхүү төгссөн юм. Харин Аваргуудын лигийн хамгийн арвин намтартай “Реал Мадрид” дасгалжуулагч Карло Анчелоттигийн удирдлага дор 10 дахь удаагаа аваргын цом өргөлөө.

Х.Эрдэнэзаяа
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)